sonin.mn
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Н.БАЯРХҮҮТЭЙ Монгол Алтайгаас илрүүлсэн эртний булшны талаар голлон ярилцлаа.
 
-Саяхан сонин хэвлэл, цахим сайтад “Солонгосын судлаачид Монгол Алтайн нуруунаас 2000 орчим жилийн өмнөх мумми оллоо” гэсэн мэдээг нийтэлсэн. Энэ нь хэр бодит мэдээлэл болох талаар ярилцлагаа эхэлье?
 
-Тухайн мэдээлэл олны анхаарлыг татлаа. Тэгэхээс ч аргагүй юм. Энэ нь Монгол, Солонгос хоёр улсын хамтарсан төслийн хүрээнд хийсэн судалгааны ажил юм. Тодруулбал, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаачид БНСУ-ын Үндэсний соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн судлаачидтай хамтран хэрэгжүүлж буй “Соёлын өвийг хадгалж, хамгаалах нь” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Хар салаа голын хөндий, Шивээт хайрхан уулын баруун биед малтлага судалгааны ажлыг өнгөрсөн онд хийлээ. Энэ оны хувьд төслийн баг тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 10-ны хооронд малтлага судалгаа хийж, нийт таван булш малтаж судалсан. Судалгааны бүрэлдэхүүнд Монголоос хээрийн судалгааны ангийн удирдагчаар манай салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Н.Батболд, эрдэм шинжилгээний ажилтнаар Д.Батсүх, Н.Баярхүү, сэргээн засварлагчаар археологийн судалгааны салбарын ажилтан Н.Нандинцэцэг нар оролцсон. Солонгосоос Үндэсний соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн судлаачид ажилласан юм.
 
-Тухайн газарт аль цаг үед холбогдох ямар булш малтан судалсан гэсэн үг вэ?
 
-Тус газарт төмөр зэвсгийн түрүү үед холбогдох Пазырыкийн соёлын хүрээний булшнуудыг малтан судлах явцдаа зэрэгцэн орших өөр цаг үед холбогдох зарим нэг булшнаас сонгож малтсан нь энэ жилийн хувьд өмнөх жилээс онцлогтой байлаа. Тухайлбал, төмөр зэвсгийн үеийн Пазырыкийн соёлд хамаарах хоёр булш малтан судалсан бөгөөд ойр орчимд байх жижгэвтэр хэмжээтэй хэд хэдэн булшнаас гурвыг малтан судалсны нэгээс огт хөндөөгүй дээл хувцастай, хагас занданшсан хүний оршуулга илэрсэн.
 
-Яг ямар хэлбэрийн булш байсан бол?
 
-Энэ тухай сонин хэвлэлийн мэдээнд мэр сэр дурдсан байсан. Энэ булшны дараас нь бага зэрэг овгор боловч 4.8x3 метр орчим хэмжээтэй, хөрсөн дээр нэлээд зууван хэлбэртэй, дараасны захыг арай том чулуугаар тойруулан хүрээлсэн байдалтай байв. Мөн 1.4 метр орчим гүнд байгалийн хавтгай чулууг эгнүүлэн тавьж хийсэн хайрцаг дотор хүнээ толгойгоор нь зүүн хойд зүгт хандуулан, дээш харуулж тэнэгэр байдлаар хэвтүүлсэнбайсан. Газрын хөрсөнд төдий гүн биш боловч чулуун хайрцганд тавьсан тул биеийн зарим хэсэг нь хадгалан үлдэж хатаж занданшсан байв. Урьдчилсан байдлаар насанд хүрсэн эрэгтэй хүн гэдгийг тогтоогоод байгаа. Цаашдаа лабораторийн шинжилгээгээр нас, үхлийн шалтгаан зэргийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
 
-Хувцас, өмсгөлийн тухайд та мэдээлэл өгнө үү. Эрдэмтэн, судлаачид янз бүрээр тайлбарлаж байх шиг байна?
 
-Өмсгөсөн хувцасны тухайд хүний цээж орчмоор нэлээд сайн хадгалсан боловч хөл талд маш их муудаж тодорхой мэдэх зүйлгүй болсон ба дунд чөмөг, шилбэний ясан дээгүүр торго, даавууны өөдөс төдий зүйлс үлдсэн байна. Энэ нь чулуун хайрцаг дотор цээж орчмоор шороо ороогүй, хөндий зайтай хэвээр байсан нь хадгалагдаж үлдэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн бололтой. Цээжин хэсэгт буй хувцсыг анх хөх торгон даавуугаар хийсэн нь өнгөө алдаж одоо ногоовтор, бор өнгийн ижил материалаар эмжсэн нь бор шар өнгөтэй болсон шиг байна. Өвөр талдаа зөв тийш бага зэрэг зөрүүлсэн энгэртэй болох нь маш тодорхой харагдсан. Хүний нүүр дээгүүр нарийн, ногоон өнгийн эмжээр даавуу үлдсэн нь малгайных байв. Хэдийгээр хүний тавилт анхны байдлаараа огт хөндөөгүй боловч хувцас хэрэглэлийн тухайд ус чийг, хөрсний нөлөөгөөр харилцан адилгүй хадгалагдан үлджээ. Хүний толгойн орчмоос бог малын сүүлний хэдэн үе илэрснээс өөр ямар нэг эд өлгийн зүйл олдоогүй.
 
Урьд өмнө ийм булш олдож байсан уу. Энэ нь эсвэл анхны тохиолдол уу?
 
-Чулуун хайрцганд хүнээ хувцастай нь оршуулж улмаар хагас занданшиж үлдсэн ийм оршуулга илэрсэн нь манай улсын хэмжээнд анхны тохиолдол биш юм. 2015, 2016 онд Франц Улсын Үндэсний судалгааны төв ба Францын Үндэсний байгалийн түүхийн музейн судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Алтайн түрүү ба түүхэн үеийн оршин суугчдын цогц судалгаа” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг, Бургастын голын хөндийгөөс үүнтэй ижил төстэй 20 гаруй булш олж илрүүлэн малтаж судалсан. Энэ хоёр булшнаас яг ижил өнгө, материал, загвар, хийцтэй хувцас, мөн малгай зэргийг илрүүлэн олсон бөгөөд одоогоор хувцас, хувцасны материалын судалгааг хийж байна.
 
-Бургастын голын булшнууд хэдий үеийнх вэ. Он цагийн талаар судалгаа хийсэн үү?
 
-Бургастын голын булшнуудад судалгаа хийсэн. С14-ийн шинжилгээгээр эдгээр нь  НТ II-IV зуун буюу Сяньбийн үед холбогдох нь баттай болохыг тогтоосон.
 
-Тэгвэл Шивээт хайрханы булш Сяньбийн үеийн булш гэсэн үг үү?
 
-Тийм. Сяньбийн үеийнх гэж хэлж болно. Бургастын голын булшны бүтэц зохион байгуулалт, илрүүлсэн хувцас, өмсгөлтэй харьцуулж үзэхэд Шивээт хайрханы дээрх булшны харьцангуй он цаг үндсэндээ тодорхой болж байгаа боловч одоогоор лабораторийн урьдчилсан шинжилгээгээр харьцангуй он цагаас арай урагш буюу НТ I-II зуунтай холбогдож болзошгүй байна. Гэхдээ одоогоор лабораторийн илүү нарийвчилсан судалгааны үр дүн гараагүй тул эцэслэн 2, хэлэхэд эрт байна.
 
Б.Даариймаа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин