sonin.mn

Өнөө жил замын ажил оройтож эхэлснээс шалтгаалж, хаа сайгүй л ээлж дараалан хаасан зам хотын оршин суугчдыг бухимдуулж буй. Үүнтэй холбогдуулан бид нийслэлийн замын түгжрэл, засварын ажлын өнөөгийн байдалтай танилцлаа. Одоогоор Сэлбийн хос гүүрийн урд талын гүүрийн засвар шинэчлэлтийн ажил дундаа орж байна. Өөрөөр хэлбэл, гүүрийн тулгуур баганууд хийгджээ. Мөн Сансарын туннелийн зүүн талын явган хүний нүхэн гарцын газрыг нь ухаад дуусч байгаа аж. Бороо уснаас болоод дээрх барилгын ажлууд зарим өдөр бүрэн зогсч байгаа тухай ажилчид нь хэлж байв. Уг нь дулааны улирал эхэлмэгц зам засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх учиртай. Гэтэл өнөө жил зуны улирал дундаасаа хэлбийсэн хойно зам засварын ажил эхэлсэн гэвэл хилсдүүлсэн хэрэг болохгүй.

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Тиймээс орон нутгаас иргэд, оюутан сурагчдын их цуваа, нүүдэл нийслэлд төвлөрсөн учраас аль ч дүүрэг рүү явсан хөдөлгөөний ачаалал ихтэй байна. Өөрөөр хэлбэл, амьтай голтой мэт байсан хотын зам улам л “таг” болжээ. Хэдхэн хоногийн өмнө хоёр цаг орчим зарцуулан байж туулдаг байсан зам дээр өнөөдөр 3-4 цагийг хий дэмий алддаг болсон байна. Нөгөө талаар сургуулийн хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, гутал хувцас авах гэсэн иргэд хувийнхаа машинаар хөдөлгөөнд оролцож замын ачааллыг нэмжээ. Эл байдал оюутан сурагчдын хичээл эхлэх хугацаа ойртох тусам улам л хүндэрнэ. Их, дээд сургуулийн удирдлагууд зам засварын ажил шувтарсны дараа буюу аравдугаар сарын 1-нд хичээл эхлүүлье гэсэн саналыг хотын дарга нарт тавьсан ч асуудал шийдэгдээгүй. Ер нь замын ачааллаас болоод хөдөлгөөнд оролцож буй хүн бүхэн бухимдаж, олон машин мөргөлдөж, олон хүүхэд, иргэн гэмтэж, эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгаа. Одоо хотын жолооч нарын маргаан дээр оюутан сурагчдаа хүргэж ирсэн орон нутгийнхан хачир нэмж эхэлжээ.

Түүнчлэн хөдөөнөөс ирсэн эцэг эхчүүд “Энэ хотынхон замаа хурдан засахад яадаг байна аа”, “Өнгөрсөн жил л засаад байсан биз дээ”, “Заавал хичээл сургуультай зэрэгцээд байх юм” хэмээн үглэж байв. Зарим нь бүр аргаа барахдаа улсынхаа нийслэлийг “Уур бухимдлын уурхай” гээд нэрлэчихэж.

Арга ч үгүй байх. Тал хээр нутагтаа мал сүргээ өсгөж, тайван амгалан амьдарч байгаа хүмүүс хотын бухимдалд олон хоновол “галзуурч” ч мэднэ. Нийслэлийн зам засвар, хөдөлгөөний ачаалал, эвдрэл, түгжрэлээс болж хавраас намар хүртэл аль ч зам дээр уур бухимдал, хэрүүл, зодоон тасардаггүй учраас тэд ингэж нэрлэсэн биз. Уг нь нийслэлийнхэн автозамаа эхнээс нь чанартай сайн тавьдаг бол иргэд ингэж бухимдахгүй сэн. Үүний гол шалтгаан нь автомашины нягтрал ихтэйн дээр хавраас эхлэн засах нэрийдлээр зам хаагаад “Бороо уснаас болж зогслоо” гэсээр ахиц гаргалгүй өвөлтэй золгодогтой холбоотой юм. Өнгөрсөн хавар замын барилгын ажлын тендерт 22 компани шалгарч нийт 114 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 144 км зам засварын ажил хийхээр болсон. Үүнээс 37 км замыг шинээр, 107 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн хоёр уулзварыг өргөтгөн шинэчлэх, нэг нүхэн гарц шинээр барих, 38 замд 25 мянган шоометр нөхөөсийн ажил хийхээр болсон. Гэтэл намар болж байтал замын засвар бүрэн дуусаагүй бөгөөд “Одоо эхэлж байгаа зарим замын ажил жил дамнахаас өөр аргагүй” хэмээн мэргэжилтэн нь хэлж байна. Үүн дээр өнгөрсөн жил зассан зам нь өнөө жил эвдэрч ажил дээр ажил, бухимдал дээр маргаан нэмсээр байна. Хичээл сургууль эхлэх цаг ойртсон энэ үед иргэддээ хаанахын зам засварын ажил хэзээ дуусах талаар товч танилцуулъя.

-Сэлбийн хос гүүрийн урд талыг буюу Сансар чиглэлийн гүүрийн шинэчлэлийн ажил ирэх сарын 7-нд дуусч ашиглалтад орох юм байна. Харин тус өдрөөс арын гүүрийг хааж шинэчлэлийн ажлыг эхлүүлээд арваннэгдүгээр сарын 30 хүртэл барих аж. Уг гүүр тус бүр долоон метрийн өргөнтэй байсан бол одоо 11 метр өргөн болох юм. Энэхүү ажлыг “Мотор Сервис" ХХК гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар зорчигчид арын гүүрээр явж байна.

-Сансарын туннелийн зүүн уулзварын нүхэн гарцыг барихаар өнгөрсөн сарын 20-ноос эхлэн автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан бол ирэх сарын 1-нд нээх юм байна. Харин нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31 хүртэл гүйцэтгэх аж. Нүхэн гарц нь дөрвөн тал уруугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн хонгилтой. Сансарын туннелийн талын урт хэсэг нь 54.1, харин зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 метр өргөнтэй хийгдэх гэнэ. Энэхүү нэг тэрбум 321 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэж байгаа юм. Тиймээс Сансарын “ШТС”-аас зүүн дөрвөн зам болон “Нарантуул” зах чиглэлийн зорчигчид “Чингис” зочид буудлын зүүн талаар урагш явж Хөдөө аж ахуйгаар төв замдаа орж байна.

-Өнөөдөр 23.00 цагаас 27-ны 7.00 цаг хүртэл Сүхбаатарын гудамжинд Бага тойруугийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэлх 300 метр замын хөдөлгөөнийг хаах юм байна. Энд борооны ус зайлуулагч, цахилгааны сувагчлал, замаа иж бүрнээр нь шинэчлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа. Гэрээнд зааснаар бол уг ажил зургадугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 10 хүртэл хийгдэж дуусах юм. Тус гудамжны нийт хоёр км автозамын шинэчлэлтийг Хөгжлийн банкны санхүүжилтээр “Наранбулаг Хан” компани гүйцэтгэж байна.

-Харин 21 дүгээр хорооллын уулзвараас Баянхошууны Баруун салааны хэсэг рүү салдаг хүртэлх өргөтгөл шинэтгэлийн ажил, мөн нэлээд эвдрэлтэй байгаа Саппорогийн тойргоос таван шар хүртэлх замууд энэ жилийн төлөвлөгөөнд орсон ч одоогийн байдлаар хаах шийдвэр гараагүй байна. Түүнчлэн хотын зүүн зах болох КТМС-ээс “Цайз” зах хүртэл, зүүн дөрвөн замаас Амгалан, Ботаник зэрэг замыг шинэчлэх ажил эхлээгүй байгаа аж.

М.Наранболд

Эх сурвалж:  unen.mn