sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. БНХАУ-аас АНУ-д суух шинэ Элчин сайд Се Фэн Хятад, Америкийн харилцааг зөв голдиролд оруулахын тулд Хятадтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх, санал зөрөлдөөнөө арилгах, хамтын ажиллагаагаа ахиулах чиглэлд хамтран ажиллахыг Вашингтонд мягмар гарагт уриалав.
 
Тэрбээр Нью-Йорк хот дахь Жон Ф.Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд мягмар гарагт хүрэлцэн ирснийхээ дараа хэвлэлд товч мэдээлэл өгөхдөө, “Ши Жиньпин дарга Хятадаас АНУ-д суух 12 дахь Элчин сайдаар томилсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн хэлжээ.
 
“Хятадын ард түмний төлөөлөгчийн хувиар миний бие Хятадын эрх ашгийг хамгаалахын төлөө энд ирсэн бөгөөд үүнийг өөрийн чин үүрэг гэж үзэж байна. Би Хятадын ард түмний элчийн хувьд Хятад, Америкийн харилцан солилцоо, хамтын ажиллагааг сайжруулахын төлөө ирээд байна” гэж Се Фэн хэлсэн байна. 
 
“Өдгөө Хятад, АНУ-ын харилцаа ноцтой хүндрэл бэрхшээл, сорилтуудтай тулгарч байна. Миний хувьд Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг төдийгүй асар их үүрэг хариуцлага юм. Хамтран зүтгэгчдийнхээ хамтаар хүлээсэн үүргээ биелүүлэх болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
 
Се Фэний хэлснээр, БНХАУ-ыд дарга Ши Жиньпин харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн гурван зарчмыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр нь шинэ эриний хамтын ажиллагааны үндэс суурь хийгээд зөв замыг илэрхийлж байна. "АНУ Хятадтай нэг зүг рүү харж, Тайванийн асуудал зэрэг чухал, эмзэг асуудлуудыг Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдлийн зарчмын хүрээнд зүй зохистой шийдвэрлэж, хоёр орны ард түмний төдийгүй дэлхий дахины нийтлэг ашиг сонирхлын үүднээс ажиллана гэдэгт найдаж байгааг” тэрбээр нэмж хэллээ.
 
Се Фэн, “Миний бие хамгийн сүүлд АНУ-д ажиллаж байснаас хойш 13 жил өнгөрч байна. Энэхүү 13 жилийн хугацаанд дэлхий нийт асар их өөрчлөлтийг гэтэлж ирлээ, АНУ ч мөн ялгаагүй” гэв.
 
“Миний бие албан тушаалаа хаших хугацаандаа Америкийн нийгмийн бүхий л давхаргын төлөөлөлтэй өргөнөөр харилцаж, тус улсыг ойроос ажиглаж, сонсож, харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг эрэлхийлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр хэлэв. Мөн хэвлэл мэдээлэл болон бусад салбарынхантай нөхөрлөхийг тэсэн ядан хүлээж байна. Хятад, АНУ-ын харилцаанд хувь нэмэр оруулахын төлөө хамтдаа зүтгэцгээе гэж Элчин сайд хэлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг