sonin.mn
КИШИНЁВ. /Xinhua/. Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду Украины зөрчлийн үр дагавар, дүрвэгсдийн хямралыг зохицуулахад тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа НҮБ-д мягмар гарагт илэрхийлжээ. М.Санду Молдова улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй нийслэл Кишинёв хотноо уулзаж, Молдова дахь Украины дүрвэгсдэд туслах хамтын хүчин чармайлт хийгээд зөрчлөөс үүдэн эдийн засагт учрах нөлөөг зохицуулах арга замуудын талаар хэлэлцсэн гэж Ерөнхийлөгчийн “Twitter” хуудсанд мэдээлсэн байна.
 
Тэрбээр мөн НҮБ-аас Украины дүрвэгсэд болон тэднийг хүлээн авч буй молдова гэр бүлүүдэд үзүүлж буй шууд санхүүгийн тусламжийн талаар дурдаад, А.Гутерришийн хэлсэнчлэн тусламж хэрэгтэй байгаа бүх хүндээ тун удахгүй хүрнэ гэж хэлжээ.
 
М.Санду, А.Гутерреш нар мөн ирэх таван жилийн хугацаанд иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах НҮБ-Молдова улсын түншлэлийн шинэ стратегийн талаар хэлэлцсэн байна. А.Гутерреш даваа гаргийн орой Молдова улсын Ерөнхий сайд Наталья Гаврилитатай хийсэн уулзалтын хэлэлцэх асуудалд Украинтай хиллэдэг Молдова улсын салан тусгаарласан бүс нутаг болох Транснистрийн асуудал багтжээ. Н.Гаврилита Кишинёв Транснистрийн зөрчлийг тайван замаар зохицуулах НҮБ-ын дэмжлэгт найдаж байгааг цохон тэмдэглэсэн бол А.Гутерреш Молдова улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Энэ онд Молдова улс НҮБ-д элссэний 30 жилийн ой тохиож байгаа юм.
 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг