ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. Дэлхийн хамгийн олон орноор визгүй зорчих боломжийг олгодог хүчирхэг паспортуудыг шалгаруулдаг “Henley Passport Index”-ийн 2025 оны шинэ жагсаалтыг танилцууллаа.
Энэ онд Сингапур тэргүүн байраа эргүүлэн авсан бөгөөд тус улсын улаан паспортоор дэлхийн 227 улс орон, нутаг дэвсгэрээс 195 руу нь визгүй зорчих боломжтой байна. Жагсаалтын хоёрдугаарт Японы паспорт 193 улс руу визгүй зорчдог гэсэн үзүүлэлтээр бичигджээ.
Харин Европын Холбооны /ЕХ/ гишүүн онууд болох Франц, Герман, Итали улсууд Финланд, Өмнөд Солонгосын хамтаар гуравдугаарт жагссан байна. Эдгээр орны паспортыг эзэмшигчид дэлхийн 192 орон руу виз мэдүүлэхгүйгээр зорчих боломжтой. Жагсаалтын дөрөвдүгээрт, ЕХ-ны 425 сая гаруй иргэний чөлөөтэй зорчих эрхийг баталгаажуулсан Шенгений бүсийн "сүр хүчийг харуулж", Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Норвеги, Швед /191 орон/ гэсэн долоон улс багтсан байна.
Харин тавдугаар байрт Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцар, Их Британи гэсэн таван улс орсон бөгөөд тэдгээрийн иргэд 190 чиглэлд визгүй зорчих боломжтой. Жагсаалтын эхний 10-ын үлдсэн байруудад Европын орнууд давамгайлсан байна.
Тухайлбал, зургаадугаарт Грек, Австрали улсууд орсон бол долоодугаарт Мальта, Польш, Канад улсууд жагсжээ. Түүнчлэн наймдугаар байранд Чех, Унгар хамтдаа бичигдсэн бол АНУ, Эстони есдүгээрт жагсаж, Латви, Литви, Словени, АНЭУ удааллаа. АНЭУ бол паспортын индексийн чансаанд хамгийн өндөр ахиц дэвшил үзүүлж буй орнуудын нэг бөгөөд визгүй зорчдог орнуудынх нь тоо 2015 оноос хойш 72-оор нэмэгдэж, 32 дугаар байраас 10 дугаар байр луу ахисан байна. Өдгөө тус улсын иргэд 185 орон руу визгүй зорчиж байна.
Хятад улсын хувьд 2015 онд 94 дүгээрт бичигдэж байсан бол энэ онд 60 дугаарт жагсжээ. Монгол Улсын паспорт 66 орон руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын 75 дугаарт бичигдэж байна.
Лондон хотод төвтэй “Henley & Partners” зөвлөх үйлчилгээний фирмээс 20 дахь жилдээ танилцуулж буй энэ индексийг дэлхийн 227 улс орон, нутаг дэвсгэр рүү зорчих мэдээлэлд тулгуурлан гаргадаг юм. Жагсаалтын хамгийн сүүлд буюу 106 дугаар байрт Афганистан /26 орон/ дахин бичигдсэн бөгөөд визгүй зорчдог орнуудын тоо жилийн өмнөхөөс хоёроор цөөрсөн байна. Тус улсын өмнө Сири /27/, Ирак /31/ улсууд 105, 104 дүгээрт тус тус оржээ. Ингэснээр чансааны эхэнд болон сүүлд бичигдэж байгаа орнуудын иргэдийн аялах эрх чөлөөний ялгаа урьд хожид үзэгдээгүй түвшинд хүрч нэмэгдсэн байна.
“Henley Passport Index” жагсаалтын эхний 10 байр:
1.Сингапур (195)
2.Япон (193)
3.Франц, Герман, Итали, Испани, Финланд, Өмнөд Солонгос (192)
4.Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Швед, Норвеги (191)
5.Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцар, Их Британи (190)
6.Грек, Австрали (189)
7.Канад, Польш, Мальта (188)
8.Унгар, Чех (187)
9.Эстони, АНУ (186)
10.Литва, Латви, Словени, АНЭУ (185)
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Эдгээр улсын паспортыг авч 190 улс руу визгүй сайхан зорчих юмсан.