sonin.mn

Өнгөрсөн амралтын өдөр цахим орчинд иргэний цахим хаягаас "Тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх үедээ энэ талаар чанга яригчаар мэдээлээгүй" гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг хийсэн.


-Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн үед “Баянгол дүүргийн 34 дүгээр хороонд байрлах гражыг тээврийн хэрэгсэл хааж байрлуулсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу очиж, шалган тухайн гражыг хааж байрлуулсан тээврийн хэрэгсэлд утасны дугаарыг бичиж үлдээгээгүй байсан бөгөөд бүртгэлтэй гар утасны дугаарт холбогдоход холбогдох боломжгүй байсан тул уг тээврийн хэрэгслийг Хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журамд заасны дагуу ачиж, зөөвөрлөх шийдвэр гарган, зам талбайг чөлөөлөх арга хэмжээг авсан.


-Цагдаагийн алба хаагч нь “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлд заасны дагуу жолооч тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний дүрэмд түр, эсхүл удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож орхисон мөн шаардлагатай бол жолоодох эрхгүй, ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн жолоодож яваа нөхцөлд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаал “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ, ХЯНАН ШАЛГАХ ЖУРАМ”-д заасныг баримтлан тээврийн хэрэгслийг зориулалтын техник хэрэгсэл ашиглан ойролцоох зогсоолд эсхүл зориулалтын талбайд хүргэх байдлаар түр саатуулах, зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулдаг.


-Энэ үйл ажиллагааг явуулахдаа алба хаагч хуульд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх” эрх, үүргийн дагуу “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх шийдвэрийг бичгээр буюу цахимаар гаргадаг.


-“Бичгээр шийдвэр гаргах” гэдэгт тухайн зөрчил гарсан газарт байгаа албан хаагч зөөж шилжүүлэх шийдвэр бичиж тээврийн хэрэгсэлд ил харагдахуйцаар байрлуулах эсхүл ачигч /чирэгч/ автомашины жолоочид гардуулж өгөхийг ойлгох бол тухайн тээврийн хэрэгслийн байгаа газарт албан хаагч байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн байрлал, орчныг бүрэн хамруулсан зураг-дүрс бичлэгийг цахим төхөөрөмжөөр хүлээн авч, шийдвэрлэхийг “цахимаар шийдвэр гаргах” гэж ойлгоно.


-Харин Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нараас холбогдох журмын дагуу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулахад тавигдах шаардлагыг хангасан аж, ахуйн нэгж, байгууллагатай ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулдаг бөгөөд гэрээний дагуу ажил гүйцэтгэх эрх олгогдсон байгууллагын ажилтан нь цагдаагийн алба хаагчийн тээврийн хэрэгсэл түр саатуулах, зөөж шилжүүлэх талаар бичгээр буюу цахим хэлбэрээр өгсөн шийдвэрийн дагуу техникийн ажилтны тусламжтайгаар “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.


-Тухайлбал энэхүү журамд “Тусгай зориулалтын чирэгч, ачигч тээврийн хэрэгслийн жолооч нь CE эсхүл С1Е ангилалтай тээврийн хэрэгслийг 3-аас доошгүй жил жолоодсон, дадлага, туршлагатай, мэргэшсэн жолооч байх бөгөөд цагдаагийн ажилтнаас тээврийн хэрэгсэл түр саатуулах, зөөж шилжүүлэх талаар бичгээр буюу цахим хэлбэрээр өгсөн шийдвэрийн дагуу техникийн ажилтны тусламжтайгаар дараах ажиллагааг хийнэ,


-Зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэх зэрэг үйл ажиллагааг журамлаж өгсөн байдаг. Иргэд та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөж, хууль журмын хүрээнд зөвшөөрөгдөөгүй хэсэгт тээврийн хэрэгслээ байрлуулахгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг хүсье.