sonin.mn
Монголын Үндэсний Олимпийн Хорооны Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар үе үе зоригтой таамаглал дэвшүүлдэг. Тэрбээр БТСХ-ны даргаар ажиллаж байхдаа Бээжингийн олимпоос алтан медаль авчирна гэж хэлэхэд хэн ч үнэмшээгүй байна. Гэтэл паралимпийг оруулаад гурван алт, хоёр мөнгө авсан. Дэлхийн 220 орноос Монгол Улс анх удаа 31 дүгээр байр руу дэвшсэн. 150 байраар урагшилж, Ази тивдээ айргийн тавд орсон амжилт үзүүлсэн. Дараа нь Лондонгийн олимпоос түүхэндээ хамгийн олон медаль буюу хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Зөвхөн Бээжин, Лондонгийн олимпоос Монголын тамирчид гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл нийт 10 медаль авсан түүхтэй. “Рио-2016”-д амжилт нь буурч хоёр медальтай ирж байсан.
 
Ч.Наранбаатар “Токио-2020” олимпод МҮОХ-ноос тамирчдаа системтэй бэлдсэн. МҮОХ-ноос хүсэлт тавьж, Олон улсын олимпийн хорооны "Эв санааны нэгдэл" тэтгэлэгт төсөлд 17 тамирчин, багш, дасгалжуулагчийг хамруулсны үр дүн гарсан.
 
Энэ тэтгэлэгт төсөлд хамрагдсан тамирчин, багш дасгалжуулагч бүрт 415 ам.долларын буюу 1.2 сая төгрөгийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш сар бүр олгосон. Тэтгэлэг наймдугаар сараар дуусч байгаа.Тэтгэлэгт хамрагдсан 17 тамирчнаас буудлагын О.Гүндэгмаа, жүдогийн Урнаа, Сумьяа, боксын Чинзориг нарын 12 тамирчин олимпийн эрхээ авсан. “Токио-2020” олимпод Монголын 25 тамирчин эрх авсан. Параг хасаад нэмж 17-19 эрх авах бүрэн боломжтой. Жүдо, гимнастик, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг, хүндийм өргөлт, гимнастик, таеквондо, хөнгөн атлетикийн төрлөөр олимпийн эрх нэмэгдэнэ гэж итгэж, хүлээж байна.
Энэ удаа бид түүхэндээ хамгийн олон төрөлд, хамгийн олон тамирчинтай “Токио-2020 олимпод оролцоно. Цаг уурын хувьд Бээжинтэй төстэй. Тиймээс цагийн зөрүү болон цаг агаарын хувьд сөргөөр нөлөөлөх зүйлгүй. Энэ нь манай тамирчдад давуу тал олгох таатай нөхцөл. Засгийн Газар бодлогоор дэмжиж, Үндэсний Шигшээ Багийн цалинг 1.5 сая төгрөг болголоо. Тамирчин бүрт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Энэ бол тамирчдын ар гэр, мөнгө санхүүдээ санаа зовох ачааллыг хөнгөлсөн үйлдэл. Зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарч, олимпод амжилт гаргахад сэтгэл санааны хувьд бүрэн төвлөрөх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ бүхэн тамирчдын амжилт гаргахад эерэгээр нөлөөлнө. “Токио-2 олимпоос хоёр алт, хоёр ерөөлтэй таамаглал. Биелнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
 
 
Эх сурвалж "Зууны мэдээ" сонин