sonin.mn
Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг байна: Тийм ээ, Орос орон амаргүй цаг үеийг туулж байна. Түүхэндээ Орост ийм хүнд үе байгаагүй. Ямар ч гэсэн өнөөдөр бид маш хүчтэйгээр эвлэлдэн нэгдэх онцгой цаг үе тулгарлаа. 
Орос нь Украины дайны фронт дээр тулалдаж байсан бол одоо хоёр фронт дээр, Оросын баруун өмнөд гурван муж–Белгород, Брянск, Курскэд Орос өөртөө шинэ фронт нээчихээд байгааг Путин хүлээн зөвшөөрч, амаргүй, хүнд цаг үе хэмээн хүлээн зөвшөөрчээ.  
Орос орон хүнд сорилтын өмнө ирлээ, нийгэмд оюун санааныхаа үндсийг бэхжүүлэх хүсэл оргиллоо, эдийн засгаа хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө оргиллоо, одоо ялангуяа залуучуудаа хүмүүжүүлэх нь чухал байна, тэд Оросын ирээдүйг хангах ёстой гэж Путин ярьсан нь одоо ба ирээдүй цаг руу уриалсан биш, өнгөрсөндөө харамссан өнгө аястай бууж байна.
 
 
Гэтэл Путины залгамжлагчдын нэг гэгддэг, ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд явсан Дмитрий Медведев Төрийн тэргүүнийхээ үгийг хөсөр хаясан мэт цөмийн дайнаар заналхийлдэг ээлжит араншингаараа Оросыг дахин гутааж суух нь харамсалтай. Үе үе тийм сүржин мэдэгдэл хийдэг. Киевийн дэргэдээс Оросын цэргийг байлдаж хөөж гаргах үед цөмийн дайнаар эхний удаа заналхийлж, цөмийн зэвсэгтэй улсыг ялна гэж байдаггүй гэсэн алдарт афоризмаа урсгав. Дараа нь Харьковын дэргэд Оросын цэрэг томхон ялагдал хүлээж ухрах үед “цөмдөнө” гэдэг нөгөө аман заналхийллээ нүдээ эргэлдүүлэн улаа бутран ярьж харагдсан. Зовлон туулалгүй эзлээд авчихсан Херсоноо орхиж оросын цэрэг ухрах үед дахиад “цөмдөнө” гэдгээ хэлсэн. Энэ хавар Бахмутын төлөө хоёр талаасаа үхэлдэн байлдахад дахин цөмийн зэвсэг хэрэглэнэ болсон. Гэтэл саяхан “F-16” Украинд Барууныхан нийлүүлбэл цөмийн зэвсэг хэрэглэнэ болоод явчлаа.
 
ОХУ-д Төр, Засгийн газрыг тэргүүлж байсан, одоо ҮАБЗ-ийнх нь цорын ганц орлогч даргын алба хашдаг, хууль цаазны доктор, эрдэмтэн  сэхээтэн ийм хүн байнга “цөмийн зэвсэг”, “цөмдөнө”, “устгана”, “сөнөөнө” гэж хашгачих нь ёс зүй-этик, мораль талаасаа үл зохилдох үйлдэл бөгөөд энэ нь олон улсын тавцанд Орос орных нь нэр хүндийг баллаж, ерөөсөө Оросыг муухай харагдуулж байгаа үзэгдэл мөн.
 
Белгород, Брянск муж руу Оросын сөрөг хүчний зэвсэгт отрядууд нэвтрэн орж, зарим тосгон сууринг эзлэн, бэхлэлт байгуулж, тэдний командлагч нь нар нь “Путины харгис дэглэмийг устгахын төлөө байлдана” хэмээн сошиалаар бичлэг цацсан. Хариуд нь Путин ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байхад Медведевийн ам түргэдэж “Хархнуудыг алж байгаа аятай бүгдийг устга!” хэмээн хараал урсган улаа бутран заналхийлж байгаа нь ч нэг талаасаа ичмээр инээдтэй санагдав. 
Цөмийн дайн гэж тэгтлээ хүсэх зүйл үү? Цөмийн дайн дэгдвэл Медведевийн бункер бүрэн бүтэн үлдэх хэрэг үү? Медведевийн цөмийн дайны заналхийллийг барууны тийм тийм  оронд дэмжлээ гэсэн суртал ухуулгын мэдээ Кремлиэс хэргээр тараагаад эхэлжээ. Барууны орнууд дахь тэр хэдэн зуун сая хүн ард бүгд зангидсан гар шиг байхгүй нь ойлгомжтой. Үзэл санааны эрх чөлөө эдэлж байгаа бүх улсад, тэр дундаа манай Монголд ч Украины эсрэг, Америкийн эсрэг, Украинд зэвсэг нийлүүлэхийн эсрэг дуу хоолой их бага хэмжээнд байж л таарна. Тэр бүхнийг шүүрч аваад дэлхий Оросын талд гэж гэж сурталчлах нь инээдтэй, бас хэнээтэй хэрэг юм. “Цөмийн апокалипсис”–Медведевийн энэ уриа дэлхийн III дайнд хүргэнэ гэсэн тэнэг явдлыг монголчууд минь хэзээ ч дэмжиж өөгшүүлж болохгүй шүү.
Украины нутаг дэвсгэрээс цэргээ нэн даруй гаргаад, олон сайхан орос залуусын амиар тоглохоо больчихвол “цөмийн апокалипсис” хийх шаардлага аяндаа унтрана даа!
 
                                                    Бэлтгэл хошууч Адьягийн Батсайхан