sonin.mn
Баянхонгор аймгийн нутагт орших  Сэгс цагаан Богд уул  газрын зураг хийгээд  шүлэг найрагт   нэр нь үлдэж, бодит байдалд алга болох аюулын ирмэгт очсон тул  нутгийн малчид, иргэд  тэмцсээр нийслэлд ирж  УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид шаардах бичиг өргөн бариад буцжээ. Цар тахлын дөрөв дэх давалгаа “Омикрон”-ы тархалтаас үүдэж сайд, дарга нар биечилж  хүлээж аваагүй. Бухимдсан иргэд “Дараагийн ээлжинд тэмцлийн хүнд хэлбэрийг сонгоно” хэмээн мэдэгдэл хийсэн гэж хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэлд дурджээ. Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ-Жинст сумын нутагт Сэгс цагаан Богд уулын ойролцоо алтны үндсэн ордод ашиглалт, хайгуулын лиценз эзэмшдэг Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" компани  болон нутгийн иргэдийн хооронд үүссэн маргааныг Монголын төр эцэслэхгүй бол тэнд юу ч болж мэдэхээр байдал үүсчээ.
 
Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” компанийн тухайд  дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдын нэг бөгөөд  Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, тус  биржээс Монголын нэгэн гайхамшиг, ховор, нэн ховор амьтан, ургамлын өлгий болсон  Сэгс цагаан Богд уулын ойролцоох  алтны үндсэн ордыг барьцаалан 270 орчим сая ам.долларын  хөрөнгө "босгож" ирсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа канадуудтай нийлж, мазаалайн бэлчээрээс алт ухах гэж байна гэсэн мэдээллүүд олон нийтэд цацагджээ.
 
 
Харин Сэгс цагаан Богд бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны  найраглалаар монголчуудын зүрх, сэтгэлийн соронзон болсон хайрхан уул, говь нутгийнхны эгэлгүй шүтээн.  Мазаалайн идээшсэн нутаг,  эмийн ховор  ургамал бүхий нутаг. 
 
 
Тэнд оршиж буй алтны ордын тухайд  Оюу толгойн ордоос дутахгүй том, стратегийн ордод дүйх том орд болохоор нь  нуухын тулд тус  компани лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тонн алтны нөөцтэй. Цианит  натри хэрэглэж алт угааж байж болзошгүй.  Монголын холбогдох бүх сайд дарга нар, төрийн байгууллагын шат шатанд авлига өгсөн байж мэднэ. Олборлолт эхлүүлэхээр зүтгэж байгаагаас ийм дүр зураг харагдаж байна” гэсэн мэдээллүүд ч бас гараад байгаа юм. Орон нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ-Жинст сумын малчдын байр суурийг тодруулснаа  хүргэе. /Тэд аюулгүй байдлын үүднээс өөрсдийн зургийг нийтлэхгүй байхыг хүссэн юм/.
 
 
Х.ДАШПУНЦАГ: “ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨН ӨРНӨСӨН, ГЭТЭЛ  “ЭРДЭНЭ МОНГОЛ” ИХ ГОВИЙН ЗАГАН ОЙГ СҮЙТГЭЖ БАЙНА 
/Шинэ-Жинст сумын Уртын гол багийн малчин/
 
-Малчид, иргэд “Эрдэнэ Монгол” компанийг хэдийнээс, ямар үндэслэлээр  эсэргүүцэх болов?
 
-“Эрдэнэ Монгол” компани манай нутагт 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Бид эхлээд хайгуул хийж байгаа гэж ойлгосон. Энд тэнд өрөм тавиад сүүлдээ хүчрэгдэхээ байж, хяналтаас гарсан. Гэтэл ашиглалтын лиценз авчихсан гэж дуулдсан. Ингээд малчин бид нутгаа хамгаалж тэмцэхээр нэгдсэн. Хамгийн гол нь нутгийн иргэдийн төдийгүй монголчуудын шүтээн уул, нэн ховор ан амьтад, тухайлбал  мазаалайн  идээшиж дассан их говийн үзэсгэлэнт Сэгс цагаан Богд уулын байгаль орчин сүйдэх, цогцолбор газрын байгаль орчин  доройтох, их говийн заган ой сүйдэх аюул нүүрлэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарина гэж НҮБ-д амласан. Одоо яаж мод тарих вэ, яавал Монголоо ойжуулах  вэ гэж төр, засаг маань үндэсний чуулган, хурал цуглаан хийгээд байх юм. Гэтэл их говийн хэдэн зуун мянган заган ойг “Эрдэнэ Монгол” компани сүйтгэх гэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сэгс цагаан Богд уулыг авраач гэж танай сониноор дамжуулан дахин хэлье. Манай нутагт цаашид мал, хүн хоёр  оршин  амьдрах боломжгүй болох нь. “Эрдэнэ Монгол” бол Канадын компани, хөрөнгө оруулагч нь гадаад хүн, түүний удирдлагад Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг, бараг тэр хүний нэр дээр байдаг гэсэн мэдээлэл  дуулдсан. Тэр бичиг, баримтыг нүдээр үзээгүй ч олны ам ортой болов уу, ийм яриа дуулдаад удаж байна.
 
 -“Эрдэнэ Монгол” компани байгаль орчны үнэлгээ хийлгэсэн  юм байна гэж ойлгосон?
 
-Хийлгэсэн байна лээ, гэхдээ тэр нь хууль бус. Яагаад тэгж үзэж байна вэ гэвэл, улс орон даяар цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байхад аймгийн даргаас тушаал ирж иргэд, малчдыг хүчээр хуралдуулсан. Иргэд нэг хэсэг нь тэмцэж байхад, нөгөө хэсгийг нь  компанийн зүгээс ажилтай, орлоготой болгоно гэж сургалтад явуулж тархийг нь угааж, ийм байдлаар санал авсан. Үүнийг би хууль бус гэж үзэж байна. Хурлын дэг мөн хууль зөрчсөн. Ил санал өгөх үү, далд санал хураах уу гэдэг дээр “Далд санал хураана” гэж хурлын дэг зөрчсөн. Түүнээс  сумын ИТХ-д хэд хоногийн дотор хариу өг гэсэн албан бичгүүд ирдэг юм билээ, тэр болгонд нутгийн иргэд няцаалт өгч байсан.
 
А.АЛТАНГЭРЭЛ: МАЛ, ХҮН ХОЁР ОРШИН АМЬДРАХ АРГАГҮЙ БОЛЛОО
/Баян-Өндөр сумын IV багийн  малчин/
 
-Төр, засагт шаардах бичиг өргөн барьсан гэлээ. Ямар шаардлага тавив. Цаашид малчид, иргэдэд ямар гарц байна?
 
-Манай нутагт уул уурхай хэрэггүй.  Манай говьд хулан, тахь, хавтгай, мазаалай, хар сүүлт  гээд ховор ан амьтан олон бий. Эмийн ургамал ч их. Дээр нь говийн хөрс эмзэг, хүүхдийн зулайнаас нимгэн гэж ярьдаг. Эдгээрийг огт хөндөлгүй байлгаснаар  экологийн тэнцвэрт байдлыг хангана. Ухаж төнхвөл  доройтож таарна. Уул уурхай эхэлснээс хойш тоосжилт нэмэгдсэн. Байгалийн аюулт үзэгдлүүд  ч мэр сэр гарах боллоо.  Малчдын хувьд  цагаан ямаа, хоёр бөхтэй тэмээ нь амьжиргааны гол эх үүсвэр болж ирсэн. Гэтэл бидний амьжиргаа болсон мал бэлчих нутаг бэлчээргүй болох нь. Ийм учраас бид уул уурхайг эрс эсэргүүцэж байгаа. Одоогоор ашиглалтын үйл ажиллагаа хараахан эхлүүлээгүй юм билээ. Хайгуул хийж байгааг нь харахад тоосжилт ихтэй, зам харгуй гаргасан, өрөм цооног тавьсан нь байгаль орчныг доройтуулж байна. Уурхай эхлэхэд манай нутаг усгүй, гүний худгаас хүн, мал хоёр ундаалдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотой  ч байх, ерөөс говьд бороо хур орох нь цөөрсөн. Усны хомсдол ихтэй болсон.  Уурхай ид ажиллаад эхэлбэл манай нутагт ус хүрэлцэхгүй,  цаашид ч усны ямар ч нөөцгүй болно гэсэн үг.
 
-Та нарт сайд дарга нараас ямар ха­риу өгөв. Тойргоос сонгогдсон ги­шүүд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Бид учир шалтгаанаа тойргоос сонгогдсон УИХ-ын даргад уламжиллаа. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хүсэлтээ өргөн барилаа. Цар тахал, омикрон вирусын тархалт нэмэгдсэн гээд биднийг хүлээж авсангүй. Ямар ч байсан албан бичиг, хүсэлтээ өгөөд нутаг руугаа буцаж байна. Өмнө нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн газар дээр нь очсон. Мөн Эрдэнэтээс сонгогдсон С.Ганбаатар гишүүн  нутгаа гэх сэтгэлээр очиж малчид, иргэдтэй уулзаж, биднийг сонсч, саналыг авсан. Бид төрдөө итгээд энэ удаа буцлаа, ямар хариу ирүүлэх бол гэж хүлээж байна. Түүний дараа тэмцлээ  хэрхэн үргэлжлүүлэхийг шийднэ.
 
-Малчид АТГ-т хандсан гэсэн, хариу ирсэн үү?
 
-АТГ-т өргөдөл гомдол өгсөн  байгаа, одоогоор хариу ирүүлээгүй байна. Уул уурхайнхан шат шатанд авлига өгсөн байх магадлалтай гэж бид үзэж байгаа. Монголд  уул уурхай хөгжөөд монголчууд сайхан амьдарсан юм алга л байна шүү дээ.  Бид хохироод үлдэхийг хүсэхгүй байна. Ер нь бол ганц “Эрдэнэ Монгол” ч биш Шинэ-Жинст, Баян-Өндөр сумдын нутагт 45  лиценз байдаг. Түүнийг салбарласан  жижиг лицензүүд  ч тоо томшгүй. Энэ бүхнийг шалгуулмаар байна.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин