
Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор бэлтгэл дэд хурандаа, хил хамгаалах байгууллагаас төрсөн анхны малын гавьяат эмч Содномын Наранбатын амьдралын тойргоор аяллаа.
УАЗ-69 автомашин малын эмч болоход нь нөлөөлжээ
Нийтлэлийн баатар маань1952 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрж, сумынхаа Т.Борын нэрэмжит найман жилийн сургууль, Х ангиа аймагтаа дүүргээд сумынхаа “Их шанхай” нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр гурван жил ажилласан байна. Энэ хугацаанд ажил, амьдралын зах зухыг мэдэж, ирээдүйд ямар хүн болох, ямар мэргэжил эзэмших вэ гэдгээ тодорхойлжээ.
Суманд ажиллаж байхад нь гол салбар мал аж ахуй байсан учир хөдөө аж ахуй буюу тэр дундаа малын их эмч болохоор шийдсэн аж. Тэр үед суманд нь сумын хүн эмнэлэг, мал эмнэлэг, сумын дарга Уаз-69 автомшин унадаг байсан нь түүнийг малын эмч болоход нөлөөлсөн байна.
Учир нь ажлын байр сайтай, өргөн хэрэгцээтэй мэргэжил. Хоёрдугаарт, явган алхахгүй, гуравдугаарт, хоол, цайны сүүндээ ойрхон санагдаж малын эмч болохоор сэтгэл шулуудаж 1973 онд ХААИС-ийн мал эмнэлгийн ангид элсэн оржээ. Тухайн үед их сургууль төгссөн хүнийг ажилд томилоход сурлагын дүн шалтгаалдаг байсан учраас таван жил их хичээсэн хэмээн С.Наранбат гуай ярьсан юм. Гурван жил ажилласан болохоор хатуу хүтүүг үзсэн, зорилго нь тодорхой байсан учир нойр, хоолоо хасан байж 1978 онд ХААИС-ийн мал эмнэлгийн ангийг ангиасаа хоёр хүүхэд “Малын их эмч”-ээр онц дүнтэй, улаан дипломтой төгссөний нэг нь нийтлэлийн баатар маань байсан аж. Хоёулаа Өмнөговь аймгийнх. Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, гавьяат эмч Оргил хоёр аймагтаа хуваарилагдаад очиход нь аймгийн Мал эмнэлгийн газар авснаар мэргэжлийн ажлын анхны гараа нь эхэлсэн байна.
Хил хамгаалах байгууллагатай холбогдсон нь
2024 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар малын гавьяат эмч цол хүртжээ.
1977 оны сүүлээр хилийн ангид мал эмнэлгийн албаны дарга, малын их эмчийн орон тоо батлагджээ. Үүнээс өмнө малын бага эмчтэй байж. С.Наранбат гуайг Өмнөговь аймагтаа ажиллаж байхад нь Ш.Арвай генерал хэсэг хүмүүстэй очиж мал эмнэлгийн хэлтсийн дарга н.Пүрэвсүрэнтэй уулзсан аж.
Түүнийг их сургуулиа төгсөх жил нь “Хилийн цэрэгт ажиллах уу” гэж асуухад нь татгалзаагүй байна. Учир нь тухайн үед Цогтцэций суманд нэг цэргийн анги байсан бөгөөд цэргийн хүн гоё харагдаж “Эр хүн болж төрснийх цэргийн хүн болбол сайхан юм даа” гэсэн бодол үлджээ.
Ш.Арвай генералыг явсны дараа аймгийн Намын хороон дээр дуудаж. Очиход нь “Дээд цэргийн ангид шилжүүлж ажиллуулахаар болсон. Хилийн цэргийн дарга ирж хүсэлт тавьсан учир чамайг өгөхөөр боллоо. Чи өөрөө очих саналтай байгааг тэр хүмүүс хэллээ” гэхэд нь зөвшөөрснөөр 1983 онд Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын Мал эмнэлгийн хэлтсийн хамгийн анхны малын их эмч буюу ерөнхий эмч, ахлах дэслэгч цолтой томилогдож ирснээс хойш дэд хурандаа цолтой, 50 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан байна. ХХЕГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Пүрэвсүрэн гэж Булган аймгийн уугуул.
Энэ хүн аливаа юмыг төлөвлөх, албаныхаа бодлогыг боловсруулах, яам, төр, засгийн хэмжээнд тавих юманд их сайн ажилладаг байсан. Аюулаас хамгаалах яамны гуравдугаар газарт ажиллаж байгаад ирсэн. 91 жилийн түүхтэй хил хамгаалах байгууллагын мал эмнэлгийн гурав дахь дарга байсан.
Энэ хүнээс их зүйл сурсан хэмээн дурсан ярих түүний нүд гэрэлтэж байсан юм. Тэрээр хил хамгаалах байгууллагын хамт олон гэдэг эх орон, тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн, хүмүүжил, мэдлэг боловсролоор шилмэл эрчүүд цугларсан газар. Энэ сайхан хамт олонтой 50 жил ажил, амьдралаа холбосондоо баярлаж явдаг. Өнөөдөр эрүүл саруул, амьдрал ахуй олны жишгээр явж буй нь энэ хамт олны ач гавьяа гэж боддог. ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техникийн газрын “Ахмадын зөлөл”-ийг 2010 онд байгуулахад анхны даргаар нь таван жил ажилласан гэж байлаа.
Хадлангийн механикжсан төсөл хэрэгжүүлэв
Түүнийг ажиллах хугацааны 20 гаруй жилийн 10 гаруй жил нь хил хамгаалах байгууллага дахин байгуулагдаад удаагүй, хил хамгаалалтыг бэхжүүлэх, материаллаг баазаар хангах ажил ид явагдаж байжээ. Хоёрдугаарт, хилийн цагийн байдал хүнд. Хоёр хөршийн харилцаа, социалист орнуудтай урд хөршийн гадаад харилцаа муу байв. Мөн хилчдийг уналгаар хангах. Хилийн манаанд явж байгаа цэрэг бүр морь, тэмээгээр үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс тэднийг гурван ээлжийн уналгатай болгох.
Хоёрдугаарт, хилийн цэргийн хэрэгцээт махны тодорхой хувийг өөрсдөө хангаж мал аж ахуй үржүүлэх. Энэ олон малыг ус, өвс тэжээл, малчдаар хангах ажилд ханцуй шамлан орсон байна. Хэрэгцээт махныхаа 20-30 хувийг өөрөөсөө хангах зорилт тавьж ажилласан нь яам, командлал, төр, засаг анхаарч дэмжжээ.
Сайд нарын зөвлөлийн тогтоолын төсөл оруулж хадлангийн механикжсан трактор, хадуур, хаман боогчтой техник авч Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Ховдын ангиуд хадлан хаддаг, жилд 6000 тонн өвс хаддаг болсон байна. Үүнээс хойш Пүрэвсүрэн дарга, ХХЕГ-ын мал аж ахуй хөгжүүлэх, мал эмнэлгээ өргөжүүлэх бодлогын дотор хилийн анги бүр малчин цэргүүдийг хариуцдаг офицертой, агтны салаатай болжээ. Хилийн цэргийн мал аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн арга хэмжээг хилийн цэргийн командлагч Ш.Арвай гуай дэмждэг байжээ.
Эрдэмтэн болох хувь дутав
С.Наранбат гуайг ХААИС-д суралцаж байхад нь декан байсан шинжлэх ухааны доктор, академич, малын гавьяат эмч М.Төмөржав багш нь “Цэргийн газар ингээд яваад байхаар ном үз, юм хий. Миний шавь эрдэмтэн болох хүн. Танай ангиас эрдэмтэн болохоор 2-3 хүн байсан бүгд болчихлоо. Чи биеэ дайчил, над дээр яваад очоорой. Чи адуу малтай харьцдаг хүн. Монгол адууны интерьерийн зарим онцлог гэсэн сэдэв ав” гэснээр арга зүй батлуулаад эрдэм шинжилгээний ажил гэсэн мэргэжлийн орос номноос салахаа больжээ. Ингэж байтал нь нийгэм солигдож улс орон, хувь хүний амьдрал хэцүү болж эрдэм шинжилгээний ажлаа орхив.
Аавын үнэтэй сургааль
Түүний аав ээж хоёр санхүүгийн мэргэжилтэй. Аав М.Содном үржил, зохиомлол хээлтүүлгийн улсын станцын нягтлан, ээж Б.Банди банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. 10 хүүхэдтэй айлын том болохоор аав нь “Бид хоёрын дараа дүү нараа авч явах хүн нь чи шүү. Дүү нар чинь ямар ч хүн болж өссөн бай чи том ах нь учраас өөрийнхөө чадлаар харж хандаж явах үүрэгтэй. Тиймээс сурч боловсор, ажил хийж сур” гэж аав ээжийн сургаж байсныг уламжлан дүү нартаа болон тэдний хүүхдүүдэд сургаж явна. Дунд ангид байхдаа зуны амралтаараа хичээлийнхээ хэрэглэл, дүрэмт хувцасныхаа мөнгийг олох ажил хийдэг байсан бол ахлах ангид ороод нэгдлийн хороо, хашаа барих ажил хийж таван төгрөг олдог байсан. дурсамжаасаа хуваалцав.
Хувийн амьдралын хувьд эхнэр Баянхонгор аймгийн Богд сумын уугуул. ХААИС-ийн эдийн засагч мэргэжилтэй. Хөдөө аж ахуйн яам, эдийн засгийн хүрээлэнд ажилаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэд хоёр охин, хоёр хүүтэй. Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрлөж сур. Амьдрах хоёр арга байдаг.
Нэг нь толгойгоороо, нөгөөх нь дөрвөн мөчөөрөө амьдарна. Энэ хоёр чинь ажиллахгүй бол турж үхнэ. Тиймээс дөрвөн мөчөөрөө амьдрах уу, оюун ухаанаараа амьдрах уу гэдэг нуугдмал авьяас байх ёстой. Энэ авьяасыг гаргана. Алинд нь сонирхолтой байна. Та нар ямар ч гэсэн хичээл сургуульдаа шамд. Сайн суурь боловсрол эзэмшихийн тулд дунд сургуульд сайн сургуульд сургана гээд хүүхдүүдээ нэгдүгээр болон орос сургуульд сургажээ. Хүнд эд хөрөнгө их байгаад хэрэггүй. Хүний насан туршид булааж авдаггүй зүйл бол толгойд байгаа сурч, мэдсэн эрдэм эзэнтэйгээ хамт үхдэг. Өмч хөрөнгө нэг өдөр байхгүй болно. Гарын алга эргүүлэхтэй адил хэмээн хэлдэг байна. Дөрвөн хүүхдийн хоёр нь Москвад, том, бага хоёроо Бээжинд их сургууль төгссөн хэмээн гэр бүлийнхээ талаар танилцуулсан юм.
Малын эмчээс бизнесмэн болов
Тэрээр тэтгэвэртээ гарсан ч зүгээр суусангүй. Шадивлан дахь зуслангийн газартаа байшин барьж, хашаагаараа дүүрэн навчит болон жимсний мод тарьсан байв. Ач, зээ нар нь өвөөгийн хөдөлмөр зусланд очие гэж аав ээжээсээ гуйдаг. Мод тарьсны ач холбогдлыг ойлгож мод, мөчир хугалахгүй, хайрлах хүмүүжилтэй болдог юм билээ. Янз бүрийн даршилсан хүнсний зүйл бүү хэрэглэ. Хорт хавдар химийн бордооноос үүсдэг. Хүний биед хамгийн ач холбогдолтой зүйл байгалийн юм.
Байгалийн хөрс, шороонд ургасан, ямар ч бордоо хэрэглээгүй хүнсний ногоо, өвс, ургамлыг өөрөө шилж, сонгож идэж байгаа бэлчээрийн малын махыг хэдийд тарилга хийсэн бэ гэдгийг судалсны дараа хүнсэнд хэрэглэх ёстой. Мөн нийгмийн шилжилтийн үед бар, ресторан, зочид буудал ажиллуулахаас гадна барилгын материалын наймаа хийж үзжээ.
Түүгээр ч барахгүй ААН байгуулж Сүхбаатар дүүргийн шилдэг татвар төлөгч, 2007 онд Дундговийн Сайхан-Овоо сумаас Өмнөговийн Мандал-Овоо сум хүртэл өндөр хүчдэлийн шугамыг хоёр талын дэд станцтай нь барьж ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэж өгсөн байна. Хүн мэргэжлийг тусгайлан олдог ч мэргэжлийн бус байлаа ч хийх сэтгэл байвал болдог хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байсан юм.
Рагчаагийн ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0