сонин mn
ЙЕРУСАЛИМ. /The Times of Israel/. Америкийн “Pfizer” компанийн коронавирусний вакцин эмнэлзүйн туршилтынхтайгаа ижил үр дүн үзүүлж байгааг уг вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн хүмүүсийг хамруулсан дэлхийн анхны судалгаа харуулжээ.
Израилын “Maccabi Healthcare Services” байгууллагын мэдээлснээр, “Pfizer”-ийн вакцины хоёр дахь тунг хийлгэснээс долоо хоногийн дараах байдлаар хүмүүсийн дөнгөж 0.015 хувь нь коронавирусний халдвар авсан байна. Тодруулбал, вакциныг бүрэн хийлгэсэн 128600 хүнд долоо хоногийн дараа шинжилгээ хийхэд 20-иос нь халдвар илэрчээ.
Мөн “The Times of Israel” сонинд дархлал судлаач Сирил Коэний мэдээлснээр, хүн амын 0.65 хувь нь вакцин хийлгэсний дараа халдвар авчээ. Түүний тооцоолсноор, вакцин эмнэлзүйн туршилтаар тогтоосон 95 хувийн үр дүнгээс бага зэрэг өндөр дүн үзүүлжээ. Эдгээр нь вакцин маш үр дүнтэй болохыг батлан харуулж байна гэж тэрбээр хэлжээ.
“Pfizer”-ийн вакцин маш сайн үр дүн үзүүлж байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл эмнэлзүйн туршилтынхаасаа ч өндөр үр дүн үзүүлж магадгүй юм” гэж “Maccabi Healthcare Services” байгууллагын судлаач Анат Экка Зохар мэдээлжээ. Хэдийгээр эдгээр нь вакцинжуулалтын эхэн үеийн үр дүн боловч дэлхий дахин вакцины үйлчлэл ямар байхыг анхааралтай ажиглаж байгаа тул чухал мэдээлэл юм гэж тэрбээр “The Times of Israel” сонинд мэдээлсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг