sonin.mn
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн хууль тогтоомжийн биелэлт, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хангах, УИХ-ын  хяналт шалгалтын үр нөлөө, хянан шалгах чиг үүргийг нэмэгдүүлэх хүрээнд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хууль нийт долоон бүлэг, 58 зүйлтэй.
 
Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож, Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авахаас гадна хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар ирсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд шинээр тусгасан билээ.
 
Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Их хурлын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран УИХ-аас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Парламентаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах, хяналтын сонсгол зохион байгуулах, шаардлагатай бол  хянан шалгах түр хороо байгуулах, төсөв төрийн санхүүгийн удирдлагын хяналтын байнгын тогтолцоог бүрдүүлэх, үр нөлөөг сайжруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Хуулийн хэрэгжилтийг тайлагнах, хуулийн нэгдсэн ойлголттой болоход уулзалт, хэлэлцүүлгийн зорилго оршиж байгааг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Янжинхорлоо хэллээ.
 
Тэрбээр, Их хурлын хяналт шалгалтыг урьдчилан төлөвлөдөг болсон, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульчилж, хяналтын сонсголын төрөл, хэлбэр тодорхой болж, нарийвчилсан шинэлэг зохицуулалтууд орсон. Хууль хэрэгжсэнээр батлагдсан хууль тогтоомжид, хүний эрх  хангагдсан эсэх талаар хяналт хийгддэг болж, шалгалтыг нийтийн эрх ашигт нийцсэн байдлаар илүү үр нөлөөтэй, нээлттэй явуулах байнгын тогтолцоо бүрдэнэ” гэдгийг илтгэлдээ тодотгосон юм.
 
Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд УИХ-ын Тамгын газар мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бөгөөд Тамгын газарт хуулиар гурван чиг үүрэг, 15 багц үйл ажиллагаа шинээр нэмэгджээ. 
 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин