сонин mn
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласан өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. 
 
Монголын төрт ёсны түүхэнд нэн ээдрээтэй цаг үед монголын ард түмэн анхдугаар Үндсэн хуулиа зарлан тунхаглаж, даяар олноо тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхтэй. 1921 оны ардын хувьсгалын үр дүнд Ардын засгийн газрыг байгуулж, засаг ба засаг бус ван гүнгүүдийн нутгийн захиргааны дүрэм, тангаргийн гэрээ гэх үндсэн хуулийг орлохуйц хууль цаазыг баталж, 1922 оны тавдугаар сарын 19-ний өдөр тухайн үеийн Шүүх яамны сайд Хурц гүн Магсаржаваар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс АНУ, Зөвлөлт Орос улс, Япон, Белги зэрэг улсуудын Үндсэн хуулийг орчуулж, шинэ Үндсэн хуулийн төсөл, эх боловсруулах ажлыг эхлүүлсэн байдаг. 
1924 оны тавдугаар сарын 20 хүртэлх цаг хугацаанд тухайн үеийн Монгол Улс Хэмжээт эрхт хаант засаглалын хэлбэртэй оршиж байсан билээ. Богд хаан жанч халж, Монгол Улсын засаглалын хэлбэр ойлгомжгүй байдалтай болсон байв.
 
Зөвлөлт Орос улс, Дундад иргэн улсын хооронд гэрээ байгуулагдсан нь Монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой хор хохирол учруулахуйц хэмээн тухайн үеийн тэргүүлэх сэхээтнүүд үзэж, Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлыг эрчимжүүлсэн.  
 
1924 оны есдүгээр сарын 23-нд Балингийн Цэрэндорж гуайгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Зөвлөлт Орос улсын үндсэн хуулийг орчуулж чиг баримжаа болгон, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил эрчимтэй урагшилсан. Улмаар 1924 оны есдүгээр сард Монгол Улсын өнцөг булан бүрээс 90 төлөөлөгчийг цуглуулах замаар анхдугаар Үндсэн хуулийн төлөөлөгчдийг сонгосон байдаг. Энэ 90 төлөөлөгчөөс 77 нь уг анхдугаар Үндсэн хуулийг батлах улсын анхдугаар Их хурлын төлөөлөгчөөр хуралдаж, 1924 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 17 минутад Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Монгол Улс төрт ёсныхоо түүхэнд анхны бичмэл хууль цаазтай улс болон түүхэнд бичигдэж үлджээ.
 
Энэхүү Үндсэн хууль Монгол Улсыг даяар олноо туурга тусгаар Бүгд Найрамдах Улс гэдгийг зарлан тунхагласан ач холбогдолтой.
 
Мөн нийт иргэд засаг төрийн эрхийг шууд гартаа барих, ард түмний төлөөллийн зарчмаар төрийн удирдах дээд байгууллагууд сонгогдож, засгийн эрх ард түмний гарт байх Үндсэн хуулийн суурь зарчмыг тунхагласнаараа түүхэнд бас нэгэн тод мөр үлдээсэн юм. 
Туурга тусгаар Монгол Улсынхаа иргэддээ анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо зарласан өдрийн мэндийг дахин өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай.
 
УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР