sonin.mn
АСТАНА. /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар даваа гарагт Кремльд уулзах үеэрээ Оросын байгалийн хийг тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулах "гурвалсан холбоо"-г Узбекистантай байгуулах талаар хэлэлцсэн гэж Казахстаны удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Руслан Желдибай мэдээлжээ.  "Төрийн тэргүүний Москвад хийсэн айлчлалын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зарим асуулт ирж байна.
 
Үүнтэй холбогдуулан Казахстан, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын Кремльд хийсэн яриа хэлцээний үеэр Оросын хийг Казахстан, Узбекистаны нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулах зорилгоор Орос, Казахстан, Узбекистанаас бүрдсэн "гурвалсан холбоо" байгуулах талаар ярилцсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй" гэж тэрбээр өөрийн “Facebook” хуудсанд бичсэн байна. 
 
Түүний хэлснээр, Токаев, Путин нар "сонирхогч бүх талын ашиг сонирхлыг харгалзан үзэж энэ асуудалд оновчтой шийдэл олохын тулд гурван орны шинжээчдийн оролцоотойгоор нарийвчилсан хэлэлцээ хийх шаардлагатай гэж үзжээ. В.Путин гурван талын холбоо байгуулах санал тавьсан бөгөөд энэ асуудлаар Узбекистаны Ерөнхийлөгчтэй утсаар ярилцахаар төлөвлөж байгаагаа Токаев ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй даваа гарагт уулзах үеэрээ мэдээлсэн байна. 
 
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев даваа гарагт ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Энэ оны 11 дүгээр сарын 20-нд төрийн тэргүүнээр улиран сонгогдсоныхоо дараа түүний гадаадад хийсэн анхны айлчлал нь энэ юм. Москвад Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн байна.
 
Хоёр удирдагч Орос-Казахстаны стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлэх, мөн Евразийн орон зайд интеграцын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Үүнээс гадна, Кассым-Жомарт Токаев, Владимир Путин нар Оренбург хотноо энэ өдөр зохион байгуулагдсан Орос, Казахстаны бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны XVIII чуулганы нэгдсэн хуралдаанд оролцогчдод хандан цахимаар үг хэлсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг