sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурал дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Их хурлын таван салбар хуралдааны нэг болох “Монголын түүх судлал”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож, “Түүхийн судалгаан дахь Монголын газрын зураг” сэдвээр илтгэл тавьлаа.
 
Уг илтгэлд П.Цагаан Монголын хил хязгаар түүхийн нугачаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан газрын зураг цуглуулдаг, энэ талаар сонирхон судалдаг тухайгаа дурдав. Энэ утгаараа Монголын газрын зураг бол түүх соёлын өв юм. Тэрбээр хэлэхдээ Монголын газрын зураг түүхэн явцад олонтаа өөрчлөгдсөн бөгөөд энэ өөрчлөлтийг харуулсан мэдээллийн бааз, архив, музей байгуулах санаачлага дэвшүүллээ. Өмнөд хойд хөршөөс гадна гадаадын бусад улс орны музейд Монголын газрын зурагтай холбоотой мэдээлэл байдаг. Энэ бүхнийг нэгтгэн музей байгуулбал иргэдэд сонирхолтой, эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээний ажилд тустай зүйл болно хэмээв.
 
Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголын газрын зургийн цуглуулгынхаа дээжээс хуралд оролцогчдод сонирхуулав.