sonin.mn

 

Баян-Өлгий болон бусад аймаг, хотод амьдарч буй казах иргэдийг "Бүгд найрамдах Казахстан Улсаас ирсэн нэрсийн жагсаалтаар" гэх шалтгаанаар Монгол Улсын харьяатаас хасдаг асуудал сүүлийн үед хурцаар тавигдах болсон.
 
 
Үүнд өртсөн зарим иргэн Монгол Улсын иргэний харьяаллаас хасагдсанаа ч мэдэхгүй явсаар сонгуульд санал өгөх үедээ мэдсэн тохиолдол гарчээ. Түүнээс гадна Бүгд найрамдах Казахстан Улсаас ирсэн нэрсийн жагсаалтад байгаа хүмүүстэй нэр нь давхацсанаас харьяатаас хасагдаж хохирч буй олон иргэн байгаа аж.
 
 
Амьдралдаа Монгол Улсын хилээр гарч үзээгүй, гадаад паспорт авч үзээгүй тахир дутуу тэргэнцэртэй хүн, бага насны хүүхдүүд ч хасагдсан нэрэн дунд багтжээ. Энэ талаар тус аймгийн Иргэншлийн холбогдолтой асуудлыг цэгцлэх 2012 оны комиссын гишүүн Х.Байдолдатай ярилцлаа.
 
 
 
-"Казахстан Улсаас ирсэн нэрсийн жагсаалтаар" гэсэн шалтгаанаар олон казах иргэнийг Монгол Улсын иргэний харьяаллаас хасч байгаа тухай сүүлийн үед ярих боллоо. Энэ асуудлыг цэгцлэх комисст ажиллаж байсан хуний хувьд Та тодорхой мэдээлэл өгнө уу?
 
-Казах иргэд 1992 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээгээр Казахстан явж эхэлсэн байдаг. Тэр үед Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд эдийн засаг хүнд хэцүү байсан учраас амьдрахын эрхээр, нөгөө талаар ардчиллын үр шимийг үзэж харахын хүслээр Казахстан уруу нүүх казах иргэдийн жам ёсны хөдөлгөөн эхэлсэн юм.
 
 
Энэ цаг үе бол герман нь германтайгаа, казах нь казахтайгаа нийлсэн түүхэн үйл явдал. Өнөөг хүртэл энэ үйл явдал үргэлжилж байна. Анх хөдөлмөрийн гэрээгээр, дараа нь янз бүрийн урсгал чиглэлээр явдаг болсон.
 
 
ОХУ задарснаас хойш Казахстан Улс казах иргэдийнхээ тоог олшруулах үүднээс бусад улс гүрэнд байгаа казахуудыг нэгтгэн өөртөө татах бодлого явуулж ирсэн нь ч үүнд нөлөөлсөн. Гэхдээ олон хүн янз бүрийн шалтгаанаар Монголд буцаж ирсэн байдаг.
 
 
Гэтэл казах иргэдийг иргэн харьяатаас хасах явдал сүүлийн дөрвөн жил буюу Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэс хурцадсан. Энэ хүмүүс харьяаллаа хасуулснаас болж нийгмийн тусламж, дэмжлэгт хамрагдаж, тэтгэвэр тэтгэмж авч чадахгүй байна.
 
 
Үүнээс улбаалаад ядуурал ч тодорхой хэмжээнд өссөн. Уг нь Монгол Улсын иргэн Казахстан Улсын харьяат болох, харьяатаас гарахтай холбогдсон хоёр улсын гэрээ байдаг юм байна. Гэвч энэ гэрээ тийм ч боловсронгуй биш, механизм нь ажиллахгүй байгаа учраас энэ мэт асуудал гараад байна.
 
 
 
-Одоогийн байдлаар иргэний харьяаллаа хасуулсан хэчнээн хүн байна вэ. Та бүхний зүгээс хэнд хандаж, ямар арга хэмжээ авсан бэ?
 
-Өнгөрсөн жил Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй хүмүүстэй уулзаж хэлсэн, бичгээр ч хүсэлт өгсөн. Тэр үед 300 хүн иргэн харьяатаа хасуулсан байсан. Гэтэл одоо Харьяатын газрын тооцоолж байгаагаар 1500 хүн болчихоод байна.
 
 
Цөөрөх байтал харин ч бүр нэмэгдчихсэн. Д.Мөрөн дарга тэр үед бидэнд хялбаршуулсан аргаар гаргасан гэж тайлбарласан. Гадаадын иргэн харьяатын тухай хуульд хялбаршуулсан гэсэн нэг ч үг байхгүй.
 
 
Хялбаршуулсан гэхээр үндсэндээ Казахстанаас квот авсан гэх хүмүүсийн нэрсийн жагсаалтаар иргэн харьяаллыг нь хасахыг хэлээд байх шиг. Үндсэндээ Казахстанаас гаргасан нэрсийн жагсаалтын дагуу шууд л иргэн харьяатаас хасчихдаг юм байна.
 
 
Тэр нь хэн бэ гэдэг талаар лавлагаа авахгүй, тухайн иргэн нь Монголд байна уу, үгүй юу гэдгийг эрэн сурвалжлахгүйгээр хасчихаж байгаа юм. Ингэж хүний эрхэнд халдаж байна. Квот гэдэг нь тэнд нүүж очсон хүмүүст өгдөг халамжийн мөнгө л дөө.
 
 
Гэтэл дээрх 1500 хүний дотор Казахстанд байтугай зарим нь сумандаа ч очиж үзээгүй гурван настай хүүхэд, 80 настай буурай байна. Тэгэхээр хэн нэг нь дээрх квотын мөнгийг авахын тулд тэдний бичиг баримтыг ямар нэг байдлаар ашигласан болж таарч байна.
 
 
Одоо иргэн харьяатад орохоор гурав, дөрвөн удаа өргөдөл бичсэн 60, 70 хүн бий. Энэ хүмүүс гурван сараас 10 жил хүртэлх хугацаанд энэ асуудлаар хөөцөлдөөд одоо болтол шийдүүлж чадаагүй хохироод л явж байна шүү дээ.
 
 
 
-Хуулиараа бол өргөдөл гаргаснаас хойш зургаан сарын дотор шийдэж өгөх ёстой биз дээ?
 
-Тийм ээ, иргэний харьяатын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна гээд Гадаадын харьяатын хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заачихсан байгаа. Энэ хууль мөрдөгдөхгүй байна.
 
 
Би Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж гуайд хэлсэн. Та нар хуулийнхаа дагуу Казахстаны талтай хатуу гэрээ хий гэж. Гадаадын иргэн харьяатын тухай хуульд бус, өөр хуулиар заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөх учиртай.
 
 
Тэгэхээр Казахстантай гэрээ хийчихвэл ийм янз бүрийн асуудалд орохгүй шүү дээ. Нэг цэгийн үйлчилгээгээр л шийдэх асуудал. Үүнд нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй. Архив, Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллагаас л лавлагаа авна.
 
 
Нэг их хүнд түвэгтэй зүйл байхгүй. Гэтэл төр, засаг ажлаа хийхгүй байна.  Энэ хүмүүсийг ингэж хохироож байгаа нь Монголын төрийн бодлого юм уу, эсвэл наад хүмүүс нь ажлаа хийхгүй байна уу. Монгол Улс малаа жилийн жилд тоолдог хэрнээ цөөхөн казах иргэнээ яагаад бүртгэчихэж чадахгүй байгаа юм.
 
 
 
-Үндсэндээ энэ хүмүүс хүний тооноос хасагдаад байгаа юмаа даа?
 
-Тийм ээ, өөрсдийгөө хэн бэ гэдгээ ч таниулж чадахгүй байгаа. Ер нь л хүний тооноос гарч байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд Ерөнхийлөгчийн 118 дугаар зарлигаар бас л олон хүнийг Монгол Улсын харьяатаас гаргасан. Ингээд өөрөө өргөдөл гаргаагүй байхад нь гаргачихдаг. Бүхэл бүтэн улс иргэний харьяаллынхаа асуудлыг шийдэж чадахгүй байна гэхээр гайхаад байгаа юм.
 
 
 
-Одоо болтол ямар нэг нааштай үр дүн гараагүй юм уу?
 
-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж гуай саяхан ярилцлага өгч, энэ тухай ярьж байна лээ. "Харьяатаас хассан асуудал хурцаар тавигдаж, олон хүн хохирч байгаа учраас бид шуурхай ажиллана" гэж байсан.
 
 
Дараа нь мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч "цэнхэр тасалбар", өөрөөр хэлбэл Казахстаны паспорт аваагүй хүмүүсийг шууд иргэний харьяалалд оруулахаар шийдэлд хүрч байна гэж амлаад явсан. Тэгэхээр энэ асуудлыг ямар ч гэсэн нааштай шийдэгдэх байх гэж хүлээж горьдож сууна.
 
 
Б.Цэнэ
 
Эх сурвалж: