sonin.mn
Шинэ зуунд Монгол Улсын хөгжил дэвшлийн гэрлийг асаасан гол салбарын нэг болох Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Хүн ардынхаа ахуй амьдралын тав, тух, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөөх их үйлсэд цаг наргүй зүтгэж ирсэн алтан гарт засварчид, гагнуурчид, монтёрууд, слесариудээрээ бахархах түүхт өдрүүд энэ юм аа. Үе, үеийн эгэл даруухан халуунд халж хүйтэнд хөрч гавьяа шагнал гэхээсээ илүү хатуу өндөр шаардлага дор өгсөн үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ чанартай хийж гүйцэтгэж байсан эдгээр баатрууддаа Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100 жилийн түүхт ойн мэндчилгээг дэвшүүлье. 
 
Өнгөрсөн нэгэн зуунд Монголын эрчим хүчний салбар хөгжин дэвшсээр ирсэн билээ. Ялангуяа сүүлийн нэгэн жаран бол энэ салбарын хөгжлийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх том дэвшил гарсан нь төвлөрсөн дулаан хангамжийн систем юм аа. Өнөөдөр нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө засаж, өргөжин тэлж, өндөр өндөр байшин барилга, хороолол, үйлдвэр аж ахуйн газрууд баригдаж, хүн ам нэмэгдсээр байна. Энэ бүхнийг харах бүрийд бахархах сэтгэл эрхгүй төрдөг. Үнэхээр сайхан. Гэхдээ хүн бүхний нүдэн дээр ил энэхүү гайхамшиг газар дор бүтээн байгуулагдаж, хөгжиж сүндэрлэж байдаг гэдгийг мэддэг хүн хэр олон билээ дээ. Нүдээрээ хүн бүр харж чадахгүй ч, сэтгэл зүрх, бодол санаандаа төсөөлж чадах газрын доорх “хот"-ыг бүтээгчид нэгэн “ЖАРАН”-г туулсан билээ.
 
Улаанбаатар хотоо хүнээр зүйрлэвэл, цахилгаан станцын үйлдвэрлэсэн дулааныг нийслэлийн бүхий л эд, эсүүдэд дамжуулан түгээж байдаг зүрх, судасны систем нь газар доорх тэр нүсэр байгууламж байж таарна. Өнөөдөр нийслэлийг эрчим хүчгүйгээр, дулаангүйгээр төсөөлөх боломжгүй. Гэхдээ дулаангүй, цахилгаангүй болох аюул ямагт бий.
 
Иймээс л Монгол хүнийг хэдийд ч аюулд оруулахгүйн тулд, аз жаргалтай, тав тухтай, халуун дулаан байлгахын тулд 379 км урт, яг аалзны тор шиг адармаатай сүлжээ бүхий системийг ямагт анхаарч, тордож, тэтгэж, тэлж, хөгжүүлж, шинэчилж байх шаардлагатай байдаг юм. Тэрхүү урт хоолойгоор цельсийн 135 градустай халуун уурыг нийслэлийн энхэл донхол, уруу өгсүүр, нугачаа болгоныг давж, үл саатаж, яг хүний цусны даралт шиг хэвийнээр, ихэсгэж, багасгахгүйгээр бүхий л цэгүүдэд тогтмол хүргэнэ гэдэг баргийн бэрхшээлтэй зүйрлэж боломгүй, инженерийн маш нарийн тооцоолол шаардсан, төвөгтэй үйл ажиллагаа байдаг юм. Энэ бүхнийг тооцоолж, удирдаж, тохируулж ажилладаг хүмүүсийг Улаанбаатар хэмээх том “хүн”-ий зүрх, судасны системийг хариуцсан эмч, эмнэлгийн ажилтнууд гэж тодорхойлбол жинхэнэ оносон зүйрлэл болно. Маш ярвигтай, нарийн ажиллагаа, тохируулгатай, хүний мэдпэг мэргэжил, дадал туршлагаас үр дүн нь шууд шалтгаалдаг, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх бидний Улаанбаатар хотоо ямар ч үед хөлдөөчихгүй, дулаан байлгах ажил эрхэлж, хариуцлага хүлээдэг гол салбар бол дулааныхан,  тэд өнгөрсөн 63 жилд нийслэлээ зутраахгүй ая тухтай өвөлжүүлсэн гавьяатай гэдгийг тодотгомоор байна.
 
