sonin.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Я.Ганбаатартай Номын баярын үеэр таарч ярилцсан юм. Тэрээр сүүлийн үед “Сансарын хүүхдүүд”, “Гүүр” гэсэн хоёр роман бичсэн агаад удахгүй хэвлэгдэн уншигч таны гарт очих гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ хоёр номын тухай хөөрөлдлөө.


-Сайн байна уу? Энэ удаагийн номын баяр танд ямар сэтгэгдэл төрүүлж байна? Ямар ямар ном авав?


Сайн уу? Номын баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Нэг үе монголчууд ном унших нь эрс багассан. Ямар сайндаа 2000-аад оны эхээр Г.Мэнд-Ооёо надад “Монголчууд ном авахаа байсан шүү. Тэгэхээр номоо олон тоогоор хэвлүүлээд хэрэггүй. Ердөө 300-г л хэвлүүлэхэд болно. Монголд тэр тооны уншигчид бий” гэж байсан. Өнөөдөр өөр болсон байна. Ном ч их хэвлэгддэг болж. Орчуулгын номууд их байна, гадаад хэлээрх номууд ч их байна, шинэ шинэ зохиол бүтээлүүд их хэвлэгдсэн байна. Хүмүүс ном авдаг, уншдаг болж. Бас олон хүн ном бичдэг болжээ. Би өөрийн үеийнхнээ болон ахмад үеийн зохиолчдоо сайн мэднэ. Заримтай нь энд тааралдлаа. Тэднээс гадна, миний мэдэхгүй маш олон уран бүтээлчид бий болжээ. Тэдний олон тууж, романыг бүгдийг нь авч үзнэ гэвэл бүтэхгүй юм байна. Гэхдээ хэдэн ном авсаан, авалгүй яахав.


-Та ч бас уран бүтээлч, судлаач эрдэмтэн хүн. Одоо та ямар ном бүтээл хийж байна?


Хоёр юм хийж байна. Эхнийх нь гэвэл “Сансарын хүүхдүүд”, “Гүүр” гэж хоёр дурсамж роман бичлээ. Энэ номуудаасаа өнгөрсөн жилүүдэд цувралаар сайтуудад нэлээн гаргасан, хүмүүс их уншсан, сайхан сэтгэгдэл үлдээсэн байх нь надад их урам өгсөн. “Их сонирхолтой байна. Цааш нь бичээд байгаарай. Бүтнээр нь унших юмсан. Хурдан хэвлүүлээрэй” гэсэн сэтгэгдэл их байсан. Одоо удахгүй энэ номынхоо эхний дэвтэр “Сансарын хүүхдүүд” романаа хэвлүүлэн уншигчдадаа барих гэж байна.


-Өнөөгийн хүүхэд залуучууд тэртээх жар, дал, наяад оны, тэр байтугай энэ зууны эхэн үеийн амьдралыг сайн мэдэхгүй...


Тийм ээ, “Сансарын хүүхдүүд” нэртэй эхнийх нь роман өнгөрсөн зууны жар, далаад оны үеийн хүүхэд насны он жилүүдийн тухай, дараагийнх нь “Гүүр” роман түүнээс хойших залуу, идэр насны он жилүүдийн тухай дурсамж роман юм. Нэг хүний амьдралын өнгөн дээр тухайн цаг үеийн Монгол орны нийгмийн амьдралыг тусган харуулахыг зорьсон. Бидний хүүхэд, залуу үеийн амьдрал ямар байсан, сургууль, ажил алба, анд нөхөд, жаргал, зовлон гээд олон зүйлийг буй аснаар нь тусгахыг зорьсон. Энэ хоёр романд маань бодитой, болсон үйл явдлууд тусгагдсан байгаа. 


Цаг хугацаа улиран одохын хэрээр нийгэм, амьдрал, бидний хэрэглээний юм бүхэн өөрчлөгдөж, орхигдох нь орхигдож, шинэ бүхнээр солигдож байна. Хүн энэ байнгын өөрчлөлт хувьслын дунд харин өнгөрснөө мартахгүй байх ёстой, урьд ямар байсныг санаж, мэдэж байх ёстой.


Энэ бол ухаант хүмүний хамгийн чухал шинж. Өнгөрснийг сануулж, мэдүүлж байхын тулд уран бүтээлчид дурсамж тэрлэдэг. Ерөөсөө аливаа уран бүтээл бол ямар нэгэн хэмжээгээр өнгөрснийг өөртөө шингээсэн байдаг. Монголын нууц товчоо”, Ч.Диккенсийн “Оливер Твист”, Л.Толстойн “Дайн ба Энх”, М.Шолоховын “Дөлгөөн Дон”, А.Дюмагийн “Шадар гурван цэрэг”, “Тунгалаг Тамир”, “Гэнжийн туульс”, “Хүйтэн уулын бичиг” гээд хүн төрөлхтний оюуны охь шим болсон бүтээлүүд тухай тухайн цаг үеэ тусгасан тусгал, хойч үеийнхэндээ харуулсан тод толь юм. 


Ийм чухал ой санамжуудгүй бол хүмүүс өмнөх өчнөөн цаг үеийн хүмүүсийн амьдрал ямар байсан, хүний нийгэм хэрхэн ямар замаар хөгжиж ирснийг мэдэх боломжгүй.


Жишээ нь, 1228 онд бичигдэж, 1240 онд нэмэлт хийгдсэн “Монголын нууц товчоо” бол тухайн цаг үеийн Монгол үндэстний, цаашилбал, Монголын эрхшээлд орсон Евразийн өргөн уудам газар нутаг дээрх олон арван улс, үндэстнийг харах гайхамшигт толь бичиг юм. Монголын их хаадын, Монгол төрийн нууц түүх бичлэг асан энэ агуу бүтээл тэртээх 13 дугаар зууны Монголын, Азийн, өргөн утгаараа дэлхийн хэрэг явдал, ард түмнүүдийн амьдралыг бидэнд өртөөлөн хүргэж ирсэн. Нийгэм, хүмүний амьдралын тусгал болсон бүтээл туурвил ямар чухал ач холбогдолтой болохыг ганц энэ жишээ тод харуулна.  


Ингээд үзэхээр өнөө үед дурсамж бүтээлийн үнэ цэн их бөгөөд чухал ач холбогдолтой хэвээр, харин ч улам чухал болж байж магадгүй. Энэ үүднээс би өнгөрсөн зууны жараад оноос хойш буюу өөрийн туулж ирсэн амьдралынхаа он жилүүдийг өгүүлсэн хоёр роман бичлээ.


Энэ хоёр романд Монгол орны нэгэн жарны бодит үйл явдал, тухайн үеийн монголчуудын үнэн амьдралыг дүрслэн үлдээхийг зорьсон. Өнгөрсөн зууны жараас ерэн он хүртэлх он жилүүд бол социализмын цаг үе.


Ерээд оноос хойших цаг үе бол Монгол орон нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжин орсон шилжилтийн үе, ардчилсан нийгэмд дэвшин орсон он жилүүд. Энэ нэгэн жарны он жилүүдэд Монгол оронд, монгол хүний амьдралд маш их үйл явдал өрнөж, маш их өөрчлөлт орсон нь мэдээж. Улс орон урагшлан хөгжиж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боллоо, монголчууд бид хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж, тэдний эдэлж хэрэглэдэг бүхнийг эдэлж хэрэглэх боллоо. Социализмын үед ийм байгаагүй. Бид олон талаараа дэлхийгээс хол, хүн төрөлхтнөөс тасархай, хаалттай нийгэмд аж төрж байсан шүү дээ.


-Улсын нийслэл Улаанбаатар маань их өөр байсныг Таны номыг уншсан уншигчид нэлээд сайн ойлголт авах байх гэж бодож байна. Энэ талаар та дэлгэрүүлж яриач?


Саяхныг хүртэл Монгол оронд том хот суурин газар байгаагүй. Монгол үндэстэн бол дэлхийн түүхийг бичилцсэн агуу үндэстэн боловч Монголын газар нутаг дээр том хот суурин байгаагүй зуу зуун жилийг туулж ирсэн. Энэ бол мэдээж, Нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой. Монголчуудын амьдрал ахуй бол нүүдэл, мал аж ахуй л байсан шүү дээ. Тийм болохоор хот суурин бий болгох, эсвэл бий болсон цөөн хэдэн хот суурин нь өргөжин тэлж, бусад улс орных шиг олон хүн амтай, том метрополит, мегаполис болох боломж байсангүй. Тэгвэл хоёр мянган жилийн өмнөх Ром хот 100 мянган хүн амтай, 7-8 дугаар зууны үеийн Хятадын Ханжоу хот сая шахам хүнтэй, 14 дүгээр зууны Парис сая давсан оршин суугчтай байсан гэдэг.


Тэгэхэд 20 дугаар зууны эхэнд буюу ердөө зуун жилийн өмнө Богдын хүрээ 20 гаруйхан мянган хүнтэй, түүний тал нь хятадууд, үлдсэн хэсгийн дийлэнх нь лам нар байжээ. Байшин барилга цөөхөн, дан гэр хороолол. Тийм ч учраас “эсгий хот” гэж гадаад ертөнцөд нэрлэгддэг байж.


Нэг ноён хоёр давхар байшин бариулж суусан чинь Богд хаан “Надаас өндөр орд харшид суулаа” гээд хориглон нураалгасан гэдэг. Тэр үед Богдын өвлийн ордон нэртэй, одоо музей болсон энэ хоёр давхар цагаан байшин л байж шүү дээ. Оросын Консулын хоёр давхар байшин өнөөгийн Кино үйлдвэрийн баруун талд дөнгөж баригдаж байсан гэдэг. Өндөр гэгээн Занабазар үндэслэсэн гэдэг, 400 шахам жилийн түүхтэй нийслэл хот маань үнэндээ ийм эсгий хот байсаар, 1950-иад оноос хойш сая барилгажиж эхэлсэн. 1970-аад оноос өргөжин тэлж эхэлсэн, 2000-аад оноос хойш хүн ам нь эрчтэй нэмэгдэж 1 саяыг давсан том хот боллоо. Би хоёрдахь үе буюу барилгажиж, өргөжин тэлсэн он жилүүд болох жар, дал, наяад оны үеийг сайн мэднэ. Мэдэх бүхнээсээ жаахныг нь номондоо оруулсан. Хөдөө орон нутгаас хүмүүс олноороо нүүн шилжиж ирснээр Улаанбаатарын хүн ам нэмэгдэх болж, тэднийг дандаа эсгий гэрт суулгаад байж болохгүй.


Дэс дараатайгаар орон сууцжуулах бодлого явагдаж, тавиад оноос хотын төв хэсэг, Дөч, Тавин мянгат баригдаж, залгуулаад Бага тойрог, Зуун хорин мянгат бий болсон. Японы олзны цэргүүд, хятад барилгачид, мэдээж монголчууд хамтран барилцсан.


Жараад оны дундаас орос цэргүүд, барилгачид ирж Сансар хороолол буюу 12, мөн 15, 19 дүгээр хорооллуудыг барьсан. Далаад оны сүүлээс 3, 4, 1 дүгээр хороолол баригдсанаар Улаанбаатар хот ихээхэн өргөжин тэлсэн. Тавь, жараад оны үед Улаанбаатар ихээ жижигхэн, ердөө 200 мянган хүн амтай байсан гэдэг. 1973, 74 оны бидний үздэг байсан дунд сургуулийн сурах бичигт Улаанбаатарыг 240 мянган хүн амтай гэж бичсэн байдаг байсан. 20 дугаар зууны эхэн үеийн Богдын хүрээний хүн амтай харьцуулшгүй ихээр нэмэгдсэн байгаа биз.


-“Сансар” хороолол баригдсан тухай та нэлээд тодорхой бичсэн байна лээ. Сая ч та хэллээ, эхлээд японы олзлогдогсод, дараа нь хятад барилгачид, тэгээд орос цэргүүд гэж. Сонин юм шүү. Нийслэлийн албан ёсны түүхэнд энэ бүхэн бичигдэж үлдсэн байж таарна?


Би зөвхөн Сансар хорооллын тухай л түлхүү бичсэн. Тэр үед Сансарын дэнж юу ч үгүй хоосон дэнж. Дэнж дээр гараад зүүн тийш харвал одоогийн 15 дугаар хороолол, Американ дэнж, Консулын дэнж, Маахуур толгой тэр чигтээ бас л хашаатай айлууд байсан. Хойшоогоо Цагаан даваа, урагшаа бол Цагаан хуаран, Улаан хуаран, Амгалан хүртэл нил айлууд л үргэлжилнэ. Баруун тийшээ харахад Хөгжим бүжгийн сургууль, Хятадын элчин, МУИС, Спортын төв ордон гээд цөөн хэдэн байшин барилга харагдана. 


