sonin.mn

Монголчууд тулгандаа уугиж байгаа аргал, хомоолыг голдоо нүхтэй уртавтар модон үлээгүүрээр үлээж асаадаг байлаа. Гэвч өнөөдөр тэр арга, тэр модон үлээгүүр мартагдаж чүдэнз, асаагуур зэрэг гал асаагчтай болсоор удлаа. Хийгээр биш хорвоогийн салхийг тосон авч, сэнс эргүүлэн цахилгаан эрчим хүч гаргаж авдаг болсноор барахгүй, ийм бүхэл бүтэн эрдэм ухааны нэгэн төрөл зүйл Модон үлээгүүр, хөдөөний зарим айлд л байвал олз болохоор ховорджээ.

Гэхдээ л амныхаа хийгээр үлээж гал асаадаг нүүдэлчин соёлын тэрхүү арга цоо шинэ “гал асаагуурын” эцэг байсан гэж хэлж болно. Одоо үед модон үлээгүүрээр амны буюу “Салхин эрчим хүч” гэдэг салбар үүсэн хөгжиж, хаа сайгүй исгэрэн урсч байх салхинаас мөнгө “саадаг” эрин үе хэдийнэ эхэлчихжээ.

Салхи гэдэг маань уул нь ямар ч үнэгүй өөрөө дэгдэж бас ч гэр майхан унагахаас эхлээд түүнээс ч илүү аюул учруулж мэдэх хий үзэгдэл юм. Тэр чанарыг нь Монголчууд сайн мэдэх учир:

“Салхи хүрзгүй байтлаа хэрэм нураана
Сэтгэл гохгүй байтлаа хүнийг дэгээдэнэ” гэсэн цэцэн үг гаргасан ажээ.

Харин далайн эрэг орчмын орнууд бол салхины хүчийг ашиглан усан онгоцны далбааг үлээлгэж аялал хийдэг болсноос хойш олон зуун жил өнгөрсөн байна. Гэвч өнөө үед салхиар сэнс эргүүлэн цахилгаан гаргаж авдаг болсноос хойш салхи шиг үнэгүй мөртлөө үнэтэй юм ховороор барахгүй, ер нь хосгүй чухал эх булаг бас барагдашгүй дахин сэргээгдэх чанартай баялаг гэгдэх боллоо.

“Ахин сэргээгдэх эрчим хүчний эх булгийн тухай хууль” гэж цоо шинэ хуулийг шинэ зууны босгон дээр Герман улс гаргалаа. Жилийн дараа Франц улс (2001 он) мөн тийм хууль боловсруулан гаргалаа.

“Салхин эрчим хүчний төхөөрөмж” буй болж 1990-2002 оны хооронд түүгээр эрчим хүч үйлдвэрлэх бүх дэлхийн хүчин чадал 16 дахин өсч, 2 мянган мегават болж нэмэгдлээ.

Дэлхий дахин ийнхүү “сэнсэн үлээгүүрээр” салхины үлээлтээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хөдөлгөөн Америк, үед 1980-аад онд энэ сэдвээр нар салхи хоёроор цуврал нийтлэл бичиж хэвлүүлж бүр аргачиЛсан хэлбэрээр гаргаж билээ. (Гадаадын ололтын туршлагаар) Үүнд: “Дэлхийн хишиг дээлийн хормойд” гэдэг ерөнхий нэрийн дор, нараар:

-Үнэгүй алтан бороо (нарны гэрэл)
-Наран пийшин яаж хийх вэ?
-Наран хэт яаж хийх вэ?
-Наран тэрэг яаж хийх вэ? гэдэгт хариулаад
-“Нарны илч солбицон барих бодлого боловсруулъя”. Түүндээ гурван чиглэл (-Наран тариалан)
-Наран өргөө (сууц)
-Наран хөдөлгүүр барихыг төр засагт санал болосон юм. Энэ талаар Шинжлэх Ухааны Академи (эрдэмтэн Чадраа) нэлээд зүтгэсэн боловч дэмжлэг дутсаар байгаа

Нөгөө салхин эрчим хүчний талаар бол:
“Үнэгүй мөнгөн салхи” цувралаар
-Салхиар жин тээлгэе! -Салхиар гурил тээрэмдүүлж, ховоо татуулъя! гэсэн аргачлал бичиж
“Салхи хураан эзэгнэх бодлого боловсруулъя” гэсэн зөвлөмж саналыг мөн төр засагт өргөсөн билээ.

Түүнээс хойш 15, зургаан жил өнгөрөхөд арваад ерөнхий сайд солигдож “суудалд нь л салхи орсноос” биш улсын эдийн засгаа “наршуулах”, “салхилуулах” завдал болоснгүй. Гэхдээ 2005 оноос эхлээд "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг" УИХ баталсан, 2007 онд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль” батлагдсан нь их том давшилт болсон гэж үзүүштэй.

Тэрхүү хууль, эрх зүйн тогтолцооны нөлөө хувийн хэвшлийнхэнд тусч Төв аймгийн ,Эрдэнэ сумд анхны салхин цахилгаан станц байгуулагдсан нь улмаар “Олон хүүхэдтэй эх” болохын түрүүч юм. Монгол орны салхины хүчний нөөцийг 2250 терраваит гэж эрдэмтэд тогтоолоо.

Салхин станц зарцуулсан эрчим хүчнээсээ 17-39 дахин их эрчим хүч өгдөг бол цөмийнх 16 дахин, дулааных 11 дахин их эрчим хүч өгдөг юм байна. Энэ нь салхин цахилгаан станцын давуу тал юм. Нөгөө нэг давуу тал нь ёроолтой саванд байдаг нүүрс, газрын тос мэтийн сэргээгддэггүй бас их үнэтэй юм хэргэлдэггүй, хэзээд үнэгүй сэвэлзэж байдаг салхи байхад л хангалттай юм.

Бас нэг давуу тал нь бусад цахилгаан станцууд шиг байгал орчны хор хөнөөл дэгдээдэггүй. Салхин станцын ганц трубин гэхэд л жилд 1500 тонн нүүрс хүчлийн хий, 6,5 тонн хүхэрийн давхар исэл, 3,2 тонн азотын исэл, 27 килограм мөнгөн ус агаарт ялгарахаас сэргийлж байна.

Хямд төсөр, цэвэр, ахин сэргээгдэх чанарыг нь дээдлэн үзсэн өрнөдийнхөн 65 сая киловат цагийн эрчим хүчний салхин станцууд (2011) ажиллуулж байгаагаар АНУ гэхэд л 2020 онд 25 сая айл өрхийг салхин эрчим хүчээр хангах юм байна. Герман бол (одоо тэднийх салхиар гал өрддөгулсуудын манлайд яваа) 2030 онд цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээний гуравны нэгийг салхиар хангах ажээ.

Сүүлийн үед далай дээр цахилгаан үйлдвэрлэх салхин сэнс зоохоор санаачилж байгаа нь тэнд салхи ихтэйнх юм. Бас Сахарын цөл нь нэгд эзгүй, хоёрт салхитай тул салхин сэнсний бүхэл бүтэн ой хөвч шиг юм буй болгоход боломжтой гэж үзэцгээж байна. Тийм олон сэнсний шуугиан их гарах боловч хүнгүй цөлд юунд ч саад болохгүй гэнэ.

Том оврын Салхин цахилгааан төхөөрөмжөөс гадна жижиг, айл өрхөд таарах, бүр хувь хүнд ганцааранд нь хэрэг болох тийм зүйлийг өрнөдийн зохион бүтээгчид хийдэг болжээ. Английн. "Windsave” фирм сууцныхаа дээвэр дээр суурилуулж болох бага оврын салхин эрчим хүчний хөдөлгүүр зохион 700 ватт хүртэл хүчин чадалтай юм байна.

Манайхан бол өвөлжөөнийхөө хашаан дээр эсвэл худгийнхаа дээвэрт салхин төхөөрөмж суурилуулах юм, зуны цагт гаднаа ч ажиллуулж болох юм. Манай улсын нийт нутгийн 40 гаруй хувь нь салхины эрчим хүч ашиглах боломжтой. Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор аймагт салхины нөөц зам бий.

Харин салхин хөдөлгүүр нь зарим нэг сул талтай тул түүнийг багасгахаар эрдэмтэд ажиллаж байна. Шуугиан, доргио үүсгэхээс гадна 6-7 герцийн давталттай бичил авиа гаргадаг нь том хэмжээний тоноглолын сул тал.

Нөгөөтэйгүүр салхигүй үед юмуу салхины хүч суларсан үед зогсолт үүсч магадгүй юм. Агаарын хөдөлгөөнд (олон сэнстэй бол) нөлөөлөх, хуурайшилтад нэмэр болох гэх мэтийг судлан тооцож эрсдлийг багасгаж болно.

Салхи хэдийгээр ялгах өнгө, зүс хэлбэргүй ч 15 янзын төрхтэй байдаг. Үүнд: муссон гэдэг улирлын салхи, пассат гэдэг хуурай салхи, бриз гэдэг хоногийн салхи, фен гэдэг уулын салхи, циклон гэдэг хар салхи, ураган гэдэг дошгин салхи, сирокко гэдэг далайн халуун салхи, суховат гэдэг хуурай халуун салхи, хамсин гэдэг элсний халуун салхи, тайфун гэдэг угалз салхи, смерч гэх хуй салхи гэхчилэн олон янзын салхинаас манай оронд угалз, хар салхи, хуй салхинаас бусад нь төдий л гардаггүй нь манай орон дэлхийн салхины өндөр даралтын тэнхлэгт хамаардагт бий. Гэвч салхийг аргадаж, хазаарлаж, зарцлан, залгиж чадвал баяжмой!

Монгол улсын хөдөлмөрийн баатар Л.Түдэв

 

Эх сурвалж: "Дал" сонин