Нэгэн зууныг ийнхүү хөгжил дэвшилтэй, хийсэн бүтээсэн баялаг арвинтай угтаж байгаа салбарынхандаа чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлэхийн сацуу энэ салбарт мэдлэг боловсрол, сэтгэл зүрхээ зориулсан нэгний хувьд бодол чилээн явдаг гурван зүйлээ ийнхүү дайяу.
 
Нэгэн зүйл: 
 
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг барилгажуулах ажил үе, үеийн төр засгийн том бодлого байсаар ирсэн билээ. Өнөөдрийн Засгийн газар ч энэ чиглэлд анхааран, гаднын экспертүүдийн зөвлөмжөөр ажил хэрэг болгохоор зэхэж буйг мэргэжлийн хүний хувьд анхааралтай ажиглаж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлого маш зөв. Тэгвэл үүнийг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд тулгамддаг асуудал бол дулааныг нь яаж шийдэх тухай юм. Дулааныг уурын зуухаар шийдэх шийдэл яригдаж байгааг би бээр дуулснаар ийнхүү үзэг цаас ноцолдуулан суугаа хэрэг. Түүхий нүүрсээр галладаг уурын зуух гэдэг бол өнгөрсөн зууны хэрэглээ. Өнөөдөр ашиглалаа ч тав, арван жилдээ л үүргээ гүйцэтгээд "тэтгэвэрт гарна”, ингээд улсаас татаас авдаг хуучны Хайлааст, Дэнжийн 1000-ын уурын зуух шиг болж эхэлнэ. Гэтэл өнөөдөр бидэнд нүүрс түлдэг хуучин технологиороо дулаан хангамжийг шийдэхгүй байх боломж бүрэн дүүрэн байна.
 
Сүүлийн долоон жилд гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдол бууруулах чиглэлээр 50 гаруй тэрбум төгрөгийг дулааны шугам барихад зарцуулаад байна. Энэ хүрээнд: Баянхошуу чиглэлд 2ф600/500 мм голчтой дулааны шугам, Яармаг чиглэлд 2ф700/600/500 мм голчтой дулааны шугам, Баянголын ам чиглэлд 2ф800/600/500 мм голчтой дулааны шугам, Дэнжийн мянга чиглэлд 2ф400 мм голчтой дулааны шугам, Амгалан станцын орчимд 2ф700 мм голчтой дулааны шугам, Цайз, Маахуур толгой орчим 2ф500 мм голчтой дулааны төв шугамууд гэр хороолол дундуур баригдаж ашиглалтад ороод ачаалал, хэрэглээ багатай ажиллаж байна. Тэгвэл эдгээр шугамууд дээр холбохоор гэр хорооллыг хувийн орон сууцны цогцолбор болгож эхэлмээр байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Сэлбэ дэд төвийн нүүрсээр ажилладаг уурын зуух нь 35 сая доллараар хийгдэж ажиллаж байна. Энэ нь бол өндөр өртөгтэй, ашиглалтын зардал ихтэй, үр ашиг муутай технологи гэж мөхөс би харж байна. 
 
Нэгэн зүйл: 
 
Нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангаж байгаа Амгалан дулааны станцыг 100 Гкал/ц-аар өргөтгөх, “ТЭЦ 3”-ыг шинэчлэх ажлууд төлөвлөгдөн эхлээд байгааг нийслэлчүүд мэднэ. Жил бүр хэрэглээ өсч байгаа үед өргөтгөл хийгдэх нь зүй ёсны ажил хэрэг. Гэхдээ энэ өргөтгөлийн ажлыг Амгалан дулааны станц дээр 100 Гкал/ц-аар хязгаарласанд мэргэжлийн хүний хувьд харамсал төрж сууна. Энэ станцыг 100Гкал/ц-аар тогтохгүй 300 Гкал/ц-аар өргөтгөхөд торох зүйлгүй, ач холбогдол, үр өгөөж өндөртэй болно.
 
Ингээд Амгалангаас Шар хадны төв замыг дагуулаад 2ф800/600мм голчтой 4.9 км дулааны шугамыг татаж КТМС, Туул Жин Пан орчмын төв дулааны шугаманд холбоход хотын зүүн талыг тэр чигээр хангачих нөөц сэвхийгээд л босоод ирнэ. Нөгөөтэйгүүр 1978 онд ашиглалтад ороод эдүгээ 50 гаруй жилийн нүүрийг үзэж буй “ТЭЦ 3”-ыг шинэчлэх ажил буруу биш ээ. Техник технологи нь шинэчлэгдэж, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, ажилчдын ажиллах орчин сайжрах ёстой. Харин дулаан хангамжийн хувьд тийм ч өндөр хүлээлт тавиад нэмэргүй болов уу. Тэртээ 50 гаруй жилийн өмнө хийгдсэн газрын доорх дулааны шугам сүлжээг өнөөдрийн техник, технологиор шинэчилж өргөтгөнө гэдэг асар их зардал шаардагдана. Тиймээс Амгалан дулааны станцын хүчин чадлыг 300 Гкал/ц-аар нэмэгдүүлж чадвал “ТЭЦ-3”, 4-ийн ачааллыг дориун бууруулах, мэргэжлийн үгээр дулааны шугамын нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлнэ.
 
Нэгэн зүйл:
 
Улс орны амин чухал хэрэглээг хангадаг гэдэг утгаараа Эрчим хүчний салбар төр засгийн анхаарал дунд байдаг нь нууц биш. Гадаад дотоодын буцалтгүй тусламж, бага хүүтэй зээл, санхүүжилт хамгийн их авдаг салбар. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд техник технологи, тоног төхөөрөмжөө оновчтой ажиллуулах нь ажил хариуцаж байгаа удирдлага, менежерүүдийн үүрэг юм аа.
 
Эрчим хүчний салбарт үнэ тариф нэмэх нь зайлшгүй зүйл, гэхдээ үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, ажлын байрны онцлог, хэрэгжүүлэх ажилтай нь уялдуулан зарим ажлын байрыг цахимжуулж оновчтой зохицуулалт хийж хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ашиглаж зардлаа бууруулж, орон тоогоо багасгаж, үр ашигтай ажиллуулах асуудал чухал юм.
 
Ковидын үед үйлдвэрүүд ихэнх хүмүүсээ хоёр жил шахам цахимаар, гэрээр ажиллуулж байсан туршлага бидэнд бий шүү дээ. Хатуухан хэлэхэд, Эрчим хүчний салбарт эдийн засгийн сэтгэлгээ дутагдаад байна. Салбарын түүхт ойг өмнөх түүхээ дурсаж, өнөөдрөөрөө бахархаж, ирээдүйгээ төлөвлөж тэмдэглэдэг монгол үндэстэн билээ, бид. Ирээдүйд үнэ цэнэ нэмэгдсээр байгаа, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчээр баялаг Монгол орон гаднаас хараат бус, хямд өртөггэй цахилгаан эрчим хүчээр хангагдах бүрэн боломж бий. Үүний төлөө нүдээ цавчих эрхгүйгээр “галын фронтод” буцалж байдаг эрчим хүчний салбар, дулаан хангамжийн салбарынхандаа амжилтын дээдийг хүсье.
 
Дулаан хангамжийн холбооны тэргүүн, Монгол Улсын Төрийн соёрхолт, Техникийн ухааны доктор Д.Бямба-Очир