sonin.mn

Казахстан улсын хоёр дахь Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 1953 оны 5 дугаар сард тухайн үеийн Алма-Ата буюу одоогийн Алматы хотод мэндэлжээ. Түүний эцэг Кемел Токаевич Токаев (1923-1986) бол Сталинградын тулалдаан, Киевийг чөлөөлөхөд оролцож байсан ахмад дайчин юм. Тэрбээр дайны дараа Казахын уран зохиол дахь адал явдалт детектив жанрын үндсийг тавьж, улмаар Зөвлөлт орон даяар алдартай зохиолч болжээ.


Кемел Токаевичийн төрсөн дүү нь Аугаа их Эх орны дайны фронтод байлдаж яваад амь үрэгдсэн байна. Түүний дурсгалыг хүндэтгэн ирээдүйн ерөнхийлөгчид Касым гэдэг нэрийг өгсөн бол ээж нь хүүдээ Жомарт гэдэг нэрийг сонгожээ.


Касым гэдэг нь араб хэлнээс орчуулбал “гэр бүлээ тэжээгч” гэсэн утгатай бол Жомарт гэдэг нь “өглөгч, өгөөмөр” гэсэн утгыг илэрхийлнэ. Ирээдүйн ерөнхийлөгчийн ээж Турар Шабарбаева /1931-2000/ Алматы хотын Гадаад хэлний багшийн дээд сургуульд багшилж байв. Зохиолч аав, гадаад хэлний багш ээжийнхээ нөлөөгөөр Касым-Жомарт дунд сургуульд байхдаа гадаад хэлийг шимтэн судалж эхэлжээ. Эхлээд франц хэлийг гүнзгийрүүлэн үзсэнийхээ дараа бусад гадаад хэлийг сонирхох болжээ. Одоо Токаев казах, орос, франц, англи, хятад хэлээр ярьдаг.


Үүний зэрэгцээ ном унших маш дуртай, ялангуяа дурсамжийн номууд, улс төрийн сэдэвтэй ном зохиолыг ихэд сонирхдог хэвээр аж. Мөн оюутан ахуй цагаасаа сонин сэтгүүлтэй нөхөрлөсөөр байгаа хүн юм.


ЗСБНКУ-ын хамгийн шилдэг сургуулиудын нэг гэгдэж байсан Алматы хотын 25-р сургуулийг онц дүнтэй төгссөн Токаевын тухай ангийнхан нь дурсан ярьснаар бол, тэрбээр хамгийн гол зүйл дээр төвлөрч чаддагаараа бусдаасаа онцгой байсан, гэхдээ хэзээ ч бардам ихэрхүү зан гаргадаггүй даруухан хүүхэд байжээ. Касым гадаад хэл судалж, сургуулийнхаа “Түүхэн үнэн” гэдэг сонинд хүүхдэд ахдахаар нухацтай сэдвийг хөндөн нийтлэл бичдэг байв. 


Улс төрийн ухааны доктор Токаев олон улсын харилцааны сэдвээр 10 орчим ном бичсэн бөгөөд дипломат албаны талаарх анхны эмхэтгэл нь “Даван туулах нь” гэсэн нэртэйгээр 2003 онд хэвлэгдэн гарчээ.


Түүнээс гадна Токаев хүүхэд байхаасаа спортоор хичээллэсэн байна. Ширээний теннисээр сургуулийнхаа аварга болж, оюутан ахуйдаа спортын дэд мастер цол хүртэж байв. Улстөрч болсон хойноо Казахстаны ширээний теннисний холбоог 13 жил удирджээ. Биеийн галбираа хадгалахын тулд одоо ч гэсэн одон бөмбөгөө орхиогүй явна. 


Мэриймтгий, хянуур нямбайгийн зэрэгцээ хятад, англи хэлийг сайтар эзэмшсэн Токаев МГИМО буюу Москва дахь дипломатчдыг бэлтгэдэг дэлхий даяар алдартай сургуульд 1970 онд элсэн орж, таван жилийн дараа амжилттай төгсөв. Ингээд шууд ЗХУ-ын Гадаад явдлын яаманд хуваарилагдан ажилд орсноор дипломатчийн урт замнал нь эхэлжээ.


Тэрбээр эхлээд Сингапур дахь ЗХУ-ын ЭСЯ-д ажиллаж байгаад /1975-1979/ ГХЯ-ны төв аппарат руу татагдан ирсэн байна. Дараа нь Бээжингийн их сургуулийн гадаад хэлний факультетад дадлага хийжээ. Ингээд 1980-аад оны дунд үеэс ЗХУ задрах хүртэл Бээжин дэх Зөвлөлтийн ЭСЯ-д /1985-1991/ ажиллажээ.


