sonin.mn

Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, Ливантай хиллэдэг бүрэн эрхт улс юм.Сири улс 185 мянган км газар нутагтай, 17.0 сая хүн амтай. Нийслэл нь Дамаск хот-1.5 сая хүн, хамгийн том хот нь Халеб (Алеппо) хот ба 2.1 сая хүн амьдардаг юм. Сирид араб, алавит, курд, ассир, армен, черкес, турк үндэстнүүд исламын шашны суннит, шийт урсгал, христ шашин шүтлэгтэй амьдарч байна.


Исламын шашныг хүн амын 92.8 хувь нь шүтдэг, христийн шашныг хүн амын 5.2 хувь нь шүтдэг. Исламын Суннит урсгалыг хүн амын 74 хувь, шийт урсгалыг хүн амын 15 хувь нь шүтдэг. Нутгийн зонхилох хэл нь араб хэл юм. 


Эрт дээр үеэс нааш Сири Леант гэдэг газрын нэг хэсэг байж, семит төрлийн хэлтэн амьдарч иржээ. НТӨ 3-р мянганы тэртээгээс төр засаг тогтож христийн, исламын шашинт төр улс оршин тогтнож байв. Осмоны Туркийн харьяанд байснаа дэлхийн нэгдүгээр дайны дараа Францын эрхэнд орж 1946 онд Сири улс болон тусгаар тогтножээ. 1958 онд Египеттэй нэгдэж нэг улс болсон ч 1961 онд төрийн эргэлтээр цуцлагдаж Сири улс дангаар бие даан оршжээ. Сири улс бол парламент - ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс юм. 1963 оноос хойш Асадын “БААС” нам төрийн эрхэнд ноёрхсоор байгаа бөгөөд 2000 оноос хойш Башар Асад эцгийн орыг залган Сирийн ерөнхийлөгч болсон. Сирийн эдийн засгийн үндэс нь нефть, хий, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл, химийн үйлдвэр юм. Сирид олон шашны урсгал, олон үндэстэн оршдог тул дотоодын зөрчил их байв. 1920 оны эхээр алавитууд улсаа байгуулж байв. Энэ улс дотор исламын хоёр гол урсгал болох суннитууд болон шийтүүд их өрсөлддөг байв. Сирийн хүн амын нилээд хэсгийг Сирийн курдүүд эзэлдэг. Сирийн үндэстнүүд гадаадаас их дэмжлэг авдаг байв.


Шийтүүд Иранаас, Сирийн туркменууд Туркээс, сирийн суннитууд Египет, Ирак, Саудын Арабаас дэмжлэг авдаг байв. Иран болон Ливаны “Хезбола”хэмээх алан хядагч байгууллага нь Сирийн алавитууд болон шиитуудад тусалсаар байна. Энэ байдал одоо ч гэсэн үргэлжилсээр байна. 


Харин Асадын дэглэм Иран , Орос улс болон Хезбола байгууллагын тусламжаар өдий хүртэл оршжээ. Алавитын угсаа болох Асадийн удам эцэг Хафеза Асада болон хүү Башар Асадын дэглэм 54 жил Сирид ноёрхжээ. Сүүлийн 54 жил Асадынхан сөрөг хүчнийг нам дардаг байв. 1970-1980 онуудад Хафез Асада сөрөг хүчин болох “ Мусульманы ах дүү”хэмээх байгууллагынхан 1980 онд Хафезийн амь насанд халдаж бараг хөнөөх дөхжээ. Үүний хариуд Хафезийн тушаалаар нэг мянга гаруй “ Мусульманы ахан дүү” байгууллагын гишүүдийг цаазалжээ. Сирид исламын шашны суннитууд нь олонхи, шиитүүд нь цөөнх байдаг юм. 1982 онд “Мусульманы ах дүү” байгууллагын гишүүд Хама хотод том бослого гаргаж Асадын цэргүүд бараг 100 000 энгийн иргэдийг хөнөөж,олон хүн сураггүй алга болжээ. Асадынхан суннитын “Аль Кайда”, иракийн “Исламын улс” бүлэглэл болон одооны 2024 онд төрийн эргэлт хийж Дамаск хотыг эзэлсэн “Хайят Тахрир аш- Шам” бүлэглэлийн дайсан нь байлаа.  Асадын дэглэмийн үед Сирийн засгийн газар алан хядагч байгууллагуудыг дэмждэг байсан тул 1979 онд АНУ Сири улсыг “ Алан хядлагыг дэмждэг улс”-ын хар жагсаалтад оруулжээ. Дамаск хотод ХАМАС байгууллага, Палестиныг чөлөөлөх Ардын Фронт, Палестины Жихад, Ливаны Хезбола байгууллагууд үйл ажиллагаагаа ил чөлөөтэй явуулдаг байлаа. 


Smoke billows after anti government forces ransacked government security facilities, in Damascus, December 8, 2024. /CFP

Сири улс Иран, Ирак, Хойд Солонгос улстай идэвхтэй хамтарч ажилладаг байлаа. Сири улс олноор хөнөөх зэвсгийг бүтээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байлаа. 2007 онд Израиль улс Сири улсад Хойд Солонгосын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар цөмийн тогоо барьж цөмийн зэвсэг хийж байсныг нь илрүүлж цөмийн зэвсгийн обьектыг нь агаараас бөмбөгдөж устгажээ.


2012 онд Асадын дэглэм босогчдын эсрэг хортой хий буюу химийн зэвсэг хэрэглэж байв. АНУ, Израиль улсууд Сири улсыг олноор нь хөнөөх зэвсгийг өөрсдөө бүтээж хэрэглэх болон уг зэвсгийг алан хядагч нарт дамжуулан өгөхөөс нь ихэд болгоомжилдог байв. 


Сири бол энхтайвныг сахидаг орон биш байлаа. Сири улс 1970-1980 онуудад цэргийн зардалд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 17.0 хувийг зарцуулдаг байв. Сирийн арми зөвлөлт оросын хамгийн сүүлийн үеийн зэвсгээр зэвсэглэсэн байлаа. 2005 онд Орос улс Сирийн 10.0 тэрбум долларын өрийг тэглэжээ. Хэдийгээр Сири цэргийн улс боловч ард түмний амьдрал нь доогуур түвшинд байсаар иржээ. 2010 онд Сирид иргэний дайн дэгдсэн үед Дамаск хотод цахилгаан гэрэл хэдхэн цаг асаад унтардаг байв. Ажилгүйдэл 10 хувьд хүрч, ард түмний цалин хөрш Египет улсын иргэний сарын цалингийн тал хувьд ч хүрэхгүй байдаг байв. Сири бол маш их авилгалд өртсөн улс юм. Сири улс хуучин Зөвлөлт улс болон одооны Путины Орос улстай үзэл бодлоороо нягтран нийлдэг байлаа. Юугаараа нийлдэг байв гэвэл Зөвлөлт улсад Сирийн хагас социализм, хагас улсын өмч нь таалагддаг байв. Мөн Зөвлөлт улс болон Сири улс хоёулаа АНУ-г үзэн яддаг, еврейчүүдийг үзэн яддаг байв. Сири улс АНУ болон Израиль улсыг дайсан хэмээн үздэг байв. Зөвлөлт улс Сирид хүнд аж үйлдвэр байгуулан өгч, Сирийн армийн офицерууд болон тусгай албаны ажилтнуудыг Зөвлөлт улсад бэлтгэн цэргийн сургуульд суралцуулж тусалдаг байв.  


Сири улс хэд хэдэн удаа Израиль улстай дайн хийгээд ялагдаж Холаны өндөрлөгийг алджээ. Эдүгээ Израиль улс Сирийн цэргийн 500 гаруй обьектыг агаараас бөмбөгдөж устгаад байна. Учир нь Израилын эсрэг хэзээ ч довтлох магадлалтай зэвсэг, пуужин бүхий алан хядах байгуулагуудын төвүүд Сири даяар байгуулагдсан байдаг тул устгал хийж байгаа ажээ.


Сири улс 30 жилийн турш Ливаны хэсэг нутгийг эзлэн түрэмгийлжээ. Иргэний дайны балгаар Сири улсын ДНБ / дотоодын нийт бүтээгдэхүүн/ 30 дахин багасчээ. Сирийн 14.0 сая дүрвэгчид эх орноо орхиж дүрвэсэн эсхүл дотооддоо дүрвэсэн байна. Башар Асадын дэглэм 2024 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр нуран унав. Путин Башар Асадыг түүний гэр бүлийнх нь хамт Орос улсад “Ил-62” ачааны нисэх онгоцоор авчирч улс төрийн орогнол олгожээ. Оросын тусгай албаныхан Башар Асадыг “Ливийн удирдагч Каддафи шиг төгсөж болзошгүй, одоо босогчдыг дарах ямар ч арга байхгүй тул Орос улсад зугатан улс төрийн орогнол авах нь зөв” хэмээн урьдчилан ятгаж Башар Асадыг Москвад аваачжээ. Босогчид эдүгээ Дамаскад Асадын ордон шилтгээн рүү дайрч, түүний амьдарч байсан ордон, цөмийн цохилтоос хамгаалах газар дорхи бункер, 300 шахам асар их үнэтэй дэлхийн брэнд суудлын автомашины цуглуулгатай том грашд нэвтэрч зарим эд хогшлыг нь дээрэмдэн авч байгаа ажээ. Сирийн төрийн эргэлт Туркийн Эрдоганд ашигтай эргэв. АНУ болон Орос улс Сирид байрласан эдгээр орны цэргийн хүчийг баталгаатай гаргаж нутагт нь эсэн мэнд хүргэх талаар Туркийн Эрдоганд хүсэлт тавихаас өөр зам үлдсэнүй. Орос улс Сирийн Хмеймим дахь агаарын хүчний бааз, Тартуст байрлаж байгаа далайн цэргийн хөлөг онгоцнуудаа Сирээс аюулгүй гаргах асуудал тулгараад байна.Сирид тархан байрласан оросын багахан цэргийн ангиудыг аюулгүй гаргах шаардлагатай байгаа ажээ.


Асадын дэглэм унасан ч гэсэн одоогоор АНУ-ын Сири дэхь зэвсэгт хүчин “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэхээр үлдсэн хэвээрээ байна. Шинээр сонгодсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ Сирийн дотоод хэрэгт оролцохгүй” хэмээн мэдэгджээ.


АНУ урьдын адил саяхан Сирийн засгийн эрхийг авсан “Хайят Тахрир аш Шам” байгууллагыг алан хядагч байгууллага хэмээн үзсэн хэвээр байна. Одоо Сирид Турк болон АНУ-ын дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд гол үүрэг гүйцэтгэж байна. Сирийн хойд нутагт курдүүд , өмнөд нутагт Израиль ноёрхох бодлоготой байна. Засгийн эрхэнд гарсан зэвсэгт хүчнүүд эдүгээ нэгдсэн нэг зорилготой болж чадаагүй байна. Дамаск хот болон хойд нутагт “Хайят Тахрир Аш Шам” бүлэглэл гол үүрэг гүйцэтгэж байна. Зүүн хойд нутагт Сирийн ардчилсан хүчин, өмнөд нутагт Сирийн үндэсний арми гол үүрэгтэй байна. Башар Асадын оронд гарч ирсэн Абу Мухаммад аль-Жулани гэж хэн бэ. Абу Мухаммад Жулани 1982 онд Сирийн өмнөд мужид төржээ.Түүний аав нь нефтийн компаний ажилтан, ээж нь сургуулийн багш ажээ. Тэднийх Сирээс нүүж Саудын Арабт очжээ. Абу Жулани израиль сургууль төгсөж, Дамаскийн их сургуульд анагааах ухааны чиглэлээр сурч байжээ. Их сургуульд сурч байх үед нь Иракийн дайн эхэлж тэр бээр Иракийн талд байлдахаар их сургуулиа орхиж явжээ.  АНУ Абу Жуланий толгойг авчирсан хүнд арван сая доллар өгнө хэмээн амлаж байжээ.


Жулани анх “Аль Кайда” байгууллагын төлөө байлдаж явжээ. Тэр Аль Кайдагийн удирдагчдын нэг Аз Заркавигийн дотны нөхөр байжээ. АНУ Аз Заркавиг 2003 онд хөнөөжээ. Үүний дараа Жулани америкийн шоронд оржээ. Тэрбээр шоронгоос гарсны дараа “Иракийн Исламын улс” байгууллагын гишүүн болжээ.


Жулани 2011 онд төрөлх Сири улсдаа ирж “Жебаб ан Нусри” хэмээх алан хядагч байгууллагыг байгуулжээ. Сирид 2011 онд эхэлсэн иргэний дайнд тэр бээр байгууллагаа толгойлж Асадын армийн эсрэг олон жил тулалдсан ажээ. 2024 оны 12-р сарын 8 -ны өдөр тэр бээр өөрийгөө Сири улсын шинэ удирдагч хэмээн мэдэгдсэн ажээ. Сири даяар байгуулагдсан олон зэвсэгт бүлэглэл нутаг дэвсгэрийн дийлэнхи хэсгийг хяналтадаа авсан бөгөөд босогчид Дамаск хотыг эзэлсэн ч гэсэн бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл хэвээр үлджээ. Асадын дэглэм нуран унасан ч гэсэн цаашид Засгийн эрхийг авсан бүлэглэл улс орондоо энх тайван тогтоож тогтвортой тайван улс болох уу, урьдын адил шашин хоорондын зөрчил нь үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнтэй алан хядагч харгис орон хэвээр үлдэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 


Доржийн СҮХБААТАР