сонин mn
АНКАРА. /Reuters/. Швед улс НАТО-д элсэхэд Туркийн дэмжлэгийг хүлээх хэрэггүй гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт мэдэгджээ. Стокхолм хот дахь Туркийн Элчин сайдын яамны гадна өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үеэр Коран судрын хуулбарыг шатаасан явдал гарсны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна.
 
“Манай ЭСЯ-ны өмнө /Стокхолм дахь/ бурхан шүтээнийг үл хүндэтгэсэн явдлыг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс НАТО-д элсэхэд биднээс дэмжлэг хүлээх хэрэггүй” гэж Р.Эрдоган Засгийн газрын хуралдааны дараа хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ.
 
Стокхолмд бямба гарагт Туркийн эсрэг, мөн Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцсэн жагсаалын үеэр Коран судрын хуулбарыг шатаасан нь Шведийг тус цэргийн эвсэлд нэгдэхэд дэмжлэг нь хэрэгтэй байгаа Турктэй харилцаа нь хурцдахад хүргэсэн байна. Коран судрын хуулбарыг Данийн хэт барууны үзэлт намын дарга бөгөөд Шведийн иргэншилтэй Расмус Палудан шатаасан бөгөөд түүний хувьд урьд нь энэхүү судрыг шатаасан олон жагсаал зохион байгуулж байжээ.
 
Саудын Араб, Йордан, Кувейт зэрэг Арабын хэд хэдэн улс уг үйл явдлыг зэмлэн буруушаасан байна.
 
Швед, Финланд улсууд ОХУ-ыг Украин руу довтолсны дараа НАТО-д элсэхээр шийдэж, эвсэлд нэгдэх хүсэлтээ өнгөрсөн онд албан ёсоор гаргасан ч хоёр улсын хүсэлтийг НАТО-гийн гишүүн 30 орон бүгд соёрхон батлах ёстой юм. Турк улс болсон хэрэг явдалтай холбогдуулан Шведийн Элчин сайдыг дуудан эсэргүүцлээ илэрхийлсний сацуу Шведийн Батлан хамгаалахын сайдын Анкарад хийхээр төлөвлөж байсан айлчлалыг цуцалжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг