sonin.mn
"ВВС News-д” 2022 оны зургадугаар сарын 12-нд хэвлэгдсэн Алексей Калмыковын “ОХУ-ын Украины эсрэг хийсэн дайн дэлхийг ядууруулж буй 10 баримт, таамаглал" нийтлэлийг товчлон хүргэж байна.
 
"Оросууд Украин руу довтолсон нь дэлхийн эдийн засгийг сүйтгэж, эрчим хүчний зах зээлийг тогтворгүй болгож, хөгжиж буй олон оронд хүнсний хомсдол, ядуурлыг даамжруулсан" гэж Дэлхийн банкны эдийн засагчид бичжээ. Зөвхөн энэ онд алдагдсан боломжууд нэг их наяд ам.доллараар хэмжигдэж байна.
 
1. Дайны зардал: Дэлхийн банк 2022 онд дэлхийн эдийн засаг өмнө нь 4,1 хувиар өснө гэж таамаглаж байснаас ердөө 2,9 хувиар өсөхөөр байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаг 3 хувь болон буурчээ. Энэ жил дэлхийн ДНБ анх удаа жилд 100 их наяд доллараас давах ёстойг харгалзан үзвэл энэ алдагдал нь асар их мөнгө юм. Дайнаас гадна Хятад дахь эцэс төгсгөлгүй “ковид хорио цээр”, хөгжингүй улсуудад инфляци, зээлийн хүүгийн өсөлт зэргээр маш том саад болж байна.
 
2. Ядуу нь баячуудаасаа илүү зовно: Хөгжиж буй улсууд дэлхийн эдийн засгийн аливаа хямралын үр дүнд хөгжингүй орнуудаас илүү ядуурдаг. Учир нь тэд эрчим хүчний үнэ, түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, түлш, технологи, тоног төхөөрөмж, гадаад валютын зээлийн хүүгээс илүү хамааралтай байдаг. Орос, Украины дайнаас болж дэлхийн ядуу улсууд өлсгөлөнтэй нүүр тулж байна.
 
3. Орос, Украины дайнд хөрш зэргэлдээ улсууд хамгийн их хохирно: Учир нь Европ болон Төв Азийн орнууд 2022 оны эхээр ковидоос өмнөх хөгжил цэцэглэлтийн зам руугаа бараг буцаж байсан боловч Оросын түрэмгийлэл энэ сэргэлтийг эргүүлж, 2022 онд бүс нутгийн эдийн засаг 3 орчим хувиар хумигдах болно гэж өнгөрсөн нэгдүгээр сард эдийн засгийн уналт биш, харин 3 хувийн өсөлт хүлээж байсан Дэлхийн банк мэдэгдэв.
 
4. Украины дүрвэгсэд: Европт дүрвэгсдэд маш их зардал буюу зөвхөн 2022 онд 26 тэрбум евро зарцуулна. Үүний гуравны хоёр нь хүлээн авах буюу байрны шууд зардал юм. Боловсрол, эрүүл мэндийн салбарын нэмэлт санхүүжилтэд ойролцоогоор 9 тэрбум евро шаардлагатай болно.
 
5. Украинаас болон Оросоос дүрвэгсэд Европын эдийн засгийг сэргээх гол нөхцөл болдог ажиллах хүчний дутагдлыг өндөр хөгжилтэй улсуудад нөхөх сайн талтай ч дүрвэгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд юм.
 
6. Дайн газрын тос, байгалийн хийн үнийг өсгөв: Оросын эрчим хүчний шантаажаас болж нефтийн үнэ ханшийн уналттай харьцуулахад нэрлэсэн үнээр бараг 4.5 дахин өссөн байна. 1970-аад оны нефтийн хамгийн том хямралаас хойш ийм огцом үсрэлтийг дэлхий нийт үзээгүй. Гэхдээ зөвхөн Европын хийн үнэ түүхэн  дээд амжилтыг эвдэж, нүүрсний үнэ 2008 оны оргил цэгт ойртож байгаа бөгөөд харин газрын тосны бодит үнэ энэ зуунд тохиосон санхүүгийн их хямралын өмнөхөөс ч хамаагүй хямд байна.
 
7. Дэлхийн худалдаа эрсдэлтэй хэвээр байна: Хориг арга хэмжээ зөвхөн газрын тос, байгалийн хий төдийгүй бусад бүх зүйлийг импортлох, экспортлоход нөлөөлж байна. Дэлхийд худалдаалагдаж буй 4500 гол барааны дотроос Орос, Украины дэлхийн зах зээлд эзэлдэг нийт 15 гаруй хувьд дайны үед тасалдалд өртсөн чухал хэрэгцээт 100 бараа багтаж байна.
 
8. Долларын ханш чангарав: Энэ нь юуны өмнө ядуу буурай улсуудад заналхийлж байна. Долларын ханшийн чангаралт нь АНУ-ын зээлийн хүүгийн өсөлтөөс ихээхэн шалтгаалж байгаа боловч зарим талаараа тивд нь дайн дэгдсэнээс болж еврогийн ханш суларсантай холбоотой байна.
 
9. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл түр зуур мартагдав: Дэлхийн дулаарал эрчимжин 2021 он түүхэн дэх хамгийн халуун жил болов. Оросын эрчим хүчнээс татгалзсан хямрал нүүрс нийлүүлэгчийн эрэл хайгуул болж хувирав.
 
10. Дайн хэр удаан үргэлжилж, хориг хэзээ цуцлагдах вэ? Дайн нэг жил орчим үргэлжлээд дуусах ч Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээ хэвээр байх болно. Дайн дуусч түүхий эд, металлын үнэ өсөхөө больсон ч ложистикийн асуудал, дэлхийн зах зээл дэх зээлийн хүү зэрэг шалтгаанаар үнийн өсөлт өндөр хэвээр байх болно.
 
Г.Амарсанаа