sonin.mn
МҮХАҮТ, JETRO (Японы гадаад худалдааг дэмжих байгууллага)-тай хамтран “Монгол-Японы бизнес уулзалт"-ыг зохион байгууллаа.
 
Бизнес уулзалтад Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Дэд сайд Ш.Накатани Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO) -ын дарга Сасаки, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монгол Улсаас гадаад худалдаа, уул уурхай, барилга, харилцаа холбоо, ноос ноолуур, хүнс, агаарын тээвэр, банк санхүүгийн салбарын нийт 30 орчим тэргүүлэгч аж ахуй нэгжийн 60 орчим төлөөлөл, Япон Улсын 150 гаруй бизнес эрхлэгч оролцов. 
 
Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа бол үлдсэн 8 хувийг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Цаашид уул уурхайн бус хөдөө аж ахуйн гаралтай мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, аялал жуулчлалын салбарын экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. 
 
Мөн тэрээр, Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж, түүнчлэн хөрөнгө оруулалтын тогтвортой, таатай нөхцөлийг бүрдүүлсэн хөдөө аж ахуйн парк, чөлөөт бүсүүдийг бий болгоод байгааг дуулгахад таатай байна. Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, Монгол-Оросын хилийн боомт түшиглэсэн Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүс, Монгол-Хятадын хилийн боомтыг түшиглэсэн Замын-Үүдийн чөлөөт бүс болон Дорнод, Ховд, Дарханы хөдөө аж ахуйн паркуудад хөрөнгө оруулж, бараа бүтээгдэхүүнээ зөвхөн Монголын төдийгүй Монголоор дамжуулж, ОХУ, БНХАУ-ын зах зээлд борлуулах боломжтой гэлээ. 
 
МҮХАҮТ-ын зүгээс Японы ХАҮТ, Японы гадаад худалдааг дэмжих байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Бизнес форумын үеэр “Японы компаниудын Монголд явуулж буй өнөөгийн бизнес санаачилга”-ын талаар Data Artist Inc.-ийн төлөөлөгч С.Ямамото, "Мобиком" корпорацын гүйцэтгэх захирал К.Кирушима, “Монгол, Японы технологийн хамтын ажиллагааны стратегийн түншлэл, ач холбогдол”-ын талаар “Анд Глобал” ХХК-ийн гүйцэтгэх Захирал Б.Хос-Эрдэнэ, ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал Г.Өлзийсайхан “Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд цахим арилжааг хөгжүүлэх боломж”-ийн талаар тус тус танилцуулав. Форумын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх В2В уулзалт зохион байгуулагдлаа.