ХАХНХЯ-аас хүүхэд, гэр бүлийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаарх эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж, Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийг холбогдох төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулан өнгөрсөн хугацаанд эрчимтэй ажиллалаа.
Тус яамнаас хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн Монгол улсын хууль тогтоомж, бодлого, эрх зүйн орчныг судлаж, үндэсний хэмжээнд хүүхэд өсвөр үеийн асуудлаар салбар бүрт хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, бусад орнуудын туршлагыг судласны үндсэн дээр хуулийн төслүүдийг боловсруулж, хүүхэд хамгааллын хамгийн үр дүнтэй тогтолцоо, эрх зүйн орчныг бий болгох, дэлхийн чиг хандлага, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэхийг зорин ажиллаж байна.
Дээрх хуулийн төслүүдийг олон нийтэд танилцуулах тэдний саналыг тусгах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллага, анхан шатны болон давж заалдах шатны шүүгч, хуульч, өмгөөлөгч нарт танилцуулж, тэдний саналыг хуулийн төсөлд тусгах хэлэлцүүлгүүдийг энэ оны 2 дугаар сарын 27-оос 3 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллага, иргэний анхан болон давж заалдах шатны шүүгчид, Монголын Хуульчдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны 40 гаруй хуульч, өмгөөлөгч оролцож, хуулийн төсөлд үнэтэй саналаа өглөө.
Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн байгууллагын бүтэц тогтолцоо, бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үүргийг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг, харин хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүрэг, нийгэм, гэр бүл, шүүн таслах, хууль сахиулах байгууллагын хүрээн дэх хүүхэд хамгааллын онцлог, хүүхэд хамгааллын үйлчилгээ, түүнийг үзүүлэх журам, хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, зүй бусаар харьцах, мөлжлөгийн аливаа хэлбэрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдон үүсэх зэрэг харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна.
Сэтгэгдэл0