sonin.mn

Өнгөрсөн оны. сүүлээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр ч эмэгтэй амь насаараа хохирсон. Тухайлбал арваннэгдүгээр сарын 14-нд 21 настай эмэгтэй найз залуугийнхаа гарт амиа алдсан билээ. 48 цагийн турш зодуулж нас барсан талийгаач Б.Цэдэн-Ишийн ээж Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Танд болон танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Шүүх эмнэлгийн хоёр ч удаагийн дүгнэлт “гадны нөлөөгүй” гэж гарлаа шүү дээ. Үнэхээр охин тань ямар нэгэн суурь өвчтэй байсан юм биш биз?

-Үгүй ээ, миний охинд ямар нэгэн суурь өвчин байгаагүй. Үнэхээр л гадны нөлөөгүй амиа алдсан бол ГССҮТ-ийн эмч нар хүлээж авахгүй шүү дээ.

-Ингэхэд эмнэлэгт анх хүргэгдэж ирэхдээ охины тань биеийн байдал нь ямар байсан юм бэ?

-Маш хүнд. Анх ГССҮТ-д ирэхдээ биеийн ихэнх хэсэг нь няцралттай, цөс нь хагарсан байдалтай ирсэн юм билээ. Биеийнх нь ихэнх хэсэг нь хавдчихсан, нүүрний нэг тал, мөрний хэсэг, хоёр гар нь хөхөрсөн, хавирга нь хугарсан ирсэн гэсэн. Охиноо харахад зодуулсан нь илт. Биеийн зарим хэсэгт нь зодуулаад удсан зарим нь шинэ шарх байсан.

-Гэтэл Шүүх эмнэлгийнхэн охиныг тань “Бөөрны цочмог дутагдлаас болж нас барсан” гэх дүгнэлт гаргасан нь ямар учиртай юм бол?

-Үнэхээр их гайхаж, цочирдсон. Дахин хэлэхэд охинд маань ямар нэгэн суурь өвчин байгаагүй. Түүгээр ч барахгүй амиа алдах хүртлээ эмнэлэгт хэвтэж аав, ээжийгээ зовоож байгаагүй хүүхэд.

Бид Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөв, шударга гарна гэдэгт итгэж байсан. Харамсалтай нь бидний хүлээж байснаас тэс хөндлөн дүгнэлт гарлаа. Нас барсан шалтгаан нь “Гадны нөлөөгүй, бөөрний цочмог дутагдлаас болж нас барсан” гэсэн байна лээ. Үнэхээр гомдолтой байна.

-Талийгаачид анх задлан хийхдээ ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авах нь битгий хэл огт дуулгаагүй гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Охин маань өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд нас барсан. Тухайн үед би Баянхонгор аймгийн Загд суманд байсан. Намайг Улаанбаатар хотод ирэхэд охин маань хэдийн амьсгал хураачихсан байсан. Нас барснаас нь хойш хоёр хоногийн дараа задлан шинжилгээ хийсэн юм билээ. Анхны задланг хийхдээ бидэнд огт дуулгаагүй.

-Талийгаачид задлан хийснийг яаж мэдсэн юм бэ?

-Охины маань амь настай холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаагч Ч.Буянт шалгаж байгаа. Энэ хүн бидэнд танилцуулахдаа “Охинд тань задлан хийсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Б.Долгормаа ахалж орсон” гэж л хэлсэн.

Тэгээд ч эхний задланд биднийг оруулаагүй болохоор бүрэлдэхүүн муутай оролцсон гэх шалтгаанаар маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 17-нд хоёр дахь задлан шинжилгээг хийлгэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт 14-21 хоногийн дотор гарна гэж байсан ч 24 хонож гарсан. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтийг сонсоод би ухаан алдаж унасан.

-Гурав дахь задлан шинжилгээний дүгнэлт хэзээ гарах вэ?

-Бид гурав дахь шатны шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. Бидэнд хэлэхдээ Монголын cop болсон эмч нар орж ажилласан гэсэн. Тиймээс энэ удаа үнэн зөвөөр гарна гэдэгт итгэж байгаа. Үнэхээр үнэн гэж байдаг бол “гадны нөлөөтэй” гэдэг нь тогтоогдох байх.

Харин хариу нь ирэх долоо хоногт гарна. Ганц охиноо хүний гарт алдчихаад байж суух газраа олохгүй л явна. Бид талийгаачийнхаа төлөө хаа хүртэл явж болох тэр хүртэл нь явна. Бүхий л арга, гарцыг судалж байна.

-Талийгаач танай хоёр дахь хүүхэд байсан гэл үү?

-Тийм. Би хүү, охин хоёртой. Дараа нь нэг хүү өргөж авсан. Гурвуулаа нэг нэг насны зөрүүтэй. Талийгаач маань манай хамгийн бага, ганц охин минь байсан. Миний охин арван жилийн сургуулиа 16 настайдаа төгссөн. Их сургуульд сурч байхдаа Япон явж өнгөрсөн жил ирсэн. Гэтэл ингээд хүнд алуулчих юм чинээ хэн санах билээ.

-Өмнө нь охин тань найз залуудаа зодуулж, дарамтлуулдаг байснаа хэлж байсан уу?

-Үгүй ээ, нэг ч удаа хэлж байгаагүй. Даанч яав даа, миний муу охин ядаж ээждээ хэлчихгүй дээ. /уйлав/    

-Сэжигтэн Г.Алтанхүүтэй үерхэж, хамт амьдарч байгааг нь хэзээ мэдсэн бэ?

-Өнгөрсөн долоодугаар сард мэдсэн. Охин маань “Найз залуутай болсон, хамт амьдарч байгаа” гэхээс өөр зүйл хэлээгүй. Найзтайгаа харилцаж байсан мессеж энэ тэрийг нь уншихаар үнэхээр хэлэх үг олдохгүй юм.

-Ингэхэд та Г.Алтанхүүтэй уулзаж байсан уу?

-Үгүй.

-Ядаж утсаар ч болтугай ярьдаг байсан биз дээ?

-Үгүй. Нөхөр маань л хааяа ярьдаг байсан. Бүр “миний хүү” гэж ярьдаг байсныг яана.

-Г.Алтанхүүгийн ар гэрийхэн саяхан таны төрсөн дүү Д.Хандсүрэнг шүүхэд өгсөн. Тэдний зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлж байна уу?

-Тэд биднийг хөдөөний, юм мэдэхгүй хүмүүс гэж л санаад байх шиг байгаа юм. Дүүг маань Г.Алтанхүүг “алуурчин” гэж хэлснийх нь төлөө шүүх, цагдаад өгсөн байна лээ. Хүн өвчин зовлон үзээд, уйлж унжаад явж байхад “алуурчин” гэж хэлсний төлөө шүүхэд өгнө гэдэг чинь нэг төрлийн дарамт шүү дээ.

-Ямар учраас Г.Алтанхүү охины аминд хүрэх болсон юм бол?

-Нэг л зүйл байсан байж таараа. Ямар нэгэн алах шалтгаан байсан байх гэж боддог. Миний охин нэг л нууц зүйлийг нь мэддэг байв уу. Ямар нэгэн шалтгаан байгаа. Тийм биш юм бол яах гэж охины минь аминд хүрэх юм бэ.

-Г.Алтанхүүг өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан гэдгийг мэдсэн үү?

-Би тэр өмнөх эхнэр гээд байгаа хүний ярилцлагыг уншсан. Надад тэр эмэгтэйд мөнгө өгөөд худлаа яриулсан шиг санагдсан. Харин миний сонссоноор Г.Алтанхүү хуулийн сургуульд сурдаг байхдаа дөрвөн жил нэг хүүхэнтэй үерхсэн юм билээ. Тэгэхдээ түүнийгээ байнга зодож, нүддэг байсан гэсэн.

Охиноо нас барсан өдрийнх нь орой Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст Г.Алтанхүүгийн аавтай нь уулзсан.  Тэгэхэд л анх удаа аавынх нь барааг харсан. Тухайн үед аав нь бидэнд нэг ч үг хэлээгүй. Тэрнээс хойш Г.Алтанхүүгийн гэрийнхэнтэй уулзаагүй. Уулзаад ч яах юм билээ.

-Уучлаарай, талийгаач охины тань талаар иргэд янз бүрээр л ярьж байна. Нэг хэсэг нь “Найз залуудаа зодуулж суухын оронд зугтчихаж болоогүй юм байх даа” гэж байхад зарим нь “Г.Алтанхүү нь их мөнгөтэй учраас охин тань салж чадахгүй явсаар амиа алдлаа” гэх зэргээр ярьж байна?

-Хүмүүс янз бүрээр ярьж байгаа байх. Гэхдээ би охиноо хүний түрийвч рүү өнгийж хардаг тийм ёс суртахуунтай өсгөөгүй. Бид хүүхдүүдээ юугаар ч дутаагаагүй. Би охиныхоо нэг найзаас сонссон л доо. Охин маань нас барахаасаа өмнө долоо хоног ажилдаа яваагүй юм билээ.

Тэгэхэд Г.Алтанхүү хаалгаа дотроос нь түгжээд зоддог, салах юм бол ална гэж сүрдүүлдэг байсан гэсэн. Энэ мэт дарамтаас болоод охин маань салж чадахгүй явсаар амиа алдсан байх гэж бодож байна. Түүнээс биш тэрний хэдэн халтар төгрөг охины минь аминаас л үнэтэй байв гэж дээ.

-Нөгөөтэйгүүр таныг ч бас “Тэр эх нь одоо яачихсан хүн бэ, бүхэл бүтэн гурав, дөрвөн cap зодуулж, нүдүүлж байхад нь мэддэггүй. Эх хүн байж үр хүүхдээ хайхраагүйгээс болж л ийм хэрэг гарч байгаа юм” гэж буруутгаж байна. Үнэхээр охин чинь танд юу ч хэлээгүй гэж үү?

-Би охиндоо, үр хүүхдүүддээ санаа тавьдаггүй, хайрлаж халамжилдаггүй эх хүн биш. Байнга утсаар ярьж байдаг. Харин Улаанбаатар хотоос 900 гаруй км-ийн хол байсан нь л миний алдаа боллоо. Ойрхон байсан бол охинооо хэлээгүй байсан ч эх хүн чинь гадарлана шүү дээ.

Зовж зүдэрч, зодуулж нүдүүлж байгааг нь мэдэх байсан. Гэтэл миний муу охин даанч яав даа. Бүх зүйлээ ээжээсээ нууж байсан юм билээ. Зодуулж дарамтлуулдаг талаараа надад нэг ч үг хэлж байгаагүй. Би өөрийгөө буруутгаж байна. Охин дээрээ нэг удаа ч болов ирэх минь яав даа. / уйлав/

Эх сурвалж: