sonin.mn
АН-ынхан өчигдөр хуралдлаа. “...Энэ намын дарга хэн болох вэ” гэдэг нь сүүлийн хэдэн өдрийн турш “нийгмийн хэлэлцүүлэг” болтлоо яригдсан. Эхлээд зургаан хүн нэр дэвшихээр болсон. Гурав нь нэрээ татаж, гурав нь өрсөлдөв.
 
Эднээс АН-ын дарга болох магадлалтай нь С.Баярцогт, Лу.Гантөмөр хоёр гэж байв. Учир нь хоёулаа “ар тал” сайтай. С.Баярцогт өнгөрсөн зунаас эхлээд бэлтгэл ажилдаа орсон Уйгагүй явсан. Энэ сарын 13-нд АН-ын ҮБХ-ны хурал гээчийг зарлахад ч тэрбээр “рейтинг” өндөртэй байв. Ер нь санал хураалтын дүн гартал тийм байсан л даа. 
 
Лу.Гантөмөрийн хувьд сүүлд нэрээ зарласан. Бас өнгөрсөн хэд хоногт хүчтэй яригдсан ч С.Баярцогтын хэмжээнд бол байгаагүй юм. Мөн З.Нарантуяа АН-ын эмэгтэй гишүүдээ төлөөлж өрсөлдлөө. Нэрээ татсан С.Одонтуяа ингэж хэлсэн. 
 
 
Харин санал хураалтын дүн гарахад Лу.Гантөмөр 51.88 хувиар ялалт байгуулав. С.Баярцогт 43 хувь, З.Нарантуяа 4.9 хувийн санал авчээ. Өөрөөр хэлбэл, “...Ялна” гээд бараг итгэчихсэн, оргилуун дарсаа бэлдчихээд байсан С.Баярцогтынхон том цохилт авлаа. Нөгөө талд, нэр дэвшигч Лу.Гантөмөрийгөө тултал нь PR-даж чадаагүй ч улс төрийн акц, заль хоёрыг тултал хийсэн дэмжигчид нь ялалт байгуулав.
 
 
С.Баярцогтын ард хэн хэн байсан нь тун ойлгомжтой байсан. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй баг ажиллаад байгааг ажиглагчид хэлээд л байв. Гэхдээ тэдний алдаа нь С.Эрдэнийн хаягтай нам дээр дөрөөлж ҮБХ хуралдуулсан хэрнээ С.Эрдэнийгээ хаячихсан. Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнэтэй гар барихгүйгээр АН-ыг гартаа оруулна гэж төөрсөн. Лу.Гантөмөрийн тухайд гол хүч нь нутаг усныхан нь байв. Мөн үеийнхэн нь голдуу бүрдүүлдэг фракцынхныг нь дурдах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол дэмжлэг нь Х.Баттулга зүгээс ирсэн гэхэд болно. Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-т мэдүүлэг өгчихөөд Солонгос руу явсан Х.Баттулгын сураг хэд хоногийн дараа Сингапураас гарсан. Тэнд томоохон уулзалтуудыг хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байв. Тэндэх уулзалтад оролцогчдын дунд цагтаа МоАХ-ны дарга явсан, Лу.Гантөмөрийн нутгийн ах байсан. АН-ын ҮБХ-ны хурал гээч энэ сарын 13-нд зарлагдангуут Х.Баттулга Сингапураас хүрээд ирсэн. Ирэнгүүтээ С.Баярцогтыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хамт Цэцэд өгсөн. Гэтэл энэ нь улс төрийн шоу байсан бололтой юм. Учир нь 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр АН-ын хуульч хэмээх, өмгөөлөгч асан Г.Батбаяр яг энэ асуудлаар Цэцэд өгчихсөн. Цэц түүнийх нь дагуу хэрэг үүсгэж байх үед Х.Баттулга давхар хандсан болж таараад байгаа юм. Түүнчлэн өчигдөр АН-ын хурлын үеэр дээрх асуудлаараа АТГ-т хандсан. Энэ нь бас л цааш явахааргүй, улс төрийн бас нэг тоглолт нь гэхэд болохоор үйлдэл байв. Үүгээрээ Х.Баттулга "...Би гадна л байгаа шүү" гэсэн мессежийг өгсөн бололтой юм.
 
Гэхдээ С.Баярцогтын холбогдсон асуудал бол өөрийнх нь хэлдгээр “...Төр хохироогүй” зүйл биш л дээ. Өнөөдрийн илэрч байгаа том том авлига, албан тушаалын хэргүүдтэй зэрэгцүүлээд “...жижиг” хэмээж байгаа ч агуулгаараа хууль зөрчсөн үйлдлүүд болохыг олон нийт мэдээд байгаа юм. 
 
Мөн Лу.Гантөмөрийн энд дэмжиж буй нөлөө бүхий хүмүүсийн нэг нь АН-ын ганц эрх зүйн чадамжтай “субьект” болох О.Цогтгэрэл юм. Тэрбээр 2021 оны хавар Х.Баттулгын АН-ын даргын сунгаанд ороод “түрүүлж” байлаа. Бас “...Лу.Гантөмөрийг АН-ын дарга болох юм бол тэр генсек болно” гэсэн тохироотой хуралд орсон гэдэг. Товчхондоо, өчигдрийн АН-ын хурлыг Х.Баттулга “гудамж”-наас удирдчих шиг боллоо.   
 
Гэхдээ С.Баярцогтын талынхны алдааг Лу.Гантөмөрийнхэн ч гаргасан. Мөн л С.Эрдэнэтэй гар бариагүй. АН-ынхан хуралдаж, С.Эрдэнэ, түүний ҮБХ-ны дарга Д.Ганбат нар тасралтгүй сөрөг мэдэгдэл хийсээр байв. Хамгийн сүүлд “...Тэгж яривал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг эргэж харах хэрэгтэй шүү” гэсэн агуулгатай мэдэгдэл хийлээ. Энэ нь өчигдрийн хурал Дээд шүүх дээр үргэлжлэх магадлалтайг харуулж буй юм. 
 
Улс төрийн намын бүртгэлийг албажуулах үүрэгтэй Дээд шүүх АН-ын энэ хэрүүлээс аль болох ангид байхыг хүсч ирсэн. Гэхдээ хэрүүлийн алимыг өөрсдөө тарьсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ хариуцлагаа үүрч огцорсон. Оронд нь Ц.Туваан үүрэг гүйцэтгэгч болсон. Түүнийг бүртгэж авсан. Тэгснээ 2021 оны нэгдүгээр сард Ц.Тувааныг бүртгэлээс хассан. Үүнээс хойш АН-ын ямар ч даргыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин АН-ын дарга нэмэгдээд л байв. Тэдэн рүү чиглэсэн улс төрийн тал талын хэрчээс ч байсан биз. Тэгж тэгж 2022 оны гуравдугаар сарын 31-нд нэг тогтоол гаргасан. “...АН-ын ээлжит бус ХIII Их хурлын 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн “Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 07 дугаар тогтоолоор баталсан АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсүгэй” гэж шийдсэн байдаг. Энэ нь АН-ынханд дотоод зөрчлөө шийдэх гарц болж өгсөн. Тодруулбал, Үндсэн дүрэмд нь “...Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж орсон байдаг. 
 
Ер нь бол Дээд шүүх өнгөрсөн хугацаанд АН-ын дарга болоод Үндсэн дүрмүүдийг бүртгэдэггүй байсан. “...Тус намынхан дотоод асуудлаа өөрсдөө зохицуул” л гэдэг байв. Гэтэл өөрсдөө учраа олохооргүй болсон үед нь дээрх гарцыг нээж өгсөн байдаг. Гэсэн ч өчигдрийн хурлаараа “...Эвээ олсон” гэхэд бас л хэцүү болчихлоо.
 
Гаднаас эсэргүүцээд байсан С.Эрдэнэ дээр С.Баярцогтыг дэмжиж байсан том “баг” нэмэгдэх магадлалтай болов. Энэ утгаар нь харвал, улс төрийн хэл амнаас бултсаар ирсэн Дээд шүүх “...Маш сайн гарц оллоо” гэсэн нь маргаашаас “мухар нүх” болж мэдэхээр боллоо. АН-ынхан одоо Лу.Гантөмөрийгөө аль болох хурдан бүртгүүлэхийг бодно. Өнөөдөр ч Дээд шүүхэд хандаж магадгүй. Харин Дээд шүүх энэ “мухар нүх”-нээс яаж гарах вэ. Дахиад л толгойгоо ажиллуулах шаардлагатай. Магадгүй, “...Лу.Гантөмөрийг сонгосон АН-ын ҮБХ хүчин төгөлдөр үү. 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хуралдсан ээлжит бус Их хурлын ҮБХ мөн үү” гэх зэрэг асуулт тавиад гэдийж мэдэх л юм. Гэвч “гэр”-т орсон Х.Баттулга, “гудамж”-нд үлдсэн С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар ямар яриа хөөрөө хийх вэ гэдгээс бүгд шалтгаална. Ерөөсөө л, тэд хэрэлдвэл Дээд шүүх гэдийнэ. Тэд эвлэрвэл АН Лу.Гантөмөртэйгээ цааш явна. Угаасаа тэрбээр намынхандаа "...Би С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг нэгтгэнэ" гээд амлачихсан. Дашрамд хэлэхэд, ямартай ч Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсоноор энэ намын удирдлага насны хувьд МАН руу нэлээд дөхлөө шүү. 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин