sonin.mn

20-р зуун бол сэхээтэний зуун байсан. Дэлхийн том сэхээтэнүүд ном бичиж онол боловсруулж утоп гаргаж чадсан тул 20-р зуун зөвхөн хар мөртэй зуун болж дэлхийн түүхэнд үлдсэнгүй. Өнөөдөр тэр л хүн төрөлхтөнийг ухамсарлуулсан сэхээтэнүүдтэй адил мэргэжлийн хэллэгээр интеллектуал \intellectual\ хүмүүс тэдний номуудыг улам их уншиж 21-р зууныг ойлгож авахыг хичээх болцгоолоо. Тэгвэл Монгол оронд сэхээтэн бий юу?

Социализм, Демократизм, Капитализм гээд л ердөө л философийн болон социологийн асуудлууд байсан бол сүүлдээ улстөрийн болон эдийн засагийн сэдвүүд болж эцэстээ догма болсон. Тэгсэн хэдий ч социализм, демократизм болон капитализм гурав гурвуулаа утопи хэвээрээ. Яагаад гэвэл хаа ч биелсэнгүй.

Дэлхийн ямар ч оронд социализм ч ардчилал ч бас капитализм ч жинхэнэ биелэлээ олж чадаагүй. Социализмыг монголоор эв хамтын гэж орчуулдаг. Харин демократизмыг эхлээд ардын гэж орчуулж байгаад сүүлдээ ардчилал гэж орчуулжээ. Хэрэг дээрээ бол ард түмний гэж орчуулсан бол таарах байжээ. Харин капитализмыг хөрөнгөтөн гэж орчуулсаар ирсэн хэдий ч Марксын “Капитал” номыг өнөөдөр ч улстөрийн болон философийн гэж нэртэй төрийн байгууллагууд орчуулж социализм болон капитализм хоёрын ялгааг хэлж өгсөнгүй.

Энэ хоёр ухагдахууны онцлогыг тайлбарлахгүй явсаар дэд ухагдахуунууд гэдэг социалист ардчилал буюу социал демократ мөн төрийн капитализм буюу стэйт капитализм руу шилжжээ. Социализм бол нэгдүгээр ухагдахуун түүнийг демократизм гэсэн хоёрдугаар ухагдахуунаар өргөжүүлдэг. Үүнтэй адил либерализм бол хоёрдугаар ухагдахуун тул ганцаараа байх боломжгүй. Яагаад гэвэл либералист орон гэж хаа ч үгүйтэй адил либерализмтай орон гэж хаа ч байхгүй.

Социализм бол ард түмэнд ээлтэй. Харин капитализм бол зөвхөн баян хүмүүст ээлтэй. Ажил хөдөлмөрөө хийж яваа хүмүүс бол социалист хүмүүс. Харин тэднийг мөлждөг ажил хийдэггүй хүмүүс бол капиталист хүмүүс. Хэдийгээр энэ бүгдийг ойлгоход 20-р зууныг ойлгох хэрэгтэй боловч дөнгөж 21-р зуун эхлээд 10 гаруйхан жил болж байхад 20-р зууныг бараг л мартсан явдал бол Монгол орны том алдаа бөгөөд ерөөсөө сэхээтэн хүмүүс байхгүйгийн баталгаа. Сэхээтэн хүмүүс л социализм, ардчилал, капитализм гээд улстөр болон эдийн засгийн чухал сэдвүүдийг хөндөж нийгмийн зайлшгүй сэдэв болгох ёстой байсан. Гэтэл энэ бүгд зүгээр л амны уншлага болон хувирч хэн ч хаа ч мэдэмхийрдэг сэдэв болон хямдарчээ.

Монгол оронд философчоос авахуулаад социологч цаашлаад улстөрийн болон эдийн засгийн олигтой мэргэжлийн хүмүүс байхгүй тул сэхээтэн гэсэн ойлголт өнөөдөр бараг л 20-р зуунтай адил мартагдажээ. Гэтэл сэхээтэн хүмүүс л онол гаргах ёстой байсан. Өнөөдөр Монгол орон онолгүй яваагийн шалтгаан бол эрчүүд сэхээтэн болж чадалгүй эд бараа хувийн сонирхол жижигхэн ашиг хонжооны золиосууд болсоны л баталгаа.

20-р зууны үнэнийг ярилцаж ойлгоогүй цагт Монгол орон хэзээ ч 21-р зуунд ирж чадахгүй. Тиймээс ч өнөөдөр бүх л зүйл шинэ хэвээр байж түүнийг нэрлэж нэг үгээр хэлэхэд шинийг бас хүлээж авч чадахгүй байна даа. Нэгэнт шинийг хүлээж авч ойлгож чадахгүй байгаа тул ямар ч утгаггүй түүх ярих эсвэл зан заншилдаа хорогдох уламжлалт ёсондоо баригдаж буй. Одоо ингээд наадам болно. Юугаа тэмдэглэх вэ? Юу хийж бүтээсэн гэж наадах вэ?

Монголын эрчүүд сэхээтэн биш гэдгээ наадмаар л нэг яруу тод харуулдаг даа. УИХ-ын гишүүдийн бөх барилдана бас тэдний морьд уралдана. Сайд нарын морьд уралдана. Морьдоо уралдуулахын хажуугаар зэрэгцүүлэн жийп машинуудаа бас уралдуулна. Энэ жил магад нисдэг тэрэг ч уралдах болов уу. Алт, зэс, нүүрс хэн их зарсан бэ тэндний морьд жийпийнхээ хамт тоос манаруулна даа.

Наадам болгоноор л сэхээтэн улстөрчид байхгүй зөвхөн л феодал улстөрчидтэй гэдэг харагддаг. Зурагтаар ард түмэн феодалуудын наадам үзэж байгаагаа сэхээрдэггүй баярлаад л байдаг даа.

Өнөөдөр Монгол орон шинэ үүссэн нөхцөл байдалд шинэ л хариу өгөхгүй бол хуучин хоцрогдсон өвөг дээдэс эсвэл эцэг өвгөдийн ойлголтоор хариулах ямар ч боломжгүй. Өнгөрсөн хүмүүс өнгөрсөн тул өнөөдөр ямар ч тус болохгүй. Өнөөдөрт өнөөдөрийн хүмүүс л тус болно. Үүний тулд өнөөдөрийн сэхээтэн хэрэгтэй. Өнөөдөрийн сэхээтэн 20-р зууныг дүгнэж гэхдээ давтах биш харин 21-р зууныг хэрхэн бүтээхэд социализм, ардчилал, капитализм гэсэн ойлголтуудыг боловсруулах чухал. Өөрөөр хэлбэл бичигдсэн номууд хэрэгтэй болохоос хэн нэг хүн эсвэл ямар нэг улс орон жишээ болохгүй. 20-р зуунд ямар номууд дэлхийн том сэхээтэн хүмүүс бичсэн бэ тэр номуудыг өнөөдөр унших шаардлага ирлээ.

Өрнөд эсвэл дорнын гэсэн ойлголт устлаа. Япон, Өмнөд Солонгос, Сингапур гэсэн Азийн орнууд яг л Өрнөдийн орон шиг мэдлэг боловсролтой болж аж үйлдвэрийг хөгжүүлж чаджээ. Тэд Өрнөдөөс илүү Өрнөд болжээ. Тэдний араас бас Хятад болон Энэтхэг орнууд бас л хурдан хөгжиж Өрнөдөөс ялгаагүй болох гэж хичээнэ. Гэтэл Монгол орон хэдэн зуун жилийн хоцрогдсон Төвд орон ярицгааж хэдийний устсан Төвдийн ламаизим руу хуйларч мянган жилийн хоцрогдолтой бөө нар луу хөл алдацгаана.

Дорно гэж байхгүй болж Өрнөд гэж ярихаа болицгоож зөвхөн л глобалчлал буюу даяарчлал гэж ярих боллоо шүү дээ. Дуу дуулж хөгжим тоглох болохоороо дорно болж түүнийгээ урлаг гэж нэрлэж болохгүй л байх. Идэж ууж машин барьж гар утсаар ярьж шар айраг уух болохоороо өрнийн болчихоод дорныг мартчихдаг худлаа соёл үүсжээ. Худлаа соёлыг дагаад худлаа урлаг үүсжээ.

Худлаа хэл бас худлаа орчуулга үүсгэжээ. Пиво гэсэн олон улсын нэрлэгээг шар айраг гээд орчуулсан явдал шар өнгөтэй болохоор өнгө харж орчуулжээ. Гэтэл одоо хар пиво гараад ирлээ шүү дээ. Тэгвэл одоо хар шар айраг гэж орчуулах уу. Ингэж улайм цайм бүдүүлэг орчуулдаг гай гудамжинд биш ШУА-аас авахуулаад их дээд сургуулиуд дотор тархжээ.

Хүн төрөлхтөний философийн болон улстөр эдийн засагийн чухал 20-р зууны номуудыг алдаатай худлаа орчуулж өнөөдөр түүний гайг эдлэж явна шүү дээ. Орчуулгын дон шүглэсэн тул Монгол хэлний болон түүхийн хүмүүс Монгол оронд сэхээтэнүүдийг устгаж чадлаа. Монгол хэлний хүмүүс бол ерөөсөө Ренчин Дамдинсүрэнгээс эхлээд Монгол оронд сэхээтэнийг төрөн гарч ирэхэд садаа болсон хүмүүс. Тэд Монгол хэлээр далимдуулан дэлхийн мэдлэг орж ирэхэд саад болсон. Үүний тод жишээ бол Монгол хэлний тайлбар толь бичиг.

Монгол хэл дэлхийн бүх номуудыг орчуулах чадваргүй. Ерөөсөө чадах ч албагүй. Англи-Монгол хэлний толь бичиг наад захын философийн ном орчуулахад хүрэлцэхгүй байна шүү дээ. Монгол хэлний тайлбар толь бичиг бол ямар ч чадваргүй хэнд ч хэрэг болохгүй бөөн алдаатай тайлбар бичиг шүү дээ. Ийм толь бичигтэй байхад яаж ч Монгол хэл цааш хөгжиж өсөж өндийх билээ. Юу үнэн бэ гэхээр Англи хэлний үг бүрт таарсан Монгол үг байхгүй шүү дээ.

Идеа гэж ямар том ухагдахуун билээ гэтэл түүний утгыг алдагдуулжээ. Идеаг даган мэдлэг боловсролоо илэрхийлэхийг идеалог гэж нэрлэдэг. Харин идеаг тууштай барин онол боловсруулахыг идеализм гэдэг. Идеализм бол ухааны бүтээгдэхүүн тул матераас ялгаатай. Матери гэж нэгэнт өгөгдсөн бүхий л зүйлсийг нэрлэж буй тул түүнийгээ даган мэдлэг боловсрол олохыг материализм гэж нэрлэдэг. Энэ бүгдийн онол байхгүй тул алдаатай орчуулж өнөөдөрч алдаатай тайлбарласан хэвээр. Тиймээс Монгол оронд идеолог ч алга бас иедеализм ч алга даа. Нэгэнт идеализм байхгүй тул материализм ч алга л байна шүү дээ.

Монгол хэл гэхээрээ үгтэй зууралдсаар өгүүлбэр гэж утгагүй болсон. Тийм ч учраас хүмүүс дөрвөн мөрт хэлэх эсвэл шүлэглэх илүү амар байдаг. Өгүүлбэр хөгжөөгүй тул Монгол оронд ном гэж зүйл хөгжсөнгүй. Тиймээс хүмүүс ном унших дургүй. Ном хөгжөөгүй тул бодол хөгжихгүй. Нэгэнт бодож чадахгүй тул сэхээтэн хүн төрөн гарах боломж алга. Ард түмэн заавал ном уншиж ойлгох албагүй. Гагцхүү сэхээтэн хүн ном унших ёстой. Харин ард түмэнд товчхон тайлбар хийх бол хаа ч байдаг амидралын практик шүү дээ.

Сэхээтэн байхгүй Монгол оронд өнөөдөр дуртай хүн ном орчуулж мөрөөдсөн хүн ном бичдэг болжээ. Сэхээтэн байхгүй газар л хэн ч хаа ч ном бичнэ. Нэгэнт сэхээтэн байхгүй тул мэргэжлийн хяналт байхгүй. Мэргэжлийн биш хүмүүсийн ном хэнд ч хэрэггүй. Хэрэггүй номнуудаа хүмүүст тулгаж буйг харахаар ичмээр. Ямар ч хэрэггүй утгагүй номнуудаа гарын үсэг зурж тараагаад л. Хэнд ч хэрэггүй ерөөсөө ном гэхэд хэцүү үгийн цуглуулагануудаа номын сангуудад очиж хандивлаж бас номоо сурталчилдаг гэсэн.

Монгол оронд яагаад нийгмийн салбар хөгжихгүй байна вэ гэвэл нэгдүгээрт Монгол хэлнийхэний хийсэн гай хоёрдугаарт асуулт хариулт гэсэн буруу сургалт. Байгалийн салбарт асуултын хариултыг шууд хэлэх боломжтой. Харин нийгмийн салбарт асуултын шууд хариулт гэж байхгүй харин ойлголт л гэж бий. Байгалийн салбарт жишээлбэл математик физикт цээжлэх боломжтой. Харин нийгмийн салбарт хэзээ ч цээжлэх шаардлагагүй харин ойлголт шаардлагатай.

Гэтэл өнөөдөр нийгмийн салбарт асуулт бэлдэж түүнд таарсан харилут бас бэлдэж буй явдал бол дэндүү том эндүүрэл. Тийм ч учраас хүн бүр дураараа өөрийнхөөрөө ойлгодог. Хэзээ ч өөрийн хувийн ойлголт гэж байж болохгүй. Мэдлэг л бол мэдлэг тул мэдлэг дээр тулгуурласан ойлголт гэж бий. МУИС-ийн нийгмийн салбарыг оюутнууд юу ч ойлгож чадалгүй төгсөж байна шүү дээ. Яагаад гэвэл цээжилдэггүй газар цээжил гэж мөн шууд хариулдаггүй газар шууд хариул гэж шаардаж тэнэглэсэн тул боловсрол биш түүхийрэл болжээ.

Дэлхийн том сэхээтэнүүдийн 20-р зуунд бичсэн номуудыг уншихад өнөөдөр яагаад Украинд болон Арабын орнуудад дайн дажин хийж буйг ойлгоно. Дэлхийн том сэхээтэнүүдийн номууд өнөөдөр 21-р зуунд буцаад хэрэг болжээ. Монгол оронд нэн шинэ түүхийг эхлүүлэхийн тулд 20-р зууны шинэ түүхийг маш хурдан ардаа орхих боломжгүй болжээ. Ерөөсөө ардаа орхиж нуун дарагдуулах гэсэн оролдлого бол гэмт хүн гэлбэлзэж буйн баталгаа. 20-р зууны туршлага бидэнд хэрэггүй харин 20-р зууны том сэхээтэнүүдийн номууд бидэнд хэрэгтэй.

Өнөөдөр Монгол оронд өөрсдийгөө их дээд сургууль гэж нэрлэж буй газруудад сэхээтэн хүн байхгүй байна шүү дээ. Хэн ч 20-р зууныг дүгнэж 21-р зууны онцлогыг шинээр гаргаж чадахгүй л байна. Гэтэл түүх, арга билиг, зан заншил, шашин, мухар сүсэг ярих болохоороо бүгдээрээ профессор болчихдог. Нэгэнт их дээд сургуулиудын багш профессорууд сэхээтэн биш тул тэдний оюутанууд сургуулиа төгсөөд сэхээтэн болох ямар ч боломжгүй. Сэхээтэн төрүүлэхгүй гэвэл энэ олон их сургуулиудийн хэрэг байна уу?

Боловсролын байгууллагаас сэхээтэн төрөхгүй тул улстөр болон эдийн засагийн байгууллагуудад сэхээтэн байхгүй байх бол аргагүй шүү дээ. Сэхээтэн улстөрч байхгүй тул улстөрийн онол бичигдэхгүй байна шүү дээ. Сэхээтэн эдийн засагч байхгүй тул эдийн засаг устаж банк санхүүгийн орон боллоо шүү дээ. Улс орнууд бүтээгдэхүүнээ зарж орлого олдог байхад Монгол орон юу хийж чаддаг вэ гэвэл бонд үйлдвэрлэдэг л болждээ.

Өнөөдөр бидэнд чухал түүний цаана маргааш чухал. Ирээдүйг тодорхойлоход онол чухал. Онол хэн бичих вэ гэвэл сэхээтэн хүн бичнэ. Монгол оронд яруу найрагч сэхээтэн биш, бөх барилддаг хүмүүс сэхээтэн биш, уран зохиолч сэхээтэн биш, профессор сэхээтэн биш, улстөрч сэхээтэн биш, эдийн засагч сэхээтэн биш, улстөрчид сэхээтэн биш, сайдууд сэхээтэн биш. Сэхээтэн байхгүй тул мэдлэг байхгүй. Мэдлэг байхгүй гэдэг юу хийхийгээ мэдэхгүй. Юу хийхийгээ мэдэхгүй тул лам руу гүйнэ эсвэл мухар сүсэгтэцгээнэ.

Өмч гэдэг заавал хөрөнгө байх албагүй. Боловсрол бол маш үнэт өмч шүү дээ. Зөвхөн хувиа хичээж довоо шарлуулдаг газар нийгэм хөгжихгүй. Хөдөө ганц гэр айлд хувиа бодож довоо шарлуулж болно харин олон хүнтэй газар хот суурин газарт хувиа бодож болохгүй харин нийгмийг бусдыг бодох хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө хүүхдийг боддог хүн бол адгийн бэртэгчин. Зөвхөн өөрийнхөө эхнэрт хайртай хүн бол хайр гэж юу байдагийг мэдэхгүй хэзээ ч хайрлаж үзээгүй хүний баримт.

Сүүлийн 20 гаруй жил боловсрол шашинжсан. Урлаг бас шашинжсан. Нийгэм бас шашинжлаа. Цаашлаад төр шашинжжээ. Шашинжсан улс орон цааш ёстой нэг алхам урагшлахгүй дээ. Тиймээс улс оронууд хөгжихийн тулд шашинаас бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Шашинаас чөлөөлөгдөхийг мэргэжлийн хэлээр сэкулар \secular\ гэж хэлдэг.

Хэрвээ сэхээтэнүүд байсан бол нийгмийн шүүмж бичицгээнэ. Хэрвээ сэхээтэнтэй байсан бол шашины шүүмж бичицгээнэ. Хэрвээ сэхээтэнтэй байсан бол түүхийн шүүмж бичицгээнэ. Хэрвээ сэхээтэнтэй байсан бол хэлний шүүмж бичицгээнэ. Хэрвээ сэхээтэнтэй байсан бол соёл урлагийн шүүмж бичицгээнэ. Хэрвээ сэхээтэнтэй байсан бол номны шүүмж бичицгээнэ. Нэгэнт сэхээтэн байхгүй тул энэ бүгд дураараа дургих газар болжээ. Нэг нэгнийгээ магтаж шагнаж цоллож өргөмжлөл өргөцгөөнө. Оюуны доод хэмжээнд очжээ.

Монгол оронд этик болон морал үндэслэж ургаж цэцэглэж чадаагүйгийн гай бол ёс зүй эсвэл ёс суртахуун гэж худлаа буруу орчуулж Монгол хэлнийхэний л хийсэн гай шүү дээ. Хэлнийхэн гэж хэлмэгдүүлэгчид.

Этикгүй газар сайн гэж мэдэхгүй. Сайн байхгүй газар муу муухай цэцэглэнэ. Муу муухай нийтийн мэдрэмж болох тул сайн сайханыг мэдрэхгүй. Мэдрэмж буруу мэдэрвэл мэдээ алдсантай адил. Этик бол мэдрэмж дээр тулгуурлаж цааш сэтгэлийг бэхжүүлдэг. Сэтгэл хөгжих чухал сэтгэл хөгжихгүй бол зэрлэгшил эхэлнэ. Зэрлэг гэдэг ичихгүй бас өрөвдөхгүй.

Яагаад улстөрчид ичдэггүй вэ гэхээр тэдэнд сэтгэл хөгжөөгүй. Яагаад хүмүүс улс орноо зарж худалдаж хулгай хийдэг вэ гэхээр сэтгэл устсаны баталгаа. Нэгэнт сэтгэлгүй тул гэмших, зовох, уучлах, өөрийгөө шүүмжлэх гэх мэт наад захын хүн ёсны ойлголт мэдэхгүй. Тийм хүмүүстэй хүн чанар ярих боломжгүй. Нэгэнт улс орны хувь заяаг шийдэж яваа хүмүүс сэтгэлгүй тул хариуцлага эсвэл буруутах гэсэн ойлголт байхгүй.

Гандангийн ямар ч лам надад мөнгө хэрэггүй зүгээр л би чамд тус болох гэсэн хүсэлтэй гэсэн этик байхгүй шүү дээ. Хамгийн их морал байх ёстой шашин ийм байна шүү дээ. ШУА гэх мэт соён гэгээрэлийн байгууллага байх ёстой газар шашинд бууж өгчээ. Сэхээтэнүүдийг төрүүлэх ёстой их дээд сургуулиуд оюутны төлбөрөөр хөрөнгөжидөг байгууллагууд болжээ. Улаанбаатар хотоор дүүрэн сүм хийд. Ингэж их мухар сүсэгтэхийг хэн зориуд дэмжинэ вэ? Улаанбаатар хотыг хэн ингэж шашины хот болгож соён гэгээрэл мэдлэг боловсрол болон сэхээтэний хот болгохын эсрэг ажиллана вэ?

Шинэ цаг ирлээ. Шинэ сэхээтэний цаг ирлээ. 21-р зууныг хүлээн авч цааш бас авч явах сэхээтэнүүд үгүйлэгдэнэ. Шинийг ярицгааж маргаашийг бүтээж ирээдүйг тооцоолох цаг иржээ. Өнөөдөр ямар ч хүчинтэй биш хуучиндаа хоцрогдсондоо хорогдохгүй харин шинийг хэцүүг төвөгтэйг бариж аван тэмцэх цаг ирлээ.

Доктор С.Молор-Эрдэнэ