сонин mn
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар Нийслэлийн төв талбай, Төрийн ордон орчимд болж буй жагсаал, цуглааныг албадан тараах захирамж гаргасан  байна.
 
Уг захирамжинд: "Монгол Улсын иргэд ээ, эрхэм хүндэт залуучууд аа, аливаа зүйлд хүчирхийллийн бус аргаар, тайван нухацтай хандах зүй ёсны шаардлага гараад байна. Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тайван жагсаал хийх эрхээ хуулийн хүрээнд зохион байгуулж, хууль ёсны шаардлага тавих ёстой. Гэтэл хуулиас давах, хүчирхийлэлд шилжих нөхцөл сүүлийн цагуудад үүсээд байна. 
 
Тиймээс иргэдийнхээ тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хүндэтгэж байгаа. Харамсалтай нь жагсаалыг далимдуулж нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурч жагсаал цуглааны агуулгыг өөрчлөх санаатай хүмүүс буруу зүйлд уриалж байна.
 
Өнөөдрийн жагсаалаас залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг олны анхаарал татсан хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд өдөөн турхирах, тусгай хамгаалалттай объектод халдаж, бусад иргэний амгалан тайван байдлыг алдагдуулаад байна.
 
Насанд хүрээгүй хүүхдүүд жагсаалд оролцож байна. Цаг орой болсон тул хатуу биетийг энд, тэндээс шидэх үзэгдэл гарч, зарим иргэн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байна. Алба хаагчид маань бэртэж, гэмтсэн тохиолдол гарлаа. Дөрвөн иргэн бэртэж, гэмтэж эмнэлэгт хүргэгдлээ.
 
Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг даргын захирамж 19:00 цагт гарлаа. Бид иргэдэд хоёр цагийн хугацаатай сануулга, уриалга өгнө. Ийм шийдвэр гарсныг иргэддээ мэдээлж, аливаа зүйлийг өдөөн дэвэргэх энэ үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна" гэжээ.