ШЕЗ-ийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн шүүхэд ажиллаж байна. Ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Ж.Мөнх-Оргил, Э.Золбоо, мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр нар оржээ. Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн шүүхийн үйл ажиллагаагаа танилцууллаа.
БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 15 дугаар хурал, Бага хурлын тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар "Аливаа шүүн таслах газрыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг 1926 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Энэ дүрэм ёсоор 1926 оны сүүлчээр Алтанбулаг хотын шүүн таслах газрыг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байсан түүхтэй. Өдгөө тус шүүх нь 13 шүүгч, шүүхийн захиргааны 27 ажилтантайгаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Батзориг, шүүгчээр Г.Давааренчин, Д.Буянжаргал, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Энхтайван, шүүгчээр Д.Мөнхцэцэг, Л.Соёлмаа, Д.Мөнхзул, Сум дундын Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Эрдэнэхишиг, шүүгчээр Д.Нацагдорж, С.Нолхоосүрэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Одбаатар, Ж.Бурмаа, Ц.Байгалмаа нар ажиллаж байна.
Тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 31-ний байдлаар эрүүгийн 40, иргэний 35 хэргийг хянан шийдвэрлэжээ. Эрүүгийн 32 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах гомдлоос татгалзсан дөрөв, үлдэгдэл дөрвөн хэрэг байгаа аж. Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 126 хэрэг хүлээн авснаас 38 нь давж заалдах шатны шүүхээр, 8 нь Улсын Дээд шүүхээр хянагджээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх 27 нэхэмжлэлийг шийдвэрлэжээ. Иргэний хэргийн анхан шатны шүүх аравдугаар сарын 31-ний байдлаар 781 хэрэг хүлээн авснаас 615-ыг нь шийдвэрлэв. Шүүх хүлээн авахаас татгалзсан 66, түдгэлзүүлсэн 20 хэрэг байна. Эдгээр үзүүлэлтээс харахад нэг шүүгчид 200 орчим хэрэг ноогджээ. Харин эвлэрүүлэн зуучлагч 152 өргөдөл хүлээн авснаас 148-ыг нь шийдвэрлэжээ. "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж байгааг шүүхийн Тамгын газрын дарга танилцуулсан.
Харин Шүүх олон нийтэд нээлттэй ажиллахын тулд вэб сайтынхаа үйл ажиллагааг сайжруулж, хандалтыг нэмэгдүүлэхэд анхаарахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга зөвлөлөө. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийж, шүүхийн шинэтгэлийн бодлого хэрэгжилт, ололт, үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлж, шүүхийн үйлчилгээний талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Сэлэнгэ аймагт ажиллах томилолт үргэлжилж байна гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0