sonin.mn

Намрын нар ээсэн дулаахан өдөр урчууд Улсын драмын эрдмийн театрын гадаа талбайд чууллаа. Энд хөнгөн хөгжим эгшиглэн залуус хэсэг хэсгээрээ зураг зурж, дуулан зарим нь бусдынхаа бүтээлийг шимтэн үзнэ. Өчигдөр ийнхүү нийслэлчүүд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриатай “UB Art Fair-2015” арга хэмжээний хүрээнд болсон “Урчуудын өдөр”-т саатсан юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Урчуудын эвлэлийн хороо, “Profile” agency хамтран зохион байгуулж буй “UB Art Fair 2015” олон нийтэд дүрслэх урлагийн боловсрол олгох, олон улсын шагналт бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах гэсэн үндсэн хоёр зорилгыг өмнөө тавьжээ. Энэ хүрээнд“UB Art Fair 2015”-т нэгдсэн дүрслэх урлагийн салбарынхан долоо хоногийн турш нийслэлчүүдийн урлагийн цангааг тайлах олон арга хэмжээг зохион байгуулж байгаа ба өчигдөр ийнхүү “Урчуудын өдөр” тохиолоо.

“Урчуудын өдөр”-т гаднынхны харааг булаасан үндэсний дээлтэй охид, өвөрмөц баримал, мөн өөрсдийнхөө мөн чанарыг илэрхийлэн урласан залуусын нэр ч өгч амжаагүй шинэхэн инстоляци бүтээл гээд үзэж сонирхох зүйл ихтэй байв.

Энэхүү арга хэмжээг нийслэлчүүд төдийгүй гадаадын жуулчид сонирхон,  гэрэл зургийн хальснаа буулгаж байлаа. Их хотын залуусын хэмнэл, дүрслэх урлагийн задгай урлан, үндэсний өв соёлоо шингээсэн урлагийн тоглолт гээд жуулчдын хувьд энэ нь тэр бүр тохиогоод байдаггүй  ховор агшин байсан учраас ихэд олзуурхаж буйгаа хэлж байв.

Дүрслэх урлагийн салбарынхан их өвөрмөц хүмүүс. Тэд уран бүтээлээрээ хашгирч, дуулж, бусдыгаа манлайлж, өөр хоорондоо өрсөлддөг ч энгийн үед дуу цөөнтэй. Дотоод ертөнц дэх тулаан руугаа хэн хүнийг нэвтрүүлэх дургүй хүмүүс. Гэхдээ гадаад төрхөөрөө өөрийнхөө ертөнцийг илэрхийлэгчид. Тэд хээгүй, өөрийнхөө л дур сонирхол, дуртай зүйлдээ дурлана. Энэ өдөр ийм л эрхмүүдийг ойроос тольдох боломж олдсоноо гэрэл зургийн хальсанд буулгалаа.

 

 

Г.Даша