sonin.mn
АН-ын "4-11" мэдээллийн цаг Төрийн ордонд боллоо. Мэдээллийн цагт АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат, АН-ын дэд дарга Д.Ганбаяр, АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Г.Баярсайхан нар оролцсон юм.
 
Хурлын эхэнд С.Эрдэнэ: "Өнөөдөр 3 асуудал дээр мэдээлэл өгч байна. Нэгдүгээрт 12 сарын 20-нд УДШ бүх шүүгчдийн хуралдаан хийж, 38-р тогтоол гаргаж, АН-ын зарим гишүүдээс хүргүүлсэн АН-ын бүртгэл, мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хангахаас татгалзсан.
 
О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхийг мөн хэрэгсэхгүй болгосон тогтоол, шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын зарим гишүүд УДШ-ийн 38-р тогтоолыг буруу, мушгин тайлбарлах, олон нийтэд буруу мэдээлэл өгөх асуудал гаргасан.
 
Хоёрдугаарт УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлаар АН-ын удирдлагын баг хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна. УИХ дахь АН-ын үйл ажиллагааг хэвийн байлгах үүднээс АН-ын үндсэн дүрэмт заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, бүтэцтэй холбоотой ямар нэгэн өөрчлөлт, хөдөлгөөн хийхгүй байх чиглэлийг өгсөн. Гуравдугаарт АН-ын удирдлагын багаас гаргасан чухал шийдвэр бол АН-аас төрийн өндөр албан тушаалд томилогдож ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа гишүүдтэй холбоотой яригддаг үнэн худал нь мэдэгдэхгүй ээдрээтэй асуудлууд дээр АН авлигагүй, шударга ёсны төлөө нам байхын тулд асуудалд орооцолдсон АН-ын нэр бүхий гишүүд, холбогдох хүмүүстэй холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллагаар болон дотоод хяналтын байгууллагаар давхар шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох, эцэслэн шийдвэрлэх ажлыг эхлүүлж байна." гэв.
 
Мэдээллийн цагийн төгсгөлд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат: "Н.Алтанхуяг гишүүнийг, С.Ганбаатар гишүүнийг, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж 7,8 гишүүд өлсгөлөн зарласан. Энэ бол хууль бус шаардлага байсан. Уг асуудалтай холбоотой байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтэд төрийн байгууллагын албан хаагчид хууль, дүрмийн хүрээнд ажлаа хийсэн байна. Тухайлбал АН-ын тамгыг С.Эрдэнэ даргад олгох ёстой бөгөөд, олгосон байна гэж гарсан байна.
 
Ер нь юу болоод байгаа вэ? гэвэл мөнгөтэй, сүлжээтэй хүмүүс АН-ыг авч, өөрийнхөө гэмт хэргийг далдлах гэсэн зүйлийг хийгээд байна. Эрх мэдэлд хүрч байсан оролдлогоо давтан хийх гэсэн үүднээс хүн нь байвал ял нь олдоно гэдэг зарчмаар олон хүнийг хэлмэгдүүлсэн.
 
Энэ асуудал дээр бид ажиллах болно. Мөн хариуцлагатайгаар хэлэхэд улс орныг эмх замбараагүй байдалд оруулахын тулд МАН-ыг тараана гэж Дээд шүүхийн гадаа очдог, хариуцлагагүй хүмүүс байна. Дээд шүүхийг хууль бус шийдвэр гаргуулахын тулд УИХ-ын гишүүд баахан бичиг цаас бариад очдог. Ингэж болохгүй. Дээд шүүхийн шийдвэрийг Дээд шүүх л тайлбарлана. АН-ын бүлгийн даргын хувьд хуулийг дээдэлж ажиллах болно." хэмээсэн юм.
 
 
 
 
М.Чойжал