sonin.mn
ХҮНамын Нарийн Бичгийн Дарга, хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.
 
 
Та УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын хамт Үндсэн Хуулийн Цэцэд улсын төсвийн мөнгөөр үр ашиггүй цемент зуурдаг байдлыг үндсээр нь зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөхтэй холбоотой асуудлаар хандсан. Иргэд Богд Зонховын хөшөө гэгчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа, санал нэг байгаа. Харин та төсвийн мөнгөөр энэ мэтчилэн хэрэгтэй хэрэггүй хөшөө барих шалтгаан нь яагаад сонгуулийн жижиг мажаритор системтэй холбогдож байгаа юм бэ? гэдэгт дэлгэрэнгүй хариулт өгөхгүй юу?
 
УИХ-ын гишүүн Т.Доржханд бид хоёр Монгол Улсын иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл гаргасан. Тодруулбал УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4-р зүйлийн 4,3 дахь хэсэг буюу УИХ-ын сонгуулийн тогтолцоог олон мандаттай, томсгосон тойргоос сонгоно гэдэг байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт, суурь үзэл санаатай зөрчилдөж байна гэдэг үндэслэлээр хандсан. Тухайн үед Богд Зонховагийн хөшөөний асуудал цаг хугацааны үед таарсан учраас зарим хэвлэл мэдээллийн байгууллага төсвийн асуудлаар ҮХЦ-д хандлаа гэж бичсэн байна лээ. Үнэндээтөсвийн биш УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар хандсан юм.
 
Гэхдээ энэ хоёр асуудал хоорондоо холбоотой. Бид 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш явуулсан 8 удаагийн УИХ-ын сонгуулийн 7-г нь олонхийн тогтолцоогоор, түүний 3-г нь олон мандаттай, томсгосон тойргоос УИХ-ын гишүүдийг сонгодог тогтолцоог хэрэглэж байсан. Энэ бүхний үр дүнд өнөөдөр феодалжсан нийгэмтэй, тойргийн улстөрчидтэй, улс орны хөгжлийн нэгдсэн бодлого гэж үгүй болсон. Дэлхийн улс орнуудын хувьд харахад 30 жил гэдэг бага хугацаа биш. Зарим улс хөгжөөд Азийн бар болчихдог хугацаанд бид батгана ч болж чадаагүй явж байна. Энэ эмгэнэлтэй байдал бол зөвхөн манай нам яