sonin.mn

 

УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Щвейцарийн банкин дахь нэг сая ам. долларын нууц хадгаламж илэрсэн тухай шуугиан дэгдмэгц уржигдар шөнө АНУ-аас нисч ирсэн тэрээр яаравчлан мэдэгдэл хийв.
 
 
Английн Лондон хотод байдаг “Legend Plus Capital Ltd” компанийн данс 2008 оны тавдугаар сараас эхлэн нээгдэхэд Сангийн сайд асан С.Баярцогтын нэр дээр дээд тал нь 1658 еврогийн эрх нээгдэж байсан гэнэ. Энэ нь монгол мөнгөөр гурван сая орчим төгрөг. Эрхэм УИХ-ын дэд даргын сэтгүүлчдэд хийсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.
 
 
 
-Энэ бүхэн юунаас эхэлс­нийг товчхон тайлбарлахгүй юу?
 
-Хэвлэл мэдээллээр гарч байгаа сөрөг мэдээлэлд хариу өгөхөөр та бүхнийг урьсан юм.  Намайг саяхан АНУ-д ажлаар явж байхад “Эрэн сурвалжлах сэт­гүүлчдийн олон улсын холбоо”-ны дарга Жерард Райл гэдэг хүн уулзах хүсэлт тавьсан. Энэ нь тавхан хоногийн өмнө болсон явдал. Тэр хүн “Олон улсын сэтгүүлчдийн баг нэлээн хэдэн асуудлаар ажиллаж байгаа. 
 
 
Тэгтэл гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулж ирдэг компаниудын мэдээллийг шалгах явцад таны нэртэй компани гарч ирлээ. Энэ компанийн данс нь Щвейцарьт байдаг юм байна. Та энэ талаар мэдээлэл өгнө үү” л гэсэн. Тэгээд би мэдээлэл өгсөн. Товчхондоо ийм л юм болсон.
 
 
 
-Таны байр байдлыг анзаар­вал өөрийгөө буруугүй гэж бодож байгаа юм аа даа?
 
-Тодорхой хэмжээний бу­руу байгаа. Би тэр Жерард Райл гэдэг сэтгүүлчид болсон бүх процессыг үнэн зөвөөр тайл­барлан хэлсэн.
 
 
 
-Таны нэртэй компани яг хэдэн оны хэдэн сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм бэ?
 
-“Legend Plus Capital Ltd” гэдэг компани 2008 оны тав­дугаар сараас миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Данс нь Швейцарийн банкинд байдаг нь ч үнэн. Өөрөөр хэлбэл “оффшор данс” гэсэн үг л дээ. Одоогийн байд­лаар энэ дансанд 1658 евро буюу монгол төгрөгөөр гурван сая төгрөг байгаа.
 
 
 
-Англид байдаг энэ ком­па­нийхаа ашиг, орлогыг хө­рөнгө орлогынхоо мэдүүлэгт ерөө­сөө тэмдэглээгүй хэрэг үү?
 
-Уг нь хөрөнгө орлогынхоо орлого талд нь дотоодод байдаг гурван компани дээрээ нэмээд бүртгүүлчихдэг юм. Энд нууж хаагаад байх юм байхгүй. Би ийм л тайлбар өгсөн. Одоо ч мөн адил. 
 
 
 
-Ерөнхийлөгч, шинэчлэлийн Зас­гийн газрын зүгээс авилга, хээл ха­хууль, бусармаг бүхэнтэй чадлынхаа хэрээр тэмцэж байгаа. Төрийн өндөр албан тушаалтны хувьд та энэ ажилд хошуучлан оролцох ёстой бус уу?
 
-Миний хувьд авилга, хээл ха­хууль­тай тэмцэж байгаа шинэчлэл, өөрчлөлтийг эхнээс нь тууштай дэмжсээр ирсэн. Ямар нэгэн байдлаар энд саад хотгор хийх өчүүхэн ч хүсэл, эрмэлзлэл байхгүй. Хэрвээ намайг алдаа гаргасан гэж үзвэл албан тушаалтайгаа зууралдаад байх сонирхол алга.
 
 
 
-Таны хувьд 20 гаруй жил тө­рийн эрх барих, хууль тогтоох дээд бай­гууллагуудад сонгогдон ажилласаар ирлээ. Швейцарийн банкинд данс нээлгэсэн нь цаг хугацааны хувьд ямар нэг хардлага төрүү­лэхгүй гэж бодож байна уу?
 
-2008 оны тавдугаар сар гэдэг бол сонгуулиас өмнө, Сангийн сайд болох эсэх нь тодорхойгүй байсан цаг, үе шүү дээ. Би Сангийн сайдаар 2008 оны аравдугаар сард томилогдсон. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд бол бүр 2009 оны долоодугаар сараас эхлэн оролцсон.
 
 
Тэгэхээр хүмүүсийн хардаад байгаа энэ бүхэнтэй “Legend Plus Capital Ltd” компанийн дансан дахь гурван сая төгрөг бол ямар ч холбоогүй зүйл. Өөрөөр хэлбэл 2008-2012 онд миний хашиж байсан албан тушаал, ажил төрөлтэй огт холбоогүй зүйл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энд зөвхөн миний хувийн бизнестэй л холбоотой яльгүй үл ойлголцол үүсээд байна.
 
 
 
-Тэгэхээр та төрийн өндөр албан тушаалтны хувьд ямар ч алдаа гар­гаагүй гэсэн үг үү?
 
-Би түрүүн цухас дурдсан. Миний хувьд алдаа гаргасан уу гэвэл, гаргасан. Энэ компанийг хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бичих ёстой байсан.  Хэдийгээр компанийн дансанд гурав­хан сая төгрөг байдаг ч зайлшгүй бичих л ёстой байж.
 
 
Ийм нөхцөлд ха­­риуцлага хүлээх ёстой гэдгийг ч ухам­сарлаж байна. Ямар хариуцлага хүлээлгэхийг УИХ шийднэ. Би өөрөө УИХ-ын даргатай ярьсан. Ер нь ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна.
 
 
 
-Мэдээллийн сайтуудаар “Швей­царийн банкинд УИХ-ын дэд дарга С.Баярцогт нэг сая ам.долларын хадгаламжтай” гэж бичигдэж байгаа нь худлаа болж таарч байна уу?
 
-Сая ам.долларын хадга­ламжтай гэж яриад байгаа нь үндсээрээ худлаа мэдээлэл. 2006, 2007, 2008 оны үед Монгол Улсын эдийн засаг харьцангуй сайн өсөлттэй байсан. Тухайн үед барууны банкууд “та нарт илүүдэл орлого байгаа бол өсгөх боломжтой” гэж санал тавьж байсан. Тийм замаар найзуудтайгаа нийлүүлсэн мөн­гийг дан ганц минийх мэтээр ойл­госон юм билээ. 
 
 
 
-УИХ-аас таньд ёс зүйн хариуцлага хүлээлгэвэл ямар шийт­гэл ирнэ гэж бодож байна?
 
-“Авилгатай тэмцэх”, “Ху­вийн болон нийтийн ашиг сонирхол”-ын хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ санамсаргүй болон санаатайгаар тодор­хой орлогоо орхигдуулсан, нуун дараг­дуулсан бол тухайн байгууллага нь арга хэмжээ авах ёстой. Тэгэхээр арга хэмжээ авах эрх нь УИХ-д бий.
 
 
Би энэ бүх учир байдлынхаа дэлгэрэнгүй тайлбарыг АТГ-т өгч байгаа. Мөн УИХ-ын даргад хандан ёс зүйн болон өөр бусад ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн. Энэ нь бусад албан тушаалтан, хүмүүст үлгэр дууриалал болно гэж бодож байна.
 
 
 
-Өөрийн тань нэр дээр байгаа “Legend Plus Capital Ltd” компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
 
-Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Татвар төлдөггүй, аль ч банкинд байдагтай адилхан данс л гэсэн үг. 
 
 
 
-Ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй юм бол яаж мөнгө босгож байсан хэрэг вэ?
 
-Анх дөрвөн найзтайгаа ярилцаад мөнгө төвлөрүүлж бай­гаад хувьцааны бизнест оролцъё гэж шийдсэн юм. Энэ нь 2008 оны тавдугаар сар. Тэ­гээд үйл ажиллагаа жигдрээд ашигтай ажиллаад ирвэл албан ёсоор бүртгүүлээд явна гэж бодож байлаа. 
 
 
Тэгтэл 2008 оны аравдугаар сард Сангийн сайд болоод зав зай ч багатай болсон. Нэгдүгээрт өөрөө тэр бизнест оролцох ямар ч бололцоогүй болсон. Хоёрдугаарт намайг Сангийн сайд болохтой зэрэг­цээд хямрал нүүрлэсэн. 
 
 
Манай найзуудын илүү орлого гэж тооцоолж байсан мөнгө нь өөрсдөд нь хэрэгтэй бо­лонгуут буцаагаад татаад авчихсан. Тэрнээс хойш энэ ком­пани зүгээр л харилцах данс шиг цаасан дээр байсан гэсэн үг.
 
 
 
-Та манай дөрвөн найз гэж яриад байна. Тэр хүмүүсийнхээ нэр усыг хэлж болох уу?
 
-За би тэр хүмүүсийн талаар шалгах, асуух ёстой газар нь мэдээлэл өгнө өө.
 
 
 
-Та хувийнхаа мөнгийг эргэлдүүлж, хувьцаанаас ашиг олох зорилготой байсан гэлээ. Урьд нь энэ талаар яагаад мэдээлдэггүй байсан юм. Мөнгө угаах нь гэмт хэрэг мөн биз дээ?
 
-Асуудлын гол нь намайг гэмт хэрэгт буруутгасан юм ерөөсөө байхгүй шүү дээ. Хам­гийн гол нь “Та энэ компаниа хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бичиж, орлогоо мэдүүлсэн үү” гэдэг асуудал л байгаа юм. Би орлогоо байнга мэдүүлж байсан. Харин компаниа нэрээр нь бүртгүүлээгүй нь л миний гол алдаа. 
 
 
 
-Энд бүртгүүчихвэл ямар нэгэн татвар хураамж, бас бус хүндрэл үүсэх байсан юм уу?
 
-Яг оффшор компанийн хувьд миний нэр дээр байдаггүй юм. Тухайн үед миний мэдлэг, мэдээлэл дутсан ч юм бий. Бас тэр дансанд харьцангуй бага мөнгө байгаа болохоор монгол төгрөгт шилжүүлээд орлогыг нь тавиад байхад болох байх гэж бодож явсан нь өнөөдөр ийм байдал үүсгэлээ. Миний хувьд их том сургамж болж байна. 
 
 
 
-Тэр дансанд байсан мөн­гийг хууль ёсны мөнгө гэж ойлгож болох уу?
 
-Болно. Тэр бол ямар ч хууль дүрэм зөрчөөгүй цэвэр мөнгө. Зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийн нэрийг биччихсэн л бол миний хувьд ямар ч асуудал үүсэхгүй байсан. Би энэ дээр л алдлаа. Яах вэ хүмүүст сургамж болох биз дээ. 
 
 
 
-Та “Албан тушаал, нэр төрдөө санаа зовохгүй байна. Зөвхөн гэр бүлдээ санаа зовж байна” гэсэн байна лээ. Энэ нь УИХ-ын дэд даргаас огцрохыг зөвшөөрч байгаа гэсэн үг үү?
 
-Ёс суртахууны хувьд үлгэр дуу­риалал болох ёстой гэж л бодож байна. Тэр утгаараа УИХ-ын даргад хандъя гэж бодож байгаа. Гэхдээ миний асуудлыг УИХ шийднэ. Алдаа гаргасан нь үнэн. Одоо хариуцлага хүлээх нь үнэн. Ийм л юм.
 
 
Д.Түвшин
 
Эх сурвалж: