sonin.mn
Тбилисийн "Их Дуулга"-ын сүүлийн өдөр манай улсаас үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Б. Гончигсүрэн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Ташкентийн "Их Дуулга" ангиллаас хоёр жилийн өмнө анхны хүрэл медаль хүртэж байсан тэрбээр Гүржид анх удаа финалдаж, эзэн орны залуу од Илья Суламанизетэй тун тэнцүүхэн сайхан барилдаан үзүүлж вазаригаар ялагдсан юм. Б.Гончигсүрэнгийн вазари үнэлгээг цуцалсан нь эргэлзээтэй шийдвэр байлаа гэдгийг спорт сонирхогчид хэлж байна.
 
 
Энэ удаагийн Тбилисийн "Их Дуулга" тэмцээнд Монголын жүдочдын хамгийн сүүлийн барилдааныг ОУХМ А. Адъяасүрэн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хийсэн бөгөөд 23 насныхаа төрсөн өдрөөр барилдсан тэрбээр БНХАУ-ын Шу Шияанд даралтаар цэвэр ялагдсанаар шагналт V байрт орсон юм.
 
 
Ийнхүү Тбилисийн Их Дуулгаас Монголын жүдочид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаарт байрт орлоо.