сонин mn
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Дашзэвэгийн Алтанхуягтай уулзлаа.
 
Сайхан намаржиж байна уу. Яриагаа долдугаар сарын 02-ны өдрийн АН-ын Их хурал дээр болсон үйл явдлаас эхлэе, тодруулбал С.Эрдэнэ даргыг зодсон гэх хэрэг юу болж байгаа вэ?
 
Уг хэрэгт Эрүү үүсээд мөрдөн байцаалтын шатанд яваа. Өмгөөлөгчтэйгээ очиж байцаалт мэдүүлэг, тайлбар өгч байгаа. Зөвхөн надад ч биш намайг бас зодсон асуудлаар хэрэг үүсчихсэн яваа. Хууль, шүүхийнхэн асуудлыг үнэн зөвөөр тунгаан шийднэ гэдэгт итгэж байгаа.
 
Таныг биедээ мэс авч явж, С.Эрдэнэ даргын амь насыг нь егүүтгэхээр заналхийлсэн гэж тухайн үед өмгөөлөгч Батбаяр нь олон нийтийн сүлжээний хэрэгслээр мэдэгдсэн. Ийм явдал үнэхээр болсон юм уу? Ер нь тэр өдөр яг юу болсон, учир шалтгаан нь юу байсан талаар та жаахан тодруулж яриач?
 
Харин тэгж гомдол гаргасан байсан. Ямар юмных нь хутга мэс авч явахав дээ. Тэр өдөр манайх бага хүүхдийнхээ даахийг үргээсэн тул би нэлээд хоцроод хувцас хунараа ч сольж амжилгүй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр яаран сандран ирсэн. Тэднийг хаанаасаа тийм хутга олж, цагдаад аваачиж өгсөнийг би сайн ойлгоогүй. Цагдаа ч эрх биш ийм улаан цайм гүтгэлгийг бас үнэн зөвөөр тогтоодог юм билээ. Ер нь бол зүгээр байж байснаа хүн түлхмээр санагдаад гэнэт тайз руу үсэрч гарчихсан ч хэрэг биш л дээ. Энэ нь Ардчилсан намд болсон сүүлийн хоёр жилийн магадгүй түүнээс ч урт хугацааны үйл явцыг тойрсон асуудал.
 
Товчхондоо, 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа С.Эрдэнэ тамга тэмдгээ Ц.Туваанд өгч намын даргын сунгаагаа дүрмийн дагуу хийгээрэй гэж үлдээсэн. Намын тамга хадгалагч Ц.Туваан нь намын даргын сунгааг тэр даруй зохион явуулж, хугацаанд нь их хурлаа хуралдуулаагүйгээр барахгүй, дүрмээр олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэр нь явсаар Ардчилсан намыг өнөөдрийн энэ хуваагдмал нөхцөл байдалд хүргээд, 2 талд сунгаагаар 2 шинэ дарга сүүлдээ ч бүр 3 дахь шинэ дарга гэгч сонгодчихсон явж байна. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч тодруулах гэж оролдон, бие  биенийхээ эсрэг суулт хүртэл зарлаж, намынхаа нэр хүндийг улам шороотой хутгасан. Ерөнхийлөгчийн сонгууль ч болдгоороо болж Ардчилсан намын нэр дэвшигч түүхэндээ байгаагүй бага хувийн санал авсан. С.Эрдэнэтэй талын нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуульд бүртгэж, оролцуулсан тул би хувьдаа хууль ёсных хэмээн энэ талыг дагасан. Тиймээс ч Эрдэнэ талаас Японд сургууль соёл төгссөн, өндөр боловсролтой  М.Тулгат гэж залуу намын даргын сунгаанд ялсныг дэмжиж, түүнийг Улсын Дээд шүүхэд яаралтай бүртгүүлээд цааш яваасай гэж хүсдэг байсан.
 
Харин С.Эрдэнэ өөрийнхөө талаас сонгогдсон хүнээ өөрөө улайран эсэргүүцэж эхэлснийг ер ойлгодоггүй. Магад М.Тулгатыг өөрийнх нь үгээр явна гэж бодоод тэр нь бүтэхгүй байхаар эсэргүүцэж эхэлсэн байх гэж харддаг.
 
Тэрхүү намын Их хурлын өмнөх өдөр болсон намын Их хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон ҮБХ-ны цахим хурлаар зарим гишүүд намын удирдлагын асуудлаа яаралтай шийд хэмээхэд түүний өмгөөлөгч Батбаяр “сонгууль дөхсөн үед солих хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу” ухааны юм дуугарч, ам алдсан. Тэгэхээр нь би тэвчихгүй С.Эрдэнэд хандаж ширүүн шүүмжилсэн ч үгийг маань таслаад хаасан. Үүнийг сонссон манай зарим нэг нөхөд бас үг хэлэхийг хүссэн ч боломж олгоогүй. Биднийг Их хуралд ирж үгээ үргэлжлүүлнэ хэмээн айсан уу яасан маргааш нь надад болон манай нөхдөд мандат өгөөгүйгээс гадна хурлын дарга тэргүүлэгчдийг нь С.Эрдэнэ гуай дураараа өөрчилсөн тухай мэдэгдсэнээс л эхлэн асуудал хурцадсан л даа. М.Тулгат болон бас бус өөр олон хүмүүс үүнийг эсэргүүцэж дүрэм зөрчигдөж буйг хэлэхэд С.Эрдэнэ загнаж, гар хөлүүд нь утга учиргүй хашгирч орилолдон, хувцаснаас нь татаж чангаан, хурлын дарга Эрдэнэсувд гэгч нь асуудлыг сонсохгүй, хэлэлцүүлэхгүй байсан. Би ч мөн санал хэлье хэмээн бараг 15 минут орчим гараа өргөсөн.
 
Нэгдүгээр эгнээнд С.Эрдэнэтэй их ойрхон байсан тул түүний “Алтанхуяг п....гэж новшийг гарга, энэ хэн юм бэ” гэснийг сонсоод С.Эрдэнийн таван эрх чөлөө гэж улиглан тунхагладаг Ардчилсан намын их хурал дээр ардчилсан дүрмээр нь санал бодлоо хэлэх гээд бүх аргаа хэрэглээд жилд төлөх ёстой 3 сая төгрөгийг нь хэл амгүй төлөөд хууль ёсны намын төлөө явж байсан би ийм үг сонсоод үнэндээ тэвчээгүй л дээ.
 
Ялангуяа, хурлын үеэр хамгийн их эгдүүцэл төрүүлсэн явдал бол С.Эрдэнэ намын дарга биш, хурлын дарга биш мөртлөө тайзны голд ганцаараа суучихсан намын сонгогдсон дарга М.Тулгатыг үг хэлүүлэхгүй индрээс хөөж буулгасан. Тиймээс би С.Эрдэнийг “чи намын дарга биш, хурлын дарга биш байж тайзан дээр юу хийж байгаа юм бэ, буу" гээд л түлхсэн, түүнээс урьдчилж зохион байгуулж заналхийлсэн зүйл байхгүй. Ер нь АН-ын гишүүдээс гадна Монголын ард түмэн Эрдэнэ гэдэг хүнийг үнэхээр үзэн ядаж байгаагаа тухайн үед сошиал дээр илэрхийлсэн шүү дээ. С.Эрдэнэ бол ичиж зовохыг мэддэггүй үнэхээр Монголын ардчилагчдын аргыг барж байгаа хүн. Түүнээс биш С.Эрдэнэ гэдэг хүнтэй хувийн өш хонзон зангидах ямар нэгэн юм надад байгаагүй. Тийм л үйл явдал болсон. Намын тэр Их хурал ардчилалтай, шударга болсон эсэхэд л асуудал байгаа шүү.
 
Одоо тэгээд танай намын цаашдын хувь заяа, үйл ажиллагаа яаж явах юм бол Таны төсөөллөөр...?
 
Тухайн үед бидний зүгээс тавихыг хүссэн тодорхой шаардлага бол шинээр сонгогдсон намын дарга М.Тулгатын материалыг Улсын дээд шүүхэд хүргүүлэн бүртгүүлэх эсэхийг хэлэлцэх, хэрвээ үүнийг маргаантай гэж үзвэл шинээр намын даргыг сонгох асуудлаа ярьж товоо зарлах тухай асуудал л байсан. С.Эрдэнийн энэ мугуйд дарангуйлагч аашийг нь харж суувал 2024 оныг хүртэл АН-ын мөнхийн дарга байх сонирхолдоо хөтлөгдөн ардчиллаар, Ардчилсан намаар тоглоод дуусах л асуудал үлдэж байна. Өргөн утгаараа улс орны хувь заяа, хөгжил дэвшлийн ч асуудал яригдана.
 
 
С.Эрдэнэ энэ чигээр нь намыг эвдрэлцүүлж байгаад сонгуулийн хууль өөрчлөгдвөл өөрөө Улсын Их хурлын гишүүн болох, улмаар намын жагсаалт болон намаас нэр дэвших эрхийг зарж мөнгө олдог башир аргаа үргэлжлүүлэхээр зэхэж байгаа нь ойлгомжтой. 
 
С.Эрдэнэ гэдэг хүнд ардчиллын төлөө өчүүхэн ч сэтгэл зүрх байхгүй, байгаа ч үгүй гэдэг нь цаг хугацааны явцад нотлогдсон. С.Эрдэнээс гадна ийм соёлыг дэлгэрүүлэх гэж чармайдаг өөр нэр бүхий хүмүүс ч бас байгаа. С.Эрдэнэ болон бас бус тэр хүмүүсийн бузар үйлдлийг таслан зогсоохын төлөө миний тэмцэл эцэстээ намайг золиос болговол би харамсахгүй. Би өөрийнхөө 4 хүүхдийн идэх хоолны төлөө тэмцэж байгаа биш, ардчиллын төлөө тэмцэж байна.
 
Танай намд шинэ залуу үе гэх ямар нэгэн тодорхой дуу хоолойтой, үзэл бодолтой хэсэг ер нь байна уу...?
 
Сонгуулийн дараа манай намын хэсэг залуус нийлж “Нээлттэй ардчилал” хэмээх клуб байгуулсан л даа. Анхнаасаа л нээлттэй байсан ба бид тэр клубтээ нам болон улс орны асуудлаар нээлттэй яриа, хэлэлцүүлэг хийж, мэдээллээ солилцдог юм. Бид ямар нэгэн хамаатан садан, нутаг ус, мөнгө хөрөнгө, лидер гэгчдийн хамааралгүй, дээрээсээ ямар нэгэн татаасгүй, тал талаасаа санаа зөвшиж Ардчиллын төлөө, Монголын телөө нэгдэж ажиллахаар цугларсан, биеэ гэрээ зассан тийм л залуус. Зөвхөн АН-ын бус Монголын асуудал яригдаж байгаа тул саяхан манай клубээс “Их зөвшилцөл” хийх шаардлагатай юм байна хэмээн үзэж, эхний ээлжинд намдаа үүссэн асуудлуудаа яаралтай цэгцлэх санал, уриалга гарган намын дотоод бүх сүлжээгээр тавьж зарласан.
 
Монголын маань зуны аялал зугаалга, амралтын үе таарсан тул уулзалт хэлэлцээр арай идэвхжээгүй байна. Гэвч дэмжиж байгаагаа илэрхийлсэн дуу хоолой их сонсогдож байна. Харсаар байтал намын маань үнэт зүйл нүдэн дээр нуран унаж байна. Тохиролцоо, нэг хүний команд, мөнгөн дээр суурилан намыг базаж, ардчилсан бус аргаар удирдахыг хүсдэг Эрдэнийн ч тэр Женкогийн ч тэр хэнбэгуйн ч бай хүсэл мөрөөдөл хэрхэвч биелэх ёсгүй.
 
Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд бүрэлдэж ирсэн уламжлалт бохир соёлыг Ардчилсан намын шинэ үе яавч үргэлжлүүлж болохгүй тул эрс эсэргүүцэн тэмцэх хэрэгтэйг бид хатуу ойлгож байгаа. Авлигад суурилсан боловсон хүчинтэй, хуучин хандлага, соёлтой, төрийн мөнгөөр сонгогчдыг хахуульдан авах гэж оролддог аргад гаршиж байгаа, хууль шүүхийг улс төрийн үйл ажиллагаандаа илт ашигладаг, сонгуулийн хуулийг цаг үеийнхээ нөхцөлд тохируулан өөрчилдөг МАН-тай бид дотроо бие биенээ хуурдаг аргаар тэмцээд амжилт олохгүй нь амьдралын бодит үнэн.Үүнийг хаа хаанаа сайн ойлгох хэрэгтэй байна.
 
Та нам дотроо нэлээд том “асуудал” тарьсан хүний хувьд намынхандаа хандаж юу хэлмээр байна?
 
Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн, улс эх орны ачааны хүндийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийг дэмжсэн, чадварлаг, цомхон, хүнд сурталгүй төрийн төлөөх баруун төвийн үзэл баримтлал, бодлогоо илүү төвийлгөн, сонгогчдод ойлгуулж, шударга ёсны төлөө эрчтэй, бодитой ажиллах түүхэн шаардлага АН-ын өмнө тулгараад байна.
 
Шударга ёсыг бид МАН-аас хайгаад хэзээ ч олохгүй. Тиймээс бид дээрх нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд дотооддоо хамгийн шударга, ардчилалтай байх ёстой. Үүний төлөө Ардчилсан намын залуучууд маань идэвхтэй, тэмцэгч баймаар байна. Тиймээс цүнх баригч, тэр энэ даргын суганы үс гэж чичлүүлэх биш, өөрсдийн толгой тархиараа, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар өөрчлөлтийн төлөө, улс орныхоо төлөө нэгдэж хамтран ажиллацгаая гэж уриалж байна. Би хувьдаа Ардчилал бүтэн байж байж л Монгол минь бүтэн байна гэдэгт итгэдэг. Харамсалтай нь нам доторх тэмцэл маань дараалан ялагдсан бидний тамирыг улам бүр барж байна. Тиймээс бүх түвшиндээ “Их зөвшил" хийх ажилд идэвхтэй хамтрая. Энэ шийдэл нь намын нэгдэл нягтрал, бэхжилтэд бодитой тус дэм болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.