sonin.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр  "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ТББ"-ын тэргүүн Т.Туяажаргал: "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Гэтэл 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэлт 100 мянган төгрөгийн дэмжлэгийг зогсоох шийдвэр гаргасан байна. Гэтэл 288 мянган төгрөг нь ч амжиргааны доод түвшинд хүрэхгүй байгаа. Гэтэл хүүхдийн мөнгийг 07 сарын 01 хүртэл олгохоор болсон.

Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжлэгийг зогсоож байгааг бид эсэргүүцэж байна. Энэ асуудлаар УИХ-ын дарга, ХНХ-ын сайд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байна. Биднийг өлсөж үх гэж байгаа юм уу? Өвдөж үх гэж байгаа юм уу?

Монголын хилээр албан ёсоор нэвтрүүлдэггүй эмүүдийг бид хууль бусаар оруулж ирж хэрэглэдэг. Үүнийг нуугаад яахав. " гэсэн бол

"Монгол Улсын сонсголгүй иргэдийн Үндэсний холбоо"-ны Ерөнхийлөгч А.Энхбаатар: "Халамжаас олгодог 288 мянган төгрөг бидний амьдралд хаана ч хүрдэггүй. Эдийн засаг хурдацтай унаж байгаа энэ үед 288 мянган төгрөгөөс хасахад маш олон хүмүүс бухимдаж, гомдол ирүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олддоггүй. Ийм байхад нэмэгдэл 100 мянган төгрөгөө хасахгүй, хэвээр нь байлгаж яагаад болдоггүй юм бэ? Хэдийгээр 100 мянган төгрөг нэмж, 288 мянган төгрөг болсон хэдий ч эдгээр хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад хүрдэггүй.",  "Түгээмэл хөгжил төв"-ийг төлөөлж ирсэн н.Тэмүүлэн: "Манай төвд хүнд хэлбэрийн тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Би өөрөө мөн маш хүнд хэлбэрийн тархины саажилттай. Ам бүл дөрвүүлээ амьдардаг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр бид 2 хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй. Юмны үнэ ямар байгаа билээ? Өмнө нь 188 мянган төгрөг байсан. 288 мянган төгрөг болгосон нь бага ч гэсэн нэмэр болсон. Гэсэн хэдий ч амьжиргаанд огт хүрдэггүй гэдгийг та бүхэн мэдэх байх. Над шиг хүнд хэлбэрийн өвчтэй залуучуудад тохиросон ажлын байр байдаггүй. Дөрвөн хананы дунд, гэр бүлдээ тус болж чаддаггүй. Ийм үед ядаж халамжийн мөнгийг нь битгий хасаачээ.", "Монголын хараагүй иргэдийн холбоо"-ны тэргүүн Д.Ганбат: "Өнөөдөр бид аргаа бараад ийм шаардлага тавьж байна. Бид аль болох өөрсдөө зохицуулах гэж их хичээдэг.

Манай дарга нар тайзан дээр гарахаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар попордог. Бодит байдал дээр биднийг байж болох доод түвшинд амьдруулж байгаа нь дарга нарын бодлого, шийдвэр буруу байгаа гэдгийн илрэл юм болов уу?

Ковидын хуулийг сунгасан энэ хугацаандаа халамжийн мөнгөө хасахгүй байж болдоггүй юм уу? Буруу явчихсан халамжийн бодлогоо яаралтай өөрчлөх хэрэгтэй. Олон улсад хүлээсэн Монгол улсын эрх, үүрэг гэж байгаа. Тэр эрх, үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй." гэв.

М.Чойжал