сонин mn
ТЕХРАН. /Iran Daily/. Хоёр улсын дипломат харилцааг сэргээх тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Иран улс Саудын Арабад суух Элчин сайдаа томилсон талаар тус улсын төрийн хэвлэлүүд лхагва гарагт мэдээлжээ.
 
Шинэ Элчин сайд Алиреза Энаяти нь Кувейт дэх Ираны Элчин сайд, Гадаад хэргийн сайдын туслах, ГХЯ-ны Персийн булангийн асуудал эрхэлсэн газрын ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байсан гэж "Iran Daily" сонин мэдээлсэн байна.
 
Хоёр улс олон жил санал зөрөлдөөнтэй байсны эцэст харилцаагаа хэвийн болгох тухай гэрээнд гуравдугаар сарын 10-нд БНХАУ-д гарын үсэг зуржээ. 2016 онд шиит шашны зүтгэлтэн Нимр аль-Нимрийг цаазлахыг эсэргүүцсэн жагсаалын үеэр Техран дахь Элчин сайдын яам болон Мешхед хот дахь Консулын газар нь халдлагад өртсөний дараа Саудын Араб Ирантай харилцаагаа тасалсан юм.
 
Дипломат харилцаагаа сэргээх гэрээнд гарын үсэг зурахынхаа өмнө хоёр улсын Засгийн газар Ирак, Оманд хэд хэдэн үе шаттай яриа хэлэлцээ хийжээ. Тэд харилцаагаа хэвийн болгохоос өмнө Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний бүсэд сөргөлдөгч талуудыг олон жилийн турш дэмжиж байсан юм. 
 
Тодруулбал, Йеменд Саудын Араб нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газарт дэмжлэг үзүүлэх цэргийн эвслийг тэргүүлж байсан бол Иран улс нь нийслэл Сана болон хойд зүгийн өргөн уудам газар нутгийг хянадаг хусит босогчдыг дэмжиж байв.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг