sonin.mn
АН-ын дэд дарга Д.Ганбаяр Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаярын асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Тодруулбал АН-ын дэд дарга Д.Ганбаяр:  “Ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүх засаглалыг шударга бусын хонгилоор оруулсан. Х.Баттулгын томилсон Улсын дээд шүүхийн /УДШ/  шүүгч Х.Сонинбаяр АН-ыг самарч байна. Х.Сонинбаяр нь Ц.Туваан нарт найр тавьж, хууль журам зөрчсөнийг тогтоосон. Угтаа энэ мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Гэтэл  УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр уг журмыг зөрчин холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэжээ. Энэ нь Монгол улсын шүүхийн Ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн нэг хэсэг “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй” гэж заасны зөрчсөн тул ШЕЗ-ийн Ёс Зүйн хороо сахилгын хэрэг үүсгэж, шийдвэрлэх тогтоол гаргасан байна.
 
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёс Зүйн хорооны хуралдаанаар УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаярт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар  сахилгын хэрэг үүсгэх шийдвэрийг өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард гаргасан. 
 
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа шүүхийн салбарт реформ хийнэ гэж мэдэгдээд  дуулиан шуугиантайгаар эрх бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд эдгээр 17 шүүгчийн ихэнхийнх нь эрх сэргэжээ. УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр тэргүүтэй 10 шүүгчийн эрх 2020 оны нэгдүгээр сард сэргэсэн байна. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын  шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг ард түмэн хууль, шүүхийн ялзарсан тогтолцоог нураах эх ажлын эхлэл хэмээн ард түмэн талархалтайгаар хүлээж авсан. Гэвч түүний энэ нүүдэл нь шүүхийг эрх мэдэлдээ оруулах гэсэн  зохион байгуулсан зүйл байсан юм биш биз.  Эрхийг нь түдгэлзүүлж айлгаад эхнээс нь өөртөө урвуулах гэсэн атгаг санаа байв уу гэх хардлага төрүүлж байна.
 
 
Х.Сонинбаяр нь УДШ-ийн цахим мэдээллийн санд АН-ын дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг хууль зөрчин өөрчлөлт оруулсан. АН-ын Үндсэн дүрмийн хорооны 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор “С.Эрдэнэ дараагийн даргыг сонгохдоо албан ёсоор батламжилж УДШ-д бүртгүүлтэл АН-ын дарга хэвээр байна ” гэж заасан.
 
Энэ тогтоолыг байхгүй мэтээр О.Цогтгэрэл болон Ц.Туваан, АН-ын бусад гишүүд аашилж, дүрмээ зөрчиж байна. Ц.Туваан нь Х.Баттулгын даалгавраар О.Цогтгэрэлийг сонгох намын даргын сонгуулийг зохион байгуулж, АН хоёр дарга, тамгатай дотроо хагаралтай байгаа мэтээр нийгэмд харагдуулж байна. Цаашлаад АН-ын нэр хүндийг унагаах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй зохион байгуулсан. Тиймээс УДШ-ийн цахим мэдээллийн санд намын дүрмийг хууль зөрчин өөрчлөлт оруулсан УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн Иргэний танхимын Ерөнхий шүүгч асан Х.Сонинбаяр нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд 2021 оны арваннэгдүгээр сарын 3-нд АТГ-т өргөдөл гаргасан. Гэтэл прокурорын газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Ц.Туваан болон Х.Сонинбаяр нарт хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан." гэв.