Тэр үед Улаанбаатар их жижигхэн, зүүн тийшээ төв замаа дагасан Арьс өнгөний эмнэлэг, Кино үйлдвэр зэрэг хэдэн байшин, урагшаагаа Арслантай гүүр, Багшийн Дээд сургууль, Ленин клубээс өөр юмгүй, Цэнгэлдэх хүрээлэн, Намын Дээд сургууль, Туул гол хүртэл цэлийсэн тал, Энхтайвны гүүрнээс баруун урагшаа 120 мянгат, Үйлдвэр комбинат, Цагаан хаалга гээд өөр юмгүй. Баруун тийшээ бол Гандан, түүний хойно Хүүхдийн эмнэлэг л байсан, тэгээд нил гэр хороолол, эсвэл зэлүүд хоосон тал үргэлжилсээр Төмөр зам, Толгойтын хэдэн шар байшин тээр хол байсан юм.


Хойшоо бол Их сургуулийн хойхно Бээжин гуанз, түүний хойно 4 дүгээр дэлгүүр, тэгээд Зуун айлын хэдэн цагаан байшин, тэгээд л бас гэр хороолол. Ингээд бодохоор Бага тойрог доторх жаахан газар л барилгажсан, бусад нь дан гэр хороолол байжээ.


Нэг л өдөр орос цэргүүд ороод ирсэн, Хөгжим бүжгийн сургууль, Хятадын Элчингийн өмнүүр жагсан алхаж явсан дүр зураг сэтгэлд хоногшин үлджээ. Хүүхэд бид орос цэргүүдийг хараад “Оросын шонхор, оросын шонхор” гэж элэглэн хашгиралдаж, даган гүйлдэж явсан юм. Оросууд Сансар хорооллыг, 15 дугаар хороооллыг их хурдан барьсан. Хэдэн мянган айл орчин үеийн тохилог сайхан орон сууцанд орцгоосон. Улаанбаатарт бараг анхны есөн давхар, цахилгаан шаттай орон сууцнууд бий болж хүмүүс ёстой соёлыг гайхаж байсан. Есөн давхар байшин хотод хэд байгааг хүүхдүүд бид тоолдог байсан. Тэгээд арав гаргаад л зогсоно. Тэр үед хамгийн анх “Улаанбаатар” зочид буудалд л лифт байсан юм билээ. Хүүхдүүд бид хотын лифттэй байшингуудыг тоолж бас л арав гаргаад дуусдаг байсан. Тэр арван байшингийн 9 нь манай Сансарт, хоёр нь 120 мянгатад, тэгээд л гүйцээ. Наяад оны үед харин Оросын Элчингийн байр, сүүлд Хангай зочид буудал гэх болсон оросын мэргэжилтнүүдийн байр гээд арван тав, зургаан давхар барилгууд баригдсан.


-Сонирхолтой байна. Дэлхийн утга зохиолд хотуудыг түүхийг өгүүлсэн ийм зохиол бүтээл хэр олон байдаг бол?


Өө, олон байдаг биз дээ. Миний мэдэхийн 20 дугаар зууны эхэн үеийн Ираны нийслэл Тегеран хотын амьдралыг дүрсэлсэн “Аймшигт хот” гэдэг роман далаад онд монгол хэлээр орчуулагдан гарч, хүүхэд бид сонирхон уншдаг байсан. Хятадын зохиолч Мао Дунь, Ба Зиний романууд мөн 20 дугаар зууны эхэн үеийн Бээжин, Шанхай хотыг, Туркийн зохиолч Орхан Памукийн “Стамбул” романд төрөлх хотоо дүрслэн үзүүлсэн байдаг. В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм”, А.Дюмагийн “Шадар гурван цэрэг” зэрэг 19 дүгээр зууны Парис хотын тухай, М.Булгаковын “”Арбатын хүүхдүүд” зэрэг 20 дугаар зууны эхэн хагасын Москва хотын тухай зохиол бүтээл байдаг. Энэ мэтчилэн Токио, Шанхай, Хонконг, Санкт-Петербург, Берлин, Лондон гээд буурал түүхтэй, дэлхийн том том хотуудын тухай өгүүлдэг зохион бүтээл олон бий. Оросын А.С.Пушкин, Н.Гоголь, Достоевский, Английн Чарьлз Диккенс, Эдгар Аллан По, Францын Эмиль Золя, Ги де Мопассан, Германы Бертольд Брехтийн уран бүтээлүүдэд суугаа хотоо мөнхжүүлсэн нь их. Манайд бол Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” роман байна. Зохиолч, судлаач П.Батхуягийн “Хүйтэн хотын романс” гэдэг бүтээл бий.


-Тухайн цаг үеийн нийгмийн амьдрал, социализм, коммунизмыг байгуулах тухай хүмүүсийн дэврүүн үзэл суртал, Хятадын улаан хамгаалагч гэдэгтэй холбогдсон, гэх мэтийн тухайн цаг үедээ бол эмгэнэлтэйгээр төгсч мэдэх байсан үйл явдлуудыг уншихад өнөөдөр сонирхолтой байх нь дамжиггүй?


-Тийм шүү. Урьд өмнө өгсөн ярилцлагатайгаа давхцуулалгүйгээр ганц нэг жишээ дурдья. Далаад оны дундуур би Зайсанд эмээгийндээ зусдаг байлаа. Тэр үед Зайсанд өнөөгийнх шиг ийм шавааралдсан олон барилга хороолол, хотхон байгаагүй. Зун, өвөл амралтаараа очиж хань болно. Хамар хашаанд нь нэг өвгөн байх. Түүнийг их номтой хүн, дээр үед чухал алба хашиж явсан, дайнд ч оролцож явсан гэж хүүхдүүд ярьна. Нэг үдэш унтах гээд хэвтсэн хойно манайд орж ирлээ. Их л сайхан ааштай, жаахан халамцуу байх шиг. Тэгээд гарахынхаа өмнө над руу ирж хэдэн үг хэлж толгой илээд явсан юм. Бодож хэвтэхэд их л хачин юм ярьжээ. “Хүү минь, энэ дэлхий дээр мөнх юм гэж үгүй. Юм бүхэн өөрчлөгдөж хувирч байдаг юм. Юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай. Цаг нь болохоор социализм ч солигдоно, өөр нийгэм гарч ирнэ. Тэр нь ч өөрчлөгдөнө...” 


Хүүхдийн балчир оюунаар тунгаахад энэ өвгөн юу гэчихэв ээ? гэж хачирхан нойр сэргэж ахин дахин бодож хэвтлээ. “Юу гэнэ ээ? Социализм ч солигдоно гэнэ үү? Бидний хичээлээр үздэгээс шал өөр юм ярих чинь. Социализм гэдэг энэ сайхан нийгэм дэлхий дээр дөнгөж ялж мандаж байгаа юм биш үү? Анхны хэдэн социалист улсын нэгэнд Монгол орон багтсан нь үнэхээр их аз завшаан. Энэ нийгэм хөгжсөөр төгс ялалтад хүрнэ. Хүн төрөлхтөн нийгмийн хөгжлийн дээд шат Коммунизмд дэвшин орно. Тэгсэн чинь энэ өвгөн юу гэнэ вэ? Бүгд үеэ өнгөрөөж өөрчлөгдөнө гэнэ үү?...” Социализм, коммунизмыг үеэ өнгөрөөнө гэж ярих нь бүү хэл, муулж болохгүй цаг байсан юм чинь.


Нэг удаа Сансарын туннель дээр манай ангийн нийлдэг хэдэн хүүхэд “Freedom!” гэж орилолдож байгаад цагдаад баригдаж бөөн юм болсон. Сансарын цагдаагийн хэсэгт орж баахан байцаагдаж шөнө орой болтол шал угааж байгаад арай гэж нэг мултарсан хөгтэй явдал ч тохиолдож байсан юм. 1973 онд зургадугаар анги төгссөн зун манай ангийн Баярхүү гэдэг хүүхэд Сэлбийн гүүрний баруун хойд талд байдаг ногооны хашаанаас цэцэг хулгайлах гэж ороод манаачид нь буудуулчихсан юм. Энэ тухай бичсэн чинь хүмүүс итгэдэггүй ээ. “Тэр үед хэзээ жинхэнэ сумаар бууддаг байсын, давсан сум л байсан, хэтрүүлчихлээ” энэ тэр гээд. Би ер хэтрүүлээгүй, үнэнийг л бичсэн. Айлын ганц хүү тэгж өөд болсон эмгэнэлтэй хэрэг болсон юм аа.


За тэгээд, 1968 онд дөнгөж хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байхдаа санамсаргүй Хятадын улаан хамгаалагч болчих шахсан, Сэлбийн голд шумбаж байгаад бурхан олсон, 1972 онд Ж.Самбуу дарга нас барж, оршуулгад нь оролцсон би үзэл суртлын алдаанд орооцолдох шахсан гээд олон үйл явдал гарна. 1969 онд Югославт сурдаг монгол оюутан хиппи болж, тэндэхийн хиппичүүлтэй нийлж хичээл сургуулиа орхиод явчихсан тухай “Зүрхэнд шивсэн зүү” гэдэг маш том өгүүлэл сонинд гарч, байгууллага бүхэн, хүн болгон тэр тухай хэлэлцэж байсан юм. Хэдэн жилийн дараа тэр эгч Их дэлгүүрийн дэргэдэх номын дэлгүүрт ажиллаж байхад нь хүүхдүүд хэрэгт дурлан хиппи гэж ямар хүн байдгийг нь харах гэж очсон гээд дурдаад байвал хүүхэд насны янз бүрийн хөгтэй, жигтэй үйл явдлууд номонд олон бий.


-Уншсан хүмүүс итгэхгүй байна гэхээр, юундаа байна гэж та бодож байна? Магадгүй, та уншигчдыг итгэхүйц сайн бичиж чадаагүй юм бол уу?


Наадах чинь нээрээ бодууштай зүйл байна шүү. Гэхдээ энэ асуулттай чинь холбогдох зүйлийг буюу уран зохиол, уран бүтээлийн тухай онол, практик, шилдэг сонгодог, реализм, модернизм гээд ярих гэвэл би мэргэжлийн түвшинд өчнөөн ихийг хүүрнэж чадна. Товчхон хариулахад, Японы Харуки Мураками гэж мундаг зохиолч бий. Мань хүн нэг санаа, нэг өгүүлбэр олоод л түүнийгээ ургуулж, урнаар сэтгэн зөгнөж, баяжуулан бүхэл бүтэн роман бичдэг.


“Торгон цэргийн хорооны даргын аллага” гэж өөрт нь гоё сонсголонтой санагдсан нэг өгүүлбэр тавиад, хэдэн сар, жил ургуулан бодож явсаар ийм нэртэй алдартай том роман бичсэн байдаг.


Харуки Муракамигийн зохиолуудыг дагнан орчуулдаг манай орчуулагч О.Жаргалсайханы хэлснээр, түүний худлын систем буюу санаанаасаа зохиох ур чадвар нь гайхалтай л гэж хэлэх байна. Ийм байдлаар “1Q84”, “Эрэг дээрх Кафка”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба эргэлийн он жилүүд”, “Хонины ан” гээд олон улс орны сая сая уншигчдыг байлдан дагуулсан олон том роман бичжээ. Мундаг гэхээс өөр юу гэхэв. Миний хувьд бол тийм биш. Миний энэ роман бол дандаа болсон бодит үйл явдлуудад үндэслэсэн, “худлын систем” маш бага ажилласан бүтээл. Өнөөдөр дэлхий дахинаа баримтат уран зохиол давамгайлах болсон. Хүн төрөлхтөн улам бүр бодитой, үнэн, жинхэнэ юм руу хошуурах болсон. Ер нь зохиол бүтээл хоёр янз байдаг. Нэг нь Харуки Мураками, Франц Кафка, Владимир Набоков, Стиг Ларсон, Ян Мартел шиг урнаар сэтгэх “худлын систем”-ээрээ санаанаасаа зохиож, огт байгаагүй, болоогүй үйл явдлуудыг зохиож бичих, нөгөө нь яг бодитой болж өнгөрсөн үйл явдлыг бичиглэн буулгах ийм үндсэн хоёр янзын урлан бүтээх арга, үйл ажиллагаа байдаг. Гэхдээ би энэ хоёр янзын бичлэгийн арга барилыг зөв буруу, сайн муу гэж ялгаагүй шүү.


Чадалтай сайн бичвэл аль нь ч амжилтанд хүрнэ. Тэгээд ч дээр дурдсан зохиолчид бол ном бүтээлүүдийг нь хүн төрөлхтөн амтархан уншдаг өнөө цагийн сонгодгууд. Манайхан ч тэдний олон зохиол бүтээлийг сүүлийн жилүүдэд идэвхтэй орчуулан уншиж байна.


Яахав, миний номыг хүмүүс авч уншаасай гэж хүсч байна. Ялангуа манай Сансар хорооллынхон, хуучнаар бол Микрийнхэн, миний үеийнхэн, манай 33, 48 дугаар сургуульд сурч байсан үе үеийнхэн авч уншиж, өнийн тэртээх хүүхэд, залуу насаа, социализмд өнгөрүүлсэн цаг үеэ сэргээн дурсаасай, тэгээд намайг хэр зэрэг бичсэнийг минь тэд шүүнэ биз гэж харж байгаа шүү. Боломжоороо цөөн хувь хэвлүүлнэ. Худалдаанд гармагц нь дахин уулзацгаая аа. 



Ярилцсан: Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү