sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн”-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.
 
Тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо ирэх сарын 19-23-нд болно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжиж манай хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудсан. Тэд багагүй хугацаанд бэлтгэл хийн, МҮОХ-ны байранд байрлаж нэг баг болж, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Эрчим”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” клубүүдтэй нөхөрсөг тоглолтууд хийсэн. Энэ тоглолт болон бэлтгэл дээр өөрийгөө харуулсан, өөрийн арга барил, ур чадвараа багтаа нэгтгэж чадаж байгаа шилдэг 23 тоглогчийг шигшээ багт албан ёсоор багтааж авлаа.
 
 
Монголын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Атлетик 220”, “Хоромхон”, “Эрчим”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Унаганууд”, “Улаанбаатар сити” гэсэн клубүүдэд тоглодог хамгийн шилдэг тоглогчид бүрдүүлж байгаа.
 
Герман дасгалжуулагч Майкл Вайсс "Би шигшээ багтаа сэтгэл хангалуун байна. Манай тоглогчдод авьяас бий. Бид богино хугацаанд чамлахааргүй ахиц гаргасан. Урт хугацаанд тогтмол бэлтгэлтэй байвал цаашид амжилтанд хүрэх бүрэн боломж байна" гэж онцлов.
 
Манай шигшээ баг “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий “H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсуудтай өрсөлдөнө. Тэмцээнээс өмнө БНСУ-д нэгдсэн бэлтгэл хийхээр ирэх сарын таванд эх орноосоо мордох юм.  Мөн энэ сарын 27-нд Монгол дахь легионеруудтай нөхөрсөг тоглоно.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг