sonin.mn
Аюултай нөхцөл байдал: Товч тайлбар №3
 
 (үргэлжлэл бий)
 
“Орчноо өөртөө нэгтгээд авчих гээд байдаг муухай зан оросуудад хэзээнээс нааш байсан” гэх шүүмж үг бий. Энэ нь ч ортой. 
Барууныхан далайгаар яваад л газар нутаг, колони, алт, мөнгө олоод л, Азиас торго, шаазан, амттан, амтлагчийг зөөгөөд л, амьтан, араатан бужигнасан арал, олтригууд хүрээд л атаархам сайхан байсан үед Орос орон далайд гарцгүй байлаа. Газарзүйн байрлалын энэ гачаал л Оросыг Атландын далайруу, мөн Номхон далайруу түлхэлсээр байв. Энэ том гачаалын хагасыг нь Их Петр арилгаж, үлдсэнийг нь залгамжлагчид нь Номхон далайд хүрснээр үгүйсгэжээ. Оросууд Хар далай, Газардундын тэнгэсрүү ч зүтгэжээ. Чухам ингэх явцдаа л тэд асар том газар нутагтай болсон байна. Атландын далайгаар аялан ажлаа амжуулсаар байсан Барууныхан энэ байдлыг ер хэрэгссэн ч үгүй өнгөрчээ. Ер нь барууныхан Оросыг таних, ойлгохдоо хэзээний л муу байсан юм. 
 
Барууныхан өсөж, өндийж, хүчирхэгжиж, баяжиж, соёлжиж, чамирхсаар байх хооронд Орос орон бүх талаар хүчирхэгжиж, бүр дийлдэхээ больсон түүхтэй. Энэ байдалтай Барууныхан, нэмээд АНУ-ын олигархууд ер эвлэрэхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Ингээд л нэгэнт буй болчихсон бодит байдлыг өөрчлөх гэж Барууныхан элдвээр оролдсоор байгаагийн нэгэн илрэл нь Орос, Украины дайн болчихоод байна. 
 
Яг үнэндээ бол барууныхан нөгөө л хуучин аргаа хэрэглэж, бараг л бүгдээрээ хамтарч, СССР нэгэнт задарчихсан болохоор үндсэн дээр нь бид Их жанжин-АНУ-ын найруулгаар, бидэнрүү хандарч буй Украиныг ашиглан хэргээ бүтээе гэж л алдан, онон, даарч бээрсээр зүтгэцгээж байгаа болно.
Цөмийн цохилт өгөх, хараалсан бүхнээ сүйрүүлэх дэлхий дахины бодит боломжийн хагасаас илүүг нь шахам эзэмшдэг улс оронтой байлдаж тоглож болно гэж үү? Тоглоом нь шоглоом болж, өөрсдөө ч сүйрч, өрөөлийг ч сүйрүүлж, “өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн” үлгэрээр ч орж болох биш үү? 
Дэлхийн бөмбөрцгийн Ази, Европын хагаст дэгдэж, удаан үргэлжилсэн том дайнаас нэг л том акул хожсоор ирсэн түүхтэй. Энэ түүх энэ удаадаа ч давтагдах байх. Энэнээс зайлсхийх аргын эрэлд л барууныхан цаг алдалгүй гарах нь зөв болорв уу? Европын бараг бүх улсын цэрэг, зэвсгийг нийлүүлж нэгтгээд 600 мянга гаруй хүн хүчээр Оросруу халдсан Напалеон яалаа даа... Өөрт нь аюултай түвшинд хүрэх л юм бол АНУ Атландын далай, Номхон далайн цаана байгаагаа зарлаад л, гэмгүй царайлаад л сууж байх болно. Тэр үед Европод юу болох бол оо? Эзэн нь чимээгүй болчихлоор Азийн хэд ч дагаад л дуугаа хураачих байх. Орос, Хятад, Энэтхэг, Иран, Өмнөд Африкийн БНУ, Бразил, Египет мэтийн томчууд харин хүч хэрэглэхээс бусад бүх аргаар хоорондоо харилцсаар, бие биендээ тусламж, дэмжлэг үзүүлсээр, тооцоогоо хийцгээгээд л, харилцан аялаж, жуулчилсаар л хуучин оноо үдэж, шинэ оноо угтсаар үлдэх бизээ. “Эвлэвэл бүтдэг, эвдэрвэл гутдаг” гэх монгол ухаан мөнхөд хүчинтэй хэвээр байх нигууртай нь үнэн юм шүү. 
 
***  
ОХУ энэ хэвээрээ, далай их янзаараа байж л байг л дээ. Тэдний дотоод хэрэгт оролцох, бүр хүч хэрэглэж оролцох эрх хэнд ч байхгүй. Оросын ард түмэн гэх нэгэн том нийтлэг буй болох процесс тэнд явагдсаар л байна. Олон угсааны хүмүүс хамтран амьдрах, зэрэгцэн орших нь байдаг л үзэгдэл. Цөөнх нь олонхио түшээд, олонхи нь цөөнхөө дэмжээд тэд цөм хөгжиж байгаа, урагшилж байгаа, “үхэхээс бусдыг үзсэн Оросын ард түмэн” бусдынхаа зовлон, жаргалыг ойлгоод, аливаа асуудлыг нь шийдээд эвтэй, найртай амьдарч л байвал боллоо шүү дээ. Даяаршлын эрин үед сайн санааны, хэн хэндээ ашигтай аливаа ажил хэрэг, бизнест хил хязгаар саад болохгүй байгаа. ОХУ энэ талаараа хэнд ч нээлттэй. Орос руу хөрөнгөө ч оруул, хүнээ ч илгээ, газар ч түрээсэл бүгд л боломжтой. 
 
ОХУ бол том орон, хүчирхэг улс. Түүнд өөрт нь нийцэх, дүйцэх ааш авир байлгүй яахав. Орос улс туулай шиг аашилж таарахгүй, гэхдээ тэр арслан шиг, цөөвөр шиг, матар шиг ааш гаргаагүй.
 
Үнэхээр тийм шүү гэж хүн төрөлхтний дийлэнх олонхи нь хэлнэ. Ингэхлээр Оросыг үзэн ядах, орон хүнийг, орос хүүхдийг үзэн ядах үзэл санаанд ямар нэгэн бодит үндэс байна уу? Чухам яахлаараа, юунаас болж Украинд Оросыг үзэн ядах үзэл санаа үүсэж, дэлгэрдэг билээ. Украины ард түмэн бол өвөг дээдсээс нь эх ундрагатай их соёл, түүхтэй, хэр баргийн муу зүйл, буруу зүйлд автахааргүй сэтгэлзүй, ухамсартай, дэлхийд томдоо л орох, дээгүүрт орох боловсрол, хүмүүжилтэй ард түмэн байсан даа. 
“Тэр хүнд чөтгөр шүглэчихсэн юм” гэж манайхан ярьдаг даа. Яг л ингэж хэлж, үнэлж болохоор нөхцөл, байдал Украинд буй болчихжээ, Европод буй болчихжээ. Унгарчуудын оюун ухаан харин энэхүү өвчин, халдвараас харьцангуй чөлөөтэй байна. 
Бусдыг хорлох, сульдаах, задлах гэсэн увайгүй хэрэгт татагдан ороод түлш, шатахууны гачаалд автаж, инфиляцийг хөөрөгдөж, дотооддоо элдэв зүсмийн тогтворгүй байдал, самууныг дэгдээх, олон улсын тавцанд нэр хүндээ алдах нь Европын аль ч улсад ер зохиж байгаагүй, орчин үед бүр ч зохихгүй. Өнгөрсөн түүхийн сургамж ярайгаад л байж байна шүү дээ. Дэлхийн гуравдугаар дайн дэгдээх, Оросын цөмийн цохилтонд өртөх нь л дутаж гэнэ!
 
Оросын бүрэлдэхүүнд багтдаг бусад угсааны хүмүүс, ард түмэн өнөөдрийн бодит байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрч, бүр хамтран хамгаалалцаж байна шүү дээ. Энэ шинж, байдлыг нь улам л хүчтэй болгох талаар ОХУ-ын төр засаг их ч зүйлийг хийж, сайн ч ажиллаж байна. Оросын төр, засгийн зөөлөн бодлого орчиндоо, мөн Африк, Латин Америкад ч таалагддаг, дэмжигддэг, энэ XXI зуунд бүр ч их амжилт олсоор байгаа нь үнэн юм. 
 
АНУ минь дээ Хятадаас суралц, Оросоос суралц, 
 
хүйтэн дайны үед олсон та нарын “боловсрол, мэрэгжил” хоцрогдчихоод байна, цаанаа баталгаагүй долларын нэр хүнд сэвтчихээд байна, та нарын шахаа, дарамтнаас улс орнууд залхчихаад байна, дэлхийд буй болж байгаа байгаль, цаг уурын дулаарал нь улс төрийн, үзэл суртлын дулаарлыг шаардаж байна, дэлхийн том дайн (та нарын Японы хотуудад хаясантай харьцуулашгүй) их хүчтэй цөмийн зэвсгийг танай хотууд дээр хаяулж ч болзошгүй байна, оройтоогүй байгаа дээр нь жолоогоо татах нь хаана хаанаа, хэн хэндээ өлзийтэй байх... Галаар тоглосон хэн ч болов гараа түлж л хохирдог доо, гэрээ ч түлж мэднэ, Украин мэт улсаа ч мөхөөж мэднэ. АНУ хэд ч хуваагдаж чадах “дотоод их энергитэй, холбоо, залгаастай, оёдол зүйдэлтэй улс гүрэн дээ”... Бодох л асуудал, тооцох л цаг үе, түүхийн сургамж ч буй.
 
Хөгшин Европ дотоод зөрчил, хямралаас бараг л хэзээ ч салж байгаагүй архаг хуучтай л даа. Тэдний хэн нь зөв, хэн бурууг олж тогтоох ч боломжгүй шахуу. Одоо нэгэнт тогтчихоод байгаа бодит байдлаа ойлгох, тооцох, сахьж байх улстөрийн соёл тэдэнд бий л дээ.
 
Энэхэн хэсэг хугацаанд “улстөрөөс хол байлгаваас зохих олон хүн” бараг нэгэн зэрэг шахам олон орны төр, засагт шургалчихаад байна. Цаг зуурын энэ зуд удахгүй өнгөрөх болно. Байдал дахиад тогтворжих байх, угсаатан бүхний нь ухаантнууд ухвар мөчид хүмүүсээ чөдөрлөөд авах байлгүй. Буруу, бурангуй багасаж, зөв, сайн нь дэлгэрч байгаа эрин зуун шүү дээ. Ерөнхийдөө, олонхидоо, цаг үедээ захирагддаггүй цөөнх, тусгай, нэгж гэж байдаггүй. Хамгийн том хохирол бол хоёр талаасаа хэдэн зуун мянгаараа амь үрэгдэж байгаа жирийн иргэд юм. Төөрөлдөж, хууртагдаж, донтож, хүн чанараа гээсэн цөөн “удирдагч”-ийн гай, балгаар хагас сая шахам цэрэг эрс амь үрэгдэж, мөн хагас сая шахам нь шархдаж, тахир дутуу болох нь тодорхой болчихоод байна шүү дээ!
Энэ дайн дуусахын цагт ямар үр дүн, үр дагавар гарах талаар цөөн зүйл өгүүлье. Нэгдүгээрт; Барууныхан, Европынхан ОХУ-тай тангараг тасарна. Тэр хүйтэн, хөндий байдал аль алинд нь ихээхэн хохирол авч ирнэ, удтал гай тарина. Хоёрдугаарт; Япон, Өмнөд Солонгос, Канадын нэр хүнд Орос, Хятад, Энэтхэг тэргүүтэй олон орны хувьд ихэд доройтно. Гуравдугаарт; Африк, Латин Америк, Азийн олон орон АНУ-аас зай барьж, Орос, Хятад, Энэтхэг, Иран тэргүүтэй орнуудтай ихэд дотносно. Дөрөвдүгээрт; Дэлхий дахин маань (200 гаруй улс орон) олон төвтэй, олон тулгууртай, олон томчуудтай, олон донортай болж, хожил нь олон талд хуваагдаж бүгд баясах болно.
Дайн цөмийн сүйрэлд хүргэх аваас Дэлхий дахин гэх том нийтлэгийн дайны дараах нүүр царай “хэлэхэд хэцүү, харахад аймшигтай, сонсоод л ухаан балартахаар, ойртоход л хордож үхэхээр” там болж хувирах бизээ... тарчилсан, гасалсан хүмүүсийн дуу, нулимс зуун жилийн дараа ч сонсогдсоор, урссаар байх бизээ...
 
***
XX, XXI зуунд үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухаан хөгжихийн хэрээр ололт, амжилт бүхнийг нь хүмүүсийг хөнөөх хэрэгсэл болгон ашиглах гэсэн санаачилга, оролдлого хүчтэй боллоо. Цөмийн зэвсэг, химийн, бактериологийн, лазерийн гэх зэвсгүүд, нисэгчгүй нисдэг биетүүд (дрон), тив алгасан нисэх, хөнөөх пуужингууд, газраас, агаараас, усан дороос цохилт өгөх зэвсгүүд, дээр нь хэвлэл-мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан нэг ард түмнийг нөгөөд нь дайсан болгон бэлтгэдэг онцгой хөнөөлтэй зэвсэг бас буй боллоо. Хэвлэл-мэдээллийн хаалттай орчинд бүхэл бүтэн бүс нутаг, тивээр нь оруулж худал, хуурмагийг ярьж, үзүүлсээр байгаад хүмүүсийг араатан болгон хувиргадаг технологи ч буй болчихлоо. Милитарист, нацист, фашист үзэл санааг чухамхүү ингэж “тарьж, ургуулж, цэцэглүүлдэг” болоод байна. Сансар судлалд гарсан техник, технологийн ололт, холбоо харилцаанд гарсан дэвшил, хиймэл дагуулуудаас авах боломжтой мэдээллүүд гэх мэтээр бүгдийг, бүхнийг дайн, түрэмгийлэл, аллага хядлагын хэрэгт ашиглаж байна.
 
Ашгийн төлөө, алсыг хараагүй, өрсөлдөж, өрөөсгөлдөж хийсэн, бүтээсэн бүхэн хүмүүст аюул авч ирж байна. Жишээ нь хоорондоо зай, талбайгүй шахан барьсан өндөр барилгууд газар хөдлөх үед уул толгод шиг нуранги болж хувирч байна. 7-8 хоног ухаад, зөөгөөд ч доороос нь хүн аврах боломжгүй хэмжээний балгас болчихно гэдгийг тооцох ёстой биз дээ?
 
Товчилж хэлбэл орчин үеийн том хотууд газар хүчтэй хөдлөх аваас олон сая хүнийг амьдаар нь оршуулах нурангиуд болох юм байна. Ийм ирээдүй, ийм маргаашийг хүмүүс өөрсдөө буй болгосоор л байна шүү дээ...
Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 80-90 хувь, тэр дундаас залуусын дийлэнх олонхи нь улстөрийн боловсрол, ёс суртахууны хүмүүжил, хүний мөс чанараар ихэд доройтлоо. Тэд спорт (хөл бөмбөг, сагсан бөмбөг гэх мэт), элдэв шоу, зугаа цэнгэлээр л чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Өөр юу ч бараг сонирхдоггүй, улстөр, шашины элдэв харгис урсгалд хялбархан автагддаг, хөөрөх, доргихдоо ч хялбархан, туйлбар тэвчээр багатай, ноён нуруугүй хүмүүс болцгоож байна. Энэ байдлыг нь Барууныхан улам бүр өөгшүүлж залуусыг элдвээр төөрөлдүүлж, бусармаг зорилгондоо ашиглаж байх болжээ. Улстөрийн хувьд залуусыг харанхуй байлгах нь Барууны олигархиудын хувьд онцын ашигтай нөхцөл, тохироо мөн ажээ. Тэд энэ байдлыг өөгшүүлж, хадгалахыг хичээх болчихжээ. 
 
Тэд ажилчин зөгий мэт, ажилчин шоргоолж мэт дүлий, дуулгавартай, боолын сэтгэхүйтэй ард түмэнтэй, залуустай байхыг эрхэмлэж, хүн ардаа мал сүрэг мэт дуртай зүгрүүгээ тууж, хөтөлж байх боллоо. Тэд хүмүүст хүмүүнлэгээр хандах сэтгэл ч үгүй, соёл ч үгүй болчихоод байна. Америкчууд бид л хожиж, завшиж байвал Ази, Африк, Латин Америкийн хэн нь хэрхэн хохирох нь бидэнд падгүй гэцгээдэг улангасал тэдэнд буй болж, бэхжижээ. Ингэж л хүн хүндээ дайсан болох, бусдыг үзэн ядах үзэл санааг биежүүлж, хүн төрөлхтөнг хорлож, сүйтгэж байна. Энэ байдалтай дэлхий нийтээрээ оройтоогүй дээр нь тэмцэх хэрэгтэй. Хэтэрхий оройтчих аваас хүмүүс нь биш, араатнууд нь ялах, үүрд ноёрхох болно.
 
Судлаач, профессор Д.Чулуунжав