Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгэн ахлагч залуу саяхан “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулж, 1101 сонс эргэж, мөрдэс нэгт нөхдөдөө бэлэг барилаа. Энэ нь мэдээж гиннесийн амжилтаас давсан үзүүлэлт. Иргэд “Монгол цэрэг дэлхийд байхгүй амжилтыг үзүүллээ. Энэ бол гайхамшиг” хэмээн олон нийтийн сүлжээнд бахархаж, омогшиж байна. Бахархам амжилтын эзэн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч-жолооч, ОУХМ, ахлагч С.Батцэнгэлтэй бэлтгэлийнх нь завсар чөлөөгөөр ярилцлаа. Бэлтгэлийг нь хөндлөнгөөс харахад зүгээр л цагийн зүү шиг ямар ч хүндрэлгүй, тойрон эргэлдэх. Монгол Улсдаа бүр дэлхийд өөрийгөө сонс эргэлтээр дархалж чадах тамирчин гэдэг нь бэлтгэлийн гүйцэтгэлээс тун тодорхой харагдах ажээ.
“Монгол цэргийн өдөр”-өөр 1101 сонс эргэж, онцгой амжилт гаргасанд тань баяр хүргэе. Та хоёрхон жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Монгол цэрэг гиннесийн амжилтыг эвдэнэ” гэж байсан, эвдлээ...
-Баярлалаа. 2020 оны Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээний сонс эргэлтийн төрөлд түрүүлчхээд “Би яагаад энэ амжилтаа дэлхийнх болгож болохгүй гэж” бодсон. 2016, 2018, 2019 онуудад ч гэсэн энэ төрөлдөө түрүүлж, хошой аварга болсон байсан учраас чадна гэдэгтээ ч итгэсэн. Зорилгоо биелүүлэхийн төлөө хичээсэн. Ангийн удирдлагадаа уламжиллаа, тэд дэмжсэн. Ангийн удирдлага цааш нь Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабт санал хүргүүллээ, тэд ч бас дэмжсэн. Тэгээд үндсэндээ 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Хуурай замын цэргийн штабын даргын тушаалаар бэлтгэлдээ гарсан. ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийнхны гаргасан төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Сургалтын төвийн дарга, хошууч Н.Ганзориг багшийн удирдлага дор бэлтгэлээ чамбайруулсан. Мэдээж эхлээд сунгалтын дасгал, гүйж харайхаас эхэлж 400, 600, 910, 1000, 1101 гэсэн шатлалтайгаар сар бүр нэмэгдүүлсэн. “Монгол цэргийн өдөр”-өөр 1101 эргэсэн нь орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан бэлэг л дээ.
Танд үүнээс цааш эргэх боломж байсан уу?
-Байсан. Багш нар ойдоо зориулж байгаа учраас 1101 хүргэхэд л болно гэсэн. Харин одоо бол би гиннесийн амжилтад бүртгүүлэх эргэлтээ гүйцэтгэнэ. Зэвсэгт хүчний Жанжин штабаас холбогдох байгууллагуудаар дамжуулан олон улсын төвд нь гиннесийн амжилтад бүртгүүлэх тухай албан бичиг илгээхээр ажиллаж байна. Албан бичгийн дагуу эргэлтийг хэрхэн гүйцэтгэх тухай стандарт, заавар, дүрэм ирнэ. Тэр дүрмийнх нь дагуу эргэж, албан ёсоор бүртгүүлнэ гэсэн үг. Бэлтгэлээ бол таслахгүй байгаа.
Гиннесийн амжилт 1001 байх аа?
-Тийм ээ, Армений тамирчин 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1001 эргэж, амжилтаа бүртгүүлсэн. Тэрнээс хойш эвдэгдээгүй.
Тасралтгүй сонс эргэх нь бие бялдрын бэлтгэжилтээс гадна сэтгэл зүйн тогтвортой байдал их чухал нөлөө үзүүлэх үү?
-Сонс эргэлтээр анхлан хичээллэхэд толгой эргэнэ. Хичээллэх тусам энэ нь багасч, одоо бол юу ч мэдэрдэггүй. Гар л бага зэрэг хөшнө дөө.
Та сонс эргэлтээс гадна хэт холын марафон гүйлтээр хичээллэдэг, бүр энэ амжилтаараа Олон улсын хэмжээний мастер цолоо хүртсэн ...
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа гүйж харайдаг байсан л даа. Энэ спортоор хичээллэх эхний шалтгаан цэргийн алба хаагч болсонд байгаа юм. Ялангуяа, Зэвсэгт хүчний 327 дугаар анги нь өөрөө Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн амжилтуудыг хэд хэдэн төрөлд эвдсэн шилдэг тамирчидтай. Цэргийн ах, эгч нарын нөлөө байсан, өөрийн хүсэл тэмүүлэл ч байсан. 2015 онд энэ төрлөөр идэвхтэй хичээллэж, 2017 оноос уралдаан тэмцээнүүдэд оролцсон эхэлсэн. 2018, 2019 онуудад “Багахангай” хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, 2018 онд “Мэнэн-Матад” 225 километрийн олон улсын олон өдрийн гүйлтийн тэмцээнд мөнгө, тэр ондоо дахиад 24 цагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн. Үргэлжлүүлэн Тайванд болсон уралдаанд багаараа 4 дүгээр байр эзэлж, 24 цагт 203 км туулсан амжилтаараа Олон улсын хэмжээний мастерийн болзлоо хангасан даа. 2018 ондоо Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны шилдэг тамирчнаар шалгарч, одоо ч гэсэн шигшээ багийнх нь тамирчин хэвээрээ. Мөн 2019 онд БНСУ-д зохион байгуулагдсан “Чежү” олон улсын 100 километрийн марафон гүйлтэд 8 цаг 07 минутад туулан тэргүүн байр, залгуулаад БНХАУ-д явагдсан 50 километрийн олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож байсан. Одоо бол тэр амжилт маань эвдэгдсэн байна лээ.
Ийнхүү хөөрөлдөж суух зуур түүний дасгалжуулагч бэлтгэлдээ эргэн шамдахыг сануулав. Тэр хичээллэсэн спорт бүртээ эх орон, тив дэлхийд үнэлэгдэх амжилтыг үзүүлж байгаа нь цэргийн хүний эр зориг, тэсвэр хатуужилтай холбож үзэхээс ч аргагүй мэт. Амжилт бүхний ард багш, дасгалжуулагч, анги, хамт олон, гэр бүл нь байдгийг тодотгож, амласан ёсоороо “Монгол цэрэг удахгүй албан ёсоор гиннесийн амжилтад бүртгүүлнэ ээ” хэмээсээр бэлтгэлдээ ч шамдлаа.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА
Сэтгэгдэл0
Чингэсийн удам юм бол 1206 эргэхгүй юу !
Ymar teneg bileg vee kkk uhtlee ineelee.
Мундаг байна .Гэхдээ эрүүл мэндэд аюултай байх шүү, хамаг цус чинь хөл рүүгээ юүлэгдээд тархи цусан хангамжгүй болсоноор үхэх ч магадлалтай
Гайхалтай .
Бэлтгэлээ таслаxгүй xичээ xичээ тэгээд сайн дээрээ эртxэн эргэx xэрэгтэй
AMJILT!!!
Нарийн техник зэвсэгийг гарамгай эзэмшиснээрээ ,эсвэл нэвтэрхий мэддэг болсоноороо дээд амжилт .гаргах гэж зүтгэмээрбайна аа. Хоцорсон буурай орны иргэд шиг баймааргүй байна.
Сайн,сайн,маш сайн. Хүссэн амжилтандаа хүрэхийг ерөөе.
Sons ergene gedeg tiim ch hyn bolgonii dongoddog ajil bis syy!!!ee dyy mini hicheegeerei!ergeh ni byy hel sablyyr deer dyyjlyyleed zogsohod ch berh dee!!!amjilt hysye!ene bol chinii dotood setgeliin eeriigee herhen yalsnaas l saltgaalah ajil bolno?hereb chi eeriigee yalj chadbal tyynees ch iluu amjilt gargana.
Юу ч бүтээдэггүй хүмүүс, сонс эргэнэ, барилдаад хурандаа цол, гүйгээд 2 өрөө байраар шагнуулна, дараагийн цэрэг гүйгээд машинаар шагнуулж, гурав дах нь гүйгээд унадаг дугуйгаар шагнуулах тул гүйсэнгүй, харин сонс эргэж. Манай армийн шилдэг л гэнэ, сонс эргэтэл дайсны толгой нь эргээд ухаан алдаж, сонс гэдэг чинь бас зэвсэг юм байна, аа яа яа.
амжилт 1206 иргэнэ ээ???
Бахархаж байнаа. Геннис-д бүртгүүлэх, баталгаажуулах их ажил үйлсэд нь амжилт хүсье. Монгол Эр- Цэрэг чаднаа.