Яг энэ үед Ли Куан Ю Сингапурын эдийн засгийн гайхамшгийг бүтээж, улс орноо “гуравдагч ертөнц”-ийн буурай орноос хөгжингүй ертөнцийн эгнээнд авчрав. Мөн Дэн Сяопин “Хятадын онцлогтой социализм”-ын эх суурийг тавьж, шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлж байлаа. Удалгүй ЗХУ задарсны дараа байгуулагдсан шинэ залуу Бүгд Найрамдах Казахстан Улсад түүний мэдлэг туршлага маш хэрэгтэй байсан тул Ерөнхийлөгч Назарбаевын урилгаар тэрбээр эх орондоо буцаж ирээд 1992 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож, Азийн орнууд ба олон улсын байгууллагуудтай харилцах ажлыг хариуцах болжээ.


Сингапурын Ерөнхийлөгч асан Ли Куан Ю-гийн арга барил, түүний шинэчлэлийн бодлого нь Казахстаны эрчимтэй хөгжлийн суурийг тавьсан Н.Назарбаевын үзэл баримтлалд хүчтэй нөлөөлсөн гэдэг. Үүнд Сингапурт ажиллаж байсан Токаевын үүрэг багагүй бий.


Казахстанд 1990-ээд оны эхэн үед дипломат албаны бүтэц дөнгөж бүрэлдэж байсан бөгөөд олон улс судлалын туршлагатай мэргэжилтнүүд бараг байхгүй байлаа. Казахстаны их сургуульд Олон улсын харилцааны факультет дөнгөж байгуулагдаж байв. Дипломат албыг хөл дээр нь босгохын тулд Токаев ажилтнуудаасаа мэргэжлийн өндөр ур чадварыг шаарддаг байсан бөгөөд ГХЯ-ыг чухамдаа өөрийн гараар “өсгөж бойжуулсан” гэхэд хэтрүүлсэн болохгүй.


Улс орны дотоодод өрнөдөг элдэв хэрүүл маргаанд оролцохоос ямагт зайлсхийж, зөвхөн дипломат албаа төвхнүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байсан Токаев 1997 онд бичсэн “Тусгаар тогтнолын тугийн дор” гэдэг нийтлэлдээ Казахстаны гадаад бодлогын зарчмуудыг тодорхойлсны зэрэгцээ туулж өнгөрүүлсэн замналаа өгүүлсэн байдаг.


Казахстан улс 1990-ээд оны эхээр олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулж, хөрш Орос улстай төдийгүй АНУ, ЕХ, Хятад улстай хамтын ажиллагааг хөгжүүлж эхлэв. Тусгаар тогтносон Казахстаны гадаад бодлогыг тодорхойлж, дипломат албыг үүсгэн байгуулсан гол хүн бол Токаев юм. Ирээдүйн түншүүдэд Казахстаныг сонирхох сонирхлыг бий болгох, найдвартай түнш улс гэсэн имижийг бүрдүүлэхэд түүний хүчин чармайлт бүхэлдээ чиглэж байв. Ингээд Токаев хоёр жилийн дараа ГХЯ-ын сайдаар томилогдлоо. 


Токаев 1999 оны хавар засгийн газрын шадар сайдаар, үүнээс хагас жилийн дараа Ерөнхий сайдаар томилогджээ. Энэ үед Ази тивд санхүүгийн хямрал дэгдэж, Орос орон дефолтод орж байв. Үүнийг дагаад Казахстаны эдийн засаг ч мөн адил хямралд нэрвэгдэж, хөл дээрээ дөнгөн данган тогтож байлаа. Гэсэн хэдий ч оны эцэс гэхэд хямрал үндсэндээ зогсож, эдийн засгийн өсөлтийн шинж тэмдгүүд ажиглагдаж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхлэв.


Токаев засгийн газрын тэргүүнээр хоёр жил ажилласныхаа дараа өөрийн хүсэлтээр Гадаад харилцааны сайдын албан тушаалыг хаших болжээ. 


Үндсэн хуулийн шинэчлэлийг хийх шаардлага тулгарсан 2007 оны нэгдүгээр сард Токаевыг Сенатын даргаар сонгов. Чухам энэ үед буюу 2008-2009 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг /ЕАБХАБ/ найрсаг харилцаатай байгууллага болгох гэсэн Назарбаевын зорилго биеллээ олсон юм. Төв Ази, Арабын улсуудад “өнгөт хувьсгалууд” ээлж дараалан гарч байсан тэр үед Казахстан улс ЕАБХАБ зэрэг олон талт хамтын ажиллагааны бүтцүүдэд идэвхтэй  оролцож, байр сууриа бэхжүүлсээр байлаа. Токаев ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дэд ерөнхийлөгчөөр 2008 онд сонгогдож, 2010 онд Астана хотноо тус байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулав.


Токаев бол дипломат албаны болон төрийн албаны бүх шат дамжлагыг дороос нь дээш хүртэл дамжсан хүн бөгөөд түүний гол давуу чанар бол бусадтай хэл амаа ололцож, тохиролцож чаддаг арга барил юм. Дипломатчийн энэ авьяасыг нь дэлхийн түвшинд үнэлжээ.


2011-2013 онуудад Токаев Казахстан улсыг олон улсын тавцанд нэр төртэй төлөөлөн ажиллажээ. Тэрбээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний орлогч, Женев дэх НҮБ-ын төвийн Ерөнхий захирал, Зэвсэг хураах бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалуудыг хашиж байв. Казахстаны анхны ерөнхийлөгч Н.Назарбаев хэлэхдээ, “Токаевыг эдгээр албан тушаалд томилон ажиллуулсан нь түүний дипломатчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсний төдийгүй Казахстан улсад итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл юм” гэжээ. ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаас НҮБ-ын тэргүүний орлогч хүртэл дэвшин ажиллана гэдэг бол дипломат албаны сурах бичигт бичигдэхээр ховорхон тохиолдол билээ.


ХОЁР ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОКАЕВ


Казахстандаа 2013 онд буцаж ирсэн Токаевыг Сенатын танхимын даргаар дахин томилжээ. Энэ үед ЗХУ-ын буурин дээр бий болсон улс орнуудын хоорондын харилцаа тийм ч эвтэй найртай байсангүй. Мөн Ойрх Дорнодод хүчирхийлэл дэгдэж, “Лалын улс” бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхэжсэн нь Казахстаны үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болов.


Ийм амаргүй үед ерөнхийлөгч Назарбаевын хувьд бат бэх ар тал болж чадах хөдөлмөрч, даруухан удирдагч, үг хэлээрээ бус үйл ажлаараа эх орондоо тус дэм болж чадах хүн хэрэгтэй байлаа. Токаев ч итгэлийг алдсангүй.


Ингээд 6 жилийн дараа Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев бүрэн эрхээсээ татгалзаж, Токаевыг өөрийн залгамжлагчаар нэрлэв. “Казахстан улс тусгаар тогтнолоо зарласан тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл Токаев надтай хамт ажилласаар ирсэн. Би түүнийг сайн мэднэ, тэрбээр шударга, хариуцлагатай, даалгасан ажлыг яг таг гүйцэтгэдэг хүн. Бид хөгжлийн бүхий л хөтөлбөрөө түүний оролцоотойгоор боловсруулж баталсан. Казахстаныг удирдах ажлыг итгэж даалгаж болох хүн бол Токаев гэдэгт би итгэлтэй байна” гэж анхны Ерөнхийлөгч хэлж байлаа.


Токаев 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тангараг өргөж, төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж эхлэв. Гэхдээ тэрбээр засгийн эрхийг шилжүүлэн өгөх үйл явцыг илүү ил тод болгохын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, 70.96 хувийн саналаар итгэл төгс ялалт байгуулжээ.  


Тэрбээр төрийн тэргүүн болмогцоо хамгийн түрүүнд Орос улсад айлчилж, В.Путинтэй уулзсан бөгөөд “ОХУ бол стратегийн найдвартай түнш, хамаатан саднаас илүү ойрын хөрш улс юм” гэж тодорхойлж байв.


Казахстаны хоёр дахь ерөнхийлөгч тэрбээр олон тулгуурт, прагматик гадаад бодлогыг явуулж, Оросоос гадна Хятад, АНУ, Төв Азийн улсууд, Европын Холбоо, Ази, Ойрх Дорнодын орнууд зэрэг “стратегийн түншүүд”-тэйгээ хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.


Мөн Казахстан улс Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн эдийн засгийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.


Энэ тал дээр Токаевын мэдлэг туршлага, мэдрэмж, хувь хүний авьяас чадвар маш их үүрэг гүйцэтгэжээ. Энэ онд Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, ЕЭЗХ-ны дээд хэмжээний уулзалтуудыг амжилттай зохион байгуулав. Өдгөө Токаев дэлхийд нэгэнт танигдсан улстөрч болжээ. Түүнийг Сенатын дарга байх үед Казахстан улс 2018 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсон нь Токаевын дипломат үйл ажиллагааны гол үр дүн юм.



Б.Адъяахүү