Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia” шинэчлэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ.
“E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хоёр жил долоон сарын хугацаанд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэжээ.
Шинэчлэгдсэн “E-Mongolia 3.0” ашиглахад энгийн, хялбар дизайн, тэгш хүртээмжтэй болж, урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах боломжтой боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилт бол зөвхөн технологийн шийдэл биш, цахим реформ хийх улс төрийн эр зориг, хүсэл эрмэлзэл юм гэдгийг тэмдэглэв.
“E-Mongolia” систем ухаалаг болж хөгжих тусам, цаасан мэдээлэл цахимжиж, нээлттэй болох тусам, төр иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох тусам авлига, хүнд суртал, далд эдийн засгийн ертөнц нуран унах болно. Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз хүртэл, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай хүртэл, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн асуудал цахимжиж шилэн болсноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгэм өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөөр байна. Засгийн газар мэдээллийг ил тод болгож, цахимжуулснаар иргэдийг бухимдуулсан олон үйл явдал ээлж дараалан болж байгаад хүлцэл өчье. Гэхдээ цахимжаагүй бол бид энэ бүхнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрч болох байсан. Ил тод болоогүй бол системийн авлига хэчнээн удаан хугацаанд бидний боломжийг шимэгчлэн амьдрах байсныг таашгүй. Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө бид үүнийг заавал хийх учиртай. “Цахим Монгол” төслийн ач холбогдлын амин сүнс үүнд оршино. Иргэд, хувийн хэвшил, төр засаг хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн эрүүл бүтцийг авчрах учиртай гэж Ерөнхий сайд онцоллоо. Эдийн засгийн өсөлтөө сайжруулж, авилга хээл хахуулийг халж, сайн засаглалыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоо нэн чухал. Үүний тулд иргэн бүр цахим гарын үсгээ авч цахим шилжилт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд уриаллаа.
“Цахим үндэстэн” болох зорилт алхам алхмаар хангагдаж, далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрснээр ханш тогтворжиж, 2008 оноос хойш анх удаа төлбөрийн тэнцэл эерэг гарлаа.
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” хадгалж чадлаа. Монгол Улс анх удаа төсөв дутсанаас биш төсөв давж биелснээр тодотгол хийх нөхцөл үүсэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
“E-Mongolia” системийн хэрэглэгчид, энэхүү системийг бүтэээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олон, бодлогын дэмжлэг үзүүлж, эрхзүйн цогц шинэчлэл хийж ирсэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олонд талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл0
эмнэлгийн очероос эхэл, тэр 13А маягтаа халахаас эхэл тэх үүүүүүүүү
Ил тод байдлын хуулийн дагуу ингэх нь зөв дөө
дэмжиж байна
Zov zyitei, saihan ajil yils byteejee. Ta byhend ih bayarlalaa
Хичнээн жил хөөцөлдсөн газрын гэрчилгээгээ саяхан цахимаар авсан. Үнэхээр сайхан болсон байна лээ. Хэн нэгэнд зориулж биш сайн юмыг сайн хэлж сурцгааж бас талархаж сурах хэрэгтэй.
DEED SHUUX MEDEELLEE SHILEN TSAXIM BOLGOOCH!!!
Учрал гишүүн маш ТҮРГЭН ажиллаж буй нь гайхалтай.Төрийн хүмүүст байдаггүй чанар. Мөн шулуухан 2 шууд зарлаад мэдээллээ өгөхгүй бгаа газруудыг ч шууд хэлээд явж б. Ямар бохир2 гэхэд бүр гүнзги өтөөд , идсэн өт нь үхэж шинээр төрж үүсээд тэр нь үхэж дахин ялзрарсан бнаа миний Монгол эх орон.Энэ 76, энэ ЗГ ийм байхад худал хууль батлан ухаантай царай гарган ДАНДАА ХУДАЛ ХУУРМАГИЙГ ЯРИН ярин яаж ОРШИН БАЙЖ ВЭ. Бас ч илрэхгүй бсн ёмыг зад татан илрүүлж буйд баяртай б.
Оюун-Эрдэнэ молодец!!!