sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ, Их Британи кибер мэргэжилтнүүдийн багаа Украин руу илгээсэн талаар “New York Times” сонин мэдээлжээ.
“АНУ, Их Британи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дараагийн алхамд Украин улсыг бэлтгэхийн тулд тус улс руу кибер мэргэжилтнүүдээ чимээгүйхэн илгээв. Тус хоёр улсын эрх баригчид В.Путиний дараагийн алхмыг Украины эрчим хүчний сүлжээ, банкны систем болон эдийн засгийн бусад чухал бүрэлдэхүүн хэсгийг чиглэсэн кибер халдлага хэмээн үзэж байна" гэж сонинд бичсэн байна.
АНУ-ын тагнуулын байгууллагын тооцоолсныг эш татан хэвлэлд бичсэнээр, ОХУ ийм байдлаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг "чадваргүй, хамгаалалтгүй" дүрээр харуулахыг оролдож, халдлага үйлдэх шалтаг гаргаж магадгүй юм.
 
Энэхүү тусламж нь хамгаалалтын шинж чанартай гэж Их Британийн Засгийн газрын төлөөлөгч “New York Times” сонинд мэдээлжээ. Харин Америкийн засаг захиргаа тус сонинд мэдээлэхдээ, "Украины кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх хүчин чармайлтыг Америкийн эрх баригчид эртнээс дэмжиж байгаа" гэсэн байна. Хоёр орны Засгийн газар дээрх багийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэж сонинд бичжээ.
Өрнөдийн орнууд ОХУ-ыг дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, кибер халдлага үйлдэж байна гэж удаа дараа буруутгаж байгаа юм. Орос улс үүнийг үгүйсгэж, Өрнөдийн орнууд ямар ч нотлох баримт өгөөгүй гэж мэдэгджээ. Москва мөн кибер аюулгүй байдлын талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг