sonin.mn

Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг агаарын чанарын индексийн мэдээгээр тодорхойлсоор хэдэн жилийн нүүр үзэж буй. Энэхүү мэдээг гаргахын тулд нийслэлийн хэмжээнд цөөн хэдэн байршилд тусгай тоног төхөөрөмж байрлуулсан байдаг. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний төвийн агаарын чанарын мэргэжилтэн Ц.Дэлгэрмаагаас тодруулсан юм.

 

-Агаарын чанарыг то­дорхойлоход тусгай тө­хөө­рөм­жөөс гадна ямар арга хэ­рэглэж  байна?

-Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг хэмжигч арван байршил байдаг. Эд­гээрээс найман байршилд автомат төхөөрөмж суу­рилуулсан. Тухайлбал, Ба­руун дөр­вөн зам, 13 дугаар хо­роолол, 100 айл, Ургах наран хороолол. Харин Хайлааст, Дамбадаржаа, Офи­церуудын ордон, нэг­дүгээр хороололд бид өөрсдөө очиж, хэмжилт хийдэг. Өдөр бүр агаарын бохирдлын хэмжээг тог­тоохын тулд автомат тө­хөөрөмжөөс 15 минут ту­тамд ирсэн мэдээг нэгтгэн, дүгнэлт гаргадаг юм.

-Эдгээр байршлаар нийс­лэлийн агаарын бо­хирдлыг бүрэн шинжлэх боломжтой юу. Дүүрэг бүрт энэ тө­хөөрөмжийг суурилуулах боломжгүй гэж үү?

-Хэдийгээр нийслэлийн олон хэсэгт агаар хэмжигч автомат хэмжигч байх шаард­лагатай ч одоогоор  энэ бүхнийг хэрэгжүүлж ча­­дахгүй байгаа. Хөрөнгө мөн­гөний асуудлаас шалт­гаалж, тийм боломж одоо­гоор алга. Гэхдээ дээрх байрш­луудаар нийслэлийн агаар ямар түвшинд бай­гааг мэдэх боломжтой. Тод­руулбал, Баруун дөрвөн зам орчимд авто машинаас га­рах хорт хийг, Хайлааст, Дамбадаржаа гэр хо­роо­лол дундах агаарын бо­хирдлыг, Офицеруудын ордон орчмоос байшин хо рооллын агаар, “Монгол газар” компанийн хашаан дахь  төхөрөмжөөр  үйлд­вэрээс шалтгаалсан хорт хийн хэмжээг тодорхойлж, ирүүлдэг гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн бүх хэсэгт  тө­хөөрөмж байр­луу­лах шаард­лагагүй, тийм  боломж ч одоогоор алга байна.

-Гэхдээ  зарим тохиол­долд индексийн мэдээ гүй­цэд гараагүй байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм тохиолдол байдаг нь үнэн. Агаар хэмжигч автомат төхөөрөмж заримдаа гэмтэж, эвдэрдэг. Энэ үед мэдээ ирэхгүй, тасалддаг гэж болно. Бусад тохиолдолд мэдээ тогтмол хугацаандаа ирсээр л байгаа. Цаг агаа­рын ямар ч үед агаарын ча­н­ар тодорхойлогдож байх жишээтэй.

-Агаарын чанарыг то­дорхойлох нэлээд хэдэн бодис бий. Нийслэлийн агаа­рын хэмжээ бол хэт өндөр гарч, ихэнхдээ “Аюул­тай” түвшинд байна. Яг стандарт хэмжээ нь хэд байвал хэ­вийн гэж үздэг вэ?

-Олон улсын стандартад агаарт байх бодисуудын хэм­жээг тогтоож өгсөн байдаг. Түүнчлэн манай улсын агаа­рын чанарын техникийн ерөнхий шаардлагад ч энэ талаар нарийн зааж өгсөн. Яг өнөөдрийн тухайд нийслэлийн агаарын чанар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин өндөр байна. Өөрөөр хэлбэл, “Аюул­тай”, “Маш муу” түвшинд хүрсэн. Тухайлбал, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж нь 20 мкг/м.куб байх ёстой бол манайд 30-аас дээш, азотын давхар исэл 40 мкг/м.куб бол 75-180 хүрэх үе ч байгаа юм. Энэ мэтчилэн нийслэлийн агаарын чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин  илүү муу байдаг.

-Агаарын хорт бодисын агууламжийг бууруулах, ир­гэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зам байна уу. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр нь түүхий нүүрсний болон авто ма­шины утаа юм. Ялангуяа өвлийн улиралд энэ үзүүлэлт бүр өндөр гардаг. Гэхдээ зуны улиралд ч ялгаагүй  агаар хорт бодисоор дүүрэн байдаг. Энэ нь авто машины тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Агаарын чанарын индек­сийг тодорхойлж эхэлс­­нээс хойш эдгээр хорт бо­дисоос өөрийгөө хам­гаалах зөвлөмжийг гар­гасан. Хамгийн энгийн жи­шээ татахад агаарын бо­хирдлын  хэмжээ өндөр байх өглөө, оройд маск зүүж хэвших хэрэгтэй. Түүнчлэн амьсгалын замын өвчтэй бол аль болох энэ үеэр гэртээ байх нь зүйтэй юм.

Эх сурвалж: "Өглөөний сонин"