Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна.
Одоогоор Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад оржээ. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.
Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай танилцлаа.
Тус дүүрэгт 7 байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн 4 талбайд 6 төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.
Тус компани 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Төсөл үргэлжилж, 378 айлын орон сууц нэмж ашиглалтад орно.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа. Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” гэв. Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулахаар НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад байна.
Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна.
Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж ашиглалтад оруулж байгаа юм.
Сэтгэгдэл0
Худлаа худлаа . Огт өөр аргаар хот хог утаа үер бохироосоо салах учиртай
Яг үнэнийг бичсэн байна.Санаачлаша гаргаад идэвхийлэн ажиллавал Боломж их байна. Ер нь манайхан залхуу байгаа.Өдөрт хонио хааяа хааяа харчихаад айл хэсээд л явдаг даа.
БЗД -ийн Сансар хотхоны 85 өрхийн 600 гаруй иргэд 2014 оноос өдий хүртэл орон гэргүй Түр оршин суух байранд 3 жил амьдарч сэтгэл санаа болон ахуй амьдарлаараа хохирсоор л одоо хүртэл ямарч шийдэлд хүрээгүй байна. Энэ талаар дээд тушаалтандаа танилцуулахгүй биднийг үл тоомслрлон нуусаар л байна. Бүхэл бүтэн 8 жил хохирсоор олон хүн энэ хүгацаанд орон гэргүй шаналж хорвоогийн мөнх бусыг үзээд бидний нас 8 жилээр хөгширч тэр үед орон гэртээ мэндлээгүй үр хүүхдүүд 8 нас хүрч дээрээсээ хорвоог орхиж доороосоо өссөөр байгаа энэ олон хүмүүсээ Төр засаг минь анхааралдаа авч орон гэртэй минь болгож өгөөч. Нийслэлийн удирдлагууд бүгд мэдэж байгаач биднийг хуурах талаар л боддог болохоос үнэн сэтгэлээсээ өрөвдөх сэтгэл үгүйг бид тэвчиж чадахгүй боллоо. Энэ талаар бид үнэн шийдвэр сонсохоор талбай дээр жагсахаар боллоо. Одоо бид яах уу? ЕРӨНХИЙ САЙДАА....
Үе үеийн засаг төрийн тэргүүн нар барилгын компаниудыг дэмжиж ирсэн. Хэзээ ч гэр хорооллыг хаус хороолол болгох зүтгэл гаргаагүй. Уул нь гэр хороололд байшин барих санхүүжилт өгөөд, улсаас дэд бүтэц татахад л жинхэнэ утгаараа хот болж, хөрс, утааны бохирдлоос сална. Даан ч эд нарт тийм хүсэл, сэтгэл байхгүй л дээ
гэр хороолол сингапурт байхгүй, тэгээд ч халуун дулаан уур амьсгалтай, халуун оронд амьдардаг амьтнаас хүйтэн газрын амьтан яаж амьдрах вэ гээд асуугаад байгаатай адил сонсогдоод байх юм?? Канад Норвеги эсвэл Америкийн хойд хэсгээс туршлага судалбал дээр санагдана.
Гэр хороололыг биш хөдөөг хөгжүүлье. Улаанбаатарын даац ихэдчихээд байхад юуны чинь хот улс болгох бодлого яриад бнаа. Хөдөөг хотоос ч илүү хөгжүүлмээо бна. Хөдөаг эзгүй болгомооргүй бна.