sonin.mn
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын МАХН-ын түүхт 100 жил, Онц Их хурлын 10 жилийн  ойгоор хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
 
МАХН-Бүтэн нэр, Бүтэн түүх
 
 
Одоогоос яг 10 жилийн өмнө Зоригтнууд Монгол Улсын өнцөг булан бүрээс зүрх сэтгэлийн дуудлагаараа Улаанбаатар хотод хуран цугларч МАХН-ын Онц Их хурлыг хуралдуулсан билээ. Тэд өөрсдийнхөө тухай аминч бодолд хөтлөгдөн ирээгүй, харин бусдын төлөө санаа зовсон зүрхнийх нь цохилт хонх лугаа адил чанга цохилж сэрээсэн тул өвлийн хүйтнийг ажралгүй, замын холоос эмээлгүй, албан тушаалтнуудын дарамт шахалтаас айлгүй Улаанбаатар хотод МАХН-ын нэрийг бүтнээр нь авч үлдэх гэж цугларсан.
 
 
МАХН-ын бүтэн нэр:
 
-Монгол
-Ардын
-Хувьсгалт
-Нам гэсэн дөрвөн үгнээс бүрдэнэ.
 
Монгол гэдэг нь эвтэй, хүчтэй гэсэн утга санааг илэрхийлсэн, эзэн Чингисийн ард түмэндээ хайрласан, нийт Монголчуудын хамгийн оновчтой, хамгийн нандин Нэр-Овог мөн.
Ардын гэдэг нь ямагт ард түмэнтэйгээ хамт байхыг нотолсон, хамт байхыг сануулсан утга санаа мөн.
Хувьсгалт гэдэг нь эрч хүчтэй хөгжих, үргэлж шинийг эрэлхийлэх, ирээдүй рүү тэмүүлэх эр зоригийг илэрхийлсэн, ямагт залуугаараа байхын уриа дуудлага мөн.
Нам гэдэг нь үзэл санаа, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдсэн эрхэм журмын нөхөд бусдын сайн сайхны төлөө хамтдаа зүтгэхээр өргөсөн ёс зүйн тангараг мөн.
Эдгээр үг хамтдаа байж бүтэн нэр болно. МАХН-ыг үүсгэн байгуулагчид тэртээ 1921 оны 3 сард их хурлаа хуралдуулан намаа зохион байгуулахдаа дотооддоо Монгол Ардын Нам, гадаадад Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн хоёр нэртэй байхаар тогтсон байдгийг түүхийн баримт нотолно. Харин 1925 онд зэрэг хэрэглэж байсан энэ хоёр нэрийн МАХН гэснийг нь дангаар нь авч үлдэж цаашид үргэлжлүүлэн хэрэглэхээр болсон нь гүн гүнзгий утга учиртай. МАХН гэсэн бүтэн нэр бол 100 жилийн турш тасралтгүй хэрэглэж байгаа эрхэм нэр мөн.
Тийм учир Та бид 2021 онд нийт ард түмэнтэйгээ хамт МАХН-ыг үүсгэн байгуулсаны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа юм. Энэ сайхан завшааныг ашиглан Та бүхэндээ, нийт Монголчууддаа энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан халуун баяр хүргэж, улс орон маань хөгжин дэвших, хүн ардын маань амьдрал өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
 
Монгол Улсад хүн бүрийн танил болсон Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн энэ дөрвөн үг Монгол Улсын 20 дугаар зууны бүтэн түүхийг агуулна. Монгол Улсын 20 дугаар зууны бүтэн түүх:
 
-Тусгаар тогтнолоо сэргээх гэж амь насаараа дэнчин тавьсан өвөг дээдсийн баатарлаг тэмцэл,
-Хүн ардыг бичиг үсэгтэй болгох гэсэн эрдэмт багш нарын уйгагүй зүтгэл,
-Ард түмнийг эрүүл саруул болгох гэсэн ачит эмч нарын асар их хариуцлагатай үйл ажиллагаа,
-Хот суурин газрууд, олон арван үйлдвэрийг сүндэрлүүлэн босгосон инженер, ажилчдын нөр их хөдөлмөр,
-Ард түмнийг хоол хүнсээр хангах үүргээ гадаа гандаж, хөдөө хөрсөн ч нэр төртэй биелүүлсээр ирсэн малчид, газар тариаланчдын халуун сэтгэл, шавхагдашгүй их зориг тэвчээр зэргийг бүгдийг багтаана.
Энэ бүтэн түүх алдаа, амжилт, алдар гавьяаны аль алийг нь ч багтаана.
Янз янзаар тайлбарладаг 20-р зууны хэлмэгдүүлэлт яахын аргагүй том алдаа, нөхөж баршгүй хор хохирол мөн.
Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт хот, Дархан хот, Эрдэнэтийн үйлдвэр, Цахилгаан станцууд, Их, дээд сургуулиуд бүгд нийт ард түмний маань хөлсөө дуслуулан байж бүтээж гүйцээсэн их үйл хэрэг мөн.
 
 
 
Монголчууд Та бид чухамхүү 20 дугаар зуунд Тусгаар тогтнолоо сэргээж чадсан. Энэ бол зуу зуу, мянга мянган аавын хөвгүүд, ээжийн охид амь насаа алдаж, цусаа урсган байж байгуулсан мөнхийн гавьяа. Энэ бол үеийн үед дурсагдаж байх ёстой үнэлж баршгүй гавьяа мөн.
 
 
 
Энэ их үйл хэргийг бүтээхэд юуны түрүүн МАХН-ын гишүүд манлайлан зүтгэсэн юм. Тийм ээ, тэд Монгол Улсаа хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхуулахын тулд Ардын хувьсгал, Аж үйлдвэрийн хувьсгал, Соёлын хувьсгал хийсэн. Тэд алдсан ч хийж бүтээснийг нь бүтнээр нь бүгдийг нь түүхийн дэнсэн дээр тавиад үзвэл оносон нь илүү. Тэд намынхаа бүтэн нэрийн Хувьсгалт гэдэг үгийг Монгол Улсаа эрч хурдтай хөгжүүлэх “ёс суртахууны ташуур” хэмээн үзэж хувьсгалчид шиг амьдарч тэмцсэн. Тэд ард түмнийхээ сайн сайхны төлөө нойроо хасаж, хоолоо дундалж, улаан батлахаа энгэртээ хадгалж, чин сэтгэлээсээ зүтгэсэн.
МАХН-ын 100 жилийн ойг тохиолдуулан тусгаар тогтносон Монгол Улсыг урсгасан цусаараа гагнан, дуслуулсан хөлсөөрөө услан цогцлоон босгож өнөөгийн үеийн Та бидний гарт бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмад үеийнхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж байна.
Харамсалтай нь МАХН гэсэн бүтэн нэрийг намын жирийн гишүүд, дэмжигчдийн саналыг сөрөн цөөн тооны албан тушаалтнууд хагас нэр болгон өөрчлөн зэрэмдэглэсэн. Тэд нэр хугаслаад зогсохгүй Монголын түүхийг хагасалсан. Тэд намын нэрийг  өөрчлөөд зогсохгүй Монголын төрийг хугасалсан. Ингэснээр МАНАН хэмээх аймшигт үзэгдлийг амилуулан бий болгосон.
Ийм аймшигт үзэгдэл бий болж Монголын ард түмний эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулна, шударга ёс алдагдана гэдгийг урьдаас олж харсан эх орончид, эр зоригтнууд 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр улсын нийслэл Улаанбаатар хотод сэтгэлийн дуудлагаар хуран цугларч МАХН гэсэн бүтэн нэрээ авч үлдсэн түүхтэй. Гэхдээ МАХН нэрийг зөвхөн МАХН-ын гишүүд, дэмжигчид дан ганц өөрсдийн санаачилгаар авч үлдээгүй. Бид энэ бүтэн нэрийг нийт Монголын ард түмний захиа даалгаврын дагуу авч үлдсэн юм. Монголын ард түмэн МАХН-д МАНАН-гийн эсрэг тууштай тэмцэхийг даалгасан юм.
 
 
 
Ард түмнийхээ энэ чухал захиа даалгаврыг биелүүлэхийн төлөө өнөөгийн МАХН-ын гишүүд, дэмжигчид хэцүүд бууж өгөлгүй, өөрсдийн төлөө биш харин бусдын төлөө гэсэн сэтгэлээр зоригоо чангалан тууштай тэмцсээр ирлээ.
 
 
 
МАНАН бий болсноор байгалийн баялаг гадаад, дотоодын олигархуудын гарт очсон. 40 сая тонн зэс, 2000 тонн алт, 6000 тонн цалин цагаан мөнгө буюу нийтдээ өнөөгийн зах зээлийн ханшаар 400 тэрбум ам.долларын баялаг бүхий Оюу толгойн ордыг МАНАН-гийн жинхэнэ эзэд болсон гадаад, дотоодын олигархууд үгсэн хуйвалдаж үнэгүй шахуу авсан. Тэд энэ ордыг гадныханд үнэгүй өгөөд зогсохгүй Монголын ард түмнийг хэдэн үеэр нь хооллон тэжээх боломжтой их баялгийг харийнханд зүгээр өгөхдөө Монголын ард түмнийг хэдэн үеэр нь өрөнд унагасан.
МАХН Оюу толгойн ордыг Монгол Улсад ашигтай, Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгахын тулд, гадныхны гар хөл болсон МАНАН-гийн луйварчдын санаатайгаар хийсэн гэмт үйлдлийг таслан зогсоохын төлөө тууштай тэмцэж ирсэн. Яг одоо МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар Оюу толгойн ордын гэрээг өөрчлөн засах, Дубайн гэрээг хүчингүй болгох шударга шаардлага дэвшүүлж, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, МАХН-ыг үүсгэн байгуулагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд өлсгөлөн зарлан сууж байна. МАХН-ын мянган мянган гишүүд, дэмжигчид МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарын тавьж байгаа шудрага шаардлагыг халуунаар хүлээн авч дэмжихийг нийт Монголчууддаа хандан уриалж байна.
“Оюу толгойн гэрээ” бол 21 дүгээр зууны хамгийн том луйвар. Энэ луйврын гэрээг засаагүй цагт Монголын хувь заяа гадныхны гарт байсаар байх болно.
 
МАНАН бий болсноор:
 
Шударга ёс алдагдаж, МАНАН-гийн эрх баригчид шударга бусын хонгил болсон шүүхэд даалгавар өгч Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн ордуудад эзэгнэн суусан гадаад, дотоодын олигархуудын эсрэг үг хэлсэн, тэмцсэн хүн бүрт хилс хэргээр ял тулган эрх, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдсаар ирлээ. МАХН-ын олон гишүүн шударга бусын хонгилоор чирүүлж, амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирсон.
МАНАН бий болсноор ард түмэн сонгох, сонгогдох эрхээ алдаж, МАНАН-гийнхан ард түмнийг санаатайгаар ядуу зүдүү байлгаж, хулгайлсан мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг ядарсан хүмүүсийн саналыг худалдан авах бохир аргаар луйврын сонгууль зохион байгуулж бохир гартай, бохир сэтгэлтэй, бохир үйлтэй хүмүүс Монгол төрийн сэнтийг бохиртуулж байна.
МАНАН нүүр царайгаа сольж эгэл жирийн гэнэн цагаан сэтгэлтэй түмэн олныг хууран мэхэлсээр ирлээ. Үнэн хэрэгтээ МАНАН өнөөдөр ч хэвээр байна.
 
Үүний баталгаа:
 
-“Оюу толгойн гэрээ” өөрчлөгдөхгүй, “Дубайн гэрээ” хүчингүй болохгүй байсаар байна. МАНАН-гийн олигархууд энэ их баялгийг харийнханд найр тавин өгсөн тул эгэл жирийн монголчуудын өр өдөр хоног өнгөрөх тусам өсөн нэмэгдэж байна.
-Шударга бусын хонгил болсон шүүгчид МАНАН-гийн захиа даалгавраар ард түмнийг хэлмэгдүүлэн ялласаар, эрх чөлөөнд нь халдсаар, өмч хөрөнгийг нь булаан дээрэмдсээр байна. МАНАН-гийнхан хоорондоо эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөө хуваалцаж чадахгүй хэрэлдэн маргалдахдаа нэг нэгийгээ илчлэн хэлж байгаа үгнүүд энэ бүхнийг давхар баталж байна.
-МАНАН-гийнхан сонгуулийг шударга өрсөлдөөн, эрх баригчдыг солих боломж болчихвий гэдгээс үнхэлцгээ хагартлаа айж, хоорондоо үгсэн хуйвалдаж, өөрсөддөө ашигтай сонгуулийн хууль батлан гаргаж, бусад нам, түүний дотор ямагт ард түмэнтэйгээ хамт, ард түмнийхээ төлөө байдаг МАХН-ыг адлан гадуурхаж, элдвээр хавчин шахаж Үндсэн хуульд тогтоосон “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хэвээр байна.
 
 
 
МАХН ба МАНАН хоёр хоорондоо тэнгэр газар мэт ялгаатай Тэд буюу МАНАН-гийнхан хүн ярьж, хов хөөцөлдөж нийгмийг талцуулан хагаралдуулж, бузар булай үйл ажиллагаагаа нуун дарагдуулж, өнөөгийн гаж тогтолцоог хамгаалан авч үлддэг муу аргатай. Харин Та бид буюу МАХН хүн ярих, хов хөөцөлдөхөөсөө илүү шударга ёсыг эрхэмлэж, эе эвийг хичээж, өнөөгийн гаж тогтолцоог бүхлээр нь засахыг зорьдог.
 
 
 
Өвөг дээдсийнхээ эр зориг, ухаан бодол, алсын харааг өвлөн авсан, улс орноо хөгжүүлж, ард түмнийнхээ амьдралыг амар амгалан, элбэг дэлбэг болгох зорилго дэвшүүлсэн МАХН-ын гишүүд дэмжигчид Та бид МАНАН-гийн эсрэг тэмцэж байгаа улс төрийн бусад нам, эвсэл, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран МАНАН-гийн тогтоосон гаж тогтолцоог өөрчлөн засах бодлогоо дараах байдлаар тодорхойлж байна.
НЭГ. Өнөөдөр хараа хяналтгүй, хариуцлагагүй УИХ-ыг 2 танхимтай парламент болгон өөрчилж, Дээд танхимыг нь нам бус зарчмаар сонгогдсон гишүүд, Доод танхимыг нь намын жагсаалтаар сонгогдсон гишүүдээр тус тус бүрдүүлж ард түмний болон нэг нэгийнх нь хяналтанд оруулж хууль тогтоох байгууллагыг ажиллуулах нь зөв шийдэл болно.
ХОЁР. Намын нэрийн өмнөөс, эсхүл нам бус иргэдийн дэмжлэгээр нэр дэвшиж, ард түмний шударга сонголтоор сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалыг тэргүүлж ажиллах нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай хутгалдахгүй байх, нэг нэгийгээ хянах боломжийг олгоно гэж үзэж байна.
ГУРАВ. МАНАН-гийнхан томилж даалгавар өгдөг шүүхийн гаж тогтолцоог бүрмөсөн халж ард түмний сонгогдсон шүүгчдээр хараат бус шүүхийг бүрдүүлэх нь Шударга ёс сэргэн тогтох, ард түмний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө, амьдрал найдвартай хамгаалагдах бодитой нөхцлийг бий болгоно.
ДӨРӨВ. Аливаа ардчилсан улс орны амин чухал асуудал бол ард түмний эрх, эрх чөлөөг цогцоор нь хамгаалах явдал мөнөөс мөн. Ард түмэн сонгосон гишүүдтэй Хүний эрхийн байгууллага Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай эн тэнцүү эрх мэдлийг эдэлж, иргэдээ тэдний хууль бус ажиллагаанаас хамгаалдаг болох нь Монгол хүн улс орондоо эзэн байх гол нөхцлийг бүрдүүлнэ.
ТАВ. Сүүлийн 30 жилийн турш өөрсөддөө зориулан хууль гаргаж, хэний ч оролцоогүй бий болсон байгалийн баялгийг хулгайлсан цөөн тооны хэдэн хүн гадныхантай хуйвалдан хагартлаа баяжиж, эгэл жирийн ард түмний ихэнхийг идэх хоолгүй, орох оронгүй, хийх ажилгүй, олох орлогогүй байлгаж байгаа гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд байгалийн баялгийг ард түмний дундын хамтын өмч болгох нь зүйтэй. Энэ тулгамдсан зорилтыг ийнхүү шударгаар шийдвэрлэснээр Монгол Улсад ядуурал алга болно, залуучууд өндөр боловсрол олж, нарийн мэргэжил эзэмшинэ, хүн бүр эрүүл саруул байх нөхцөл бүрдэнэ, өрх бүр орон сууцтай болно, иргэд ажилтай, тогтмол баталгаатай орлоготой болно.
 
Эрхэм хүндэт Монгол ахан дүүсээ!
 
МАХН-аас дэвшүүлж байгаа эдгээр зорилго цогцоороо хэрэгжсэнээр өнөөгийн МАНАН-г тэтгэн тэжээж байгаа гаж тогтолцоо устан арилж, шинэ зөв тогтолцоо бат бөх тогтоно. Энэ их ариун үйл хэргийг эхлүүлэхийн тулд луйврын сонгуулиар гарсан МАН-ын үнэмлэхүй олонхи суудал бүхий өнөөгийн УИХ тарж, “Монгол ялна” гэсэн уриагаа мартаж МАНАН-г хэвээр нь хадгалан авч үлдсэн Ерөнхийлөгч хугацанаасаа өмнө огцрохыг шаардаж байна.
МАН-ын УИХ-ын гишүүд ард түмнийг хууран мэхлэх бузар хэрэгт санаатай болон санамсаргүй оролцсон тул УИХ-ын сонгуульд, МАНАН-г шударга бус хонгилын шүүхтэй нь, луйврын сонгуультай нь хамгаалж хадгалсан, байгалийн баялагийг ард түмэнд өгөхийн оронд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “нийтийн” гэсэн тодотголтой болгон гадаад, дотоодын олигархуудын өмчлөх, эзэмших эрхийг улам өргөжүүлэн баталгаажуулсан Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн сонгуульд аль аль нь нэр дэвших эрхгүй гэдгийг мэдэгдэж, Та бидний энэ байр суурийг шударга Монголчууд дэмжихийг уриалж байна.
 
 
 
МАНАН-гийн суурь болсон, хугасалсан нэртэй МАН ард түмний итгэлийг алдсан учир улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий Их Хуралдай байгуулж шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулан өнөөгийн гаж тогтолцоог шинэ зөв тогтолцоогоор солих, Монголын төр засгийг гагцхүү ард түмний шударга сонголтоор эмхлэн байгуулж засан тохинуулах ажлыг цаг алдалгүй хийхийг нийт ард түмэндээ хандан уриалж байна.
 
 
 
Өвөг дээдсийн маань шүтээн болсон Дээд хөх тэнгэр, монголчуудын нэг хэсэг нь шүтэн дагадаг Бурхан багш, Ертөнцийн эзэн, Аллах тэнгэр ийм мэргэн сонголт хийх боломжийг Монгол хүн, Монгол айл, Монголын ард түмэнд өдөр бүр олгож байна.
Эс тэгвээс шударга ёс эвдэгдэнэ, хэт баяжсан цөөнхи ба хэт ядуурч хоосорсон олонхи гэсэн нийгмийн хагарал улам бүр гүнзгийрч нэгэн цул байх ёстой эвтэй Монгол Улс маань хэврэг шаазан мэт хагаран бутрах аюул занал бодитойгоор нүүрлэн ирлээ.
Эрхэм хүндэт Монгол ахан дүүсээ,
Монголчууд Шударга байхдаа эвтэй, Эвтэй байхдаа хүчтэй шүү. Өвөг дээдсийн амь насараа баталсан энэ ариун захиасыг өнөөгийн Монгол хүн бүр зүрх, сэтгэлдээ сийлэн хадгалж, үеийн үед өвлүүлэн үлдээхийн тулд өөрөө эр зоригоо үзүүлэн бусдыг үлгэрлэн манлайлж, гаж тогтолцоог зөв тогтолцоогоор солих их үйл хэрэгт хувь нэмрээ оруулах ёстойг анхааруулан сануулъя.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Монгол Улс, Монголын ард түмэн мандтугай!
 
Намбарын Энхбаяр