sonin.mn
ВАШИНГТОН. /DW/. АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө террорист халдлага гарснаас хойш 21 жилийн хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Жо Байден терроризмтой үргэлжлүүлэн тэмцэхээ амлажээ.
Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох ихээхэн ач холбогдол бүхий завсрын сонгуульд бэлтгэж байгаа Ерөнхийлөгч есдүгээр сарын 11-ний үйл явдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ мөн өмнөх төрийн тэргүүн Дональд Трампыг шүүмжилсэн байна.
 
 
 
Нийт 3000 орчим хүний амь насыг авч одсон халдлага болсон газруудын нэг болох Пентагонд үг хэлэх үеэрээ Ж.Байден “есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид гал, утаа, үнс нурманд булах гэж оролдсон эрх чөлөөтэй байх эрхийг баталгаажуулсан ардчиллын төлөө” зогсохыг америкчуудыг уриалжээ.
 
 
 
2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр лалын босогчдын “Аль-Каида” бүлэглэл зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг булаан авсан бөгөөд тэдгээрийн хоёр нь Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг, нөгөө нь Пентагоны байрыг мөргөсөн юм.
Харин дөрөв дэх онгоцны зорчигчид босогчдын эсрэг тэмцэж, улмаар Пенсильвани муж улс дахь нэгэн талбайд сүйрсэн байна. Эдгээр халдлага нь дэлхийн терроризмтой тэмцэх зорилго бүхий АНУ-ын олон жил үргэлжилсэн “Терроризмын эсрэг дайн”-ыг эхлүүлсэн юм.
 
 
 
Ж.Байден: “Бид хэзээ ч мартахгүй, мөн хэзээ ч бууж өгөхгүй”
 
АНУ-ын цэргүүдийг Афганистанаас гаргасан шийдвэртэй холбоотой шүүмжлэл үргэлжилсээр байгааг үл харгалзан Ж.Байден “Терроризмын эсрэг дайн” дуусах болоогүй байгааг цохон тэмдэглэжээ. “Бид хэзээ ч амсхийхгүй. Бид хэзээ ч мартахгүй. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэж тэрбээр ням гарагт мэдэгдсэн байна.
Сар орчмын өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Кабулд дроны цохилтоор “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахириг хөнөөснийг мэдээлсэн юм. “Аль-Каида”-гийн үүсгэн байгуулагч Осама Бин Ладеныг 11 жилийн өмнө устгаснаас хойш А.Завахири нь Холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтын эхэнд бичигдэж байжээ. 
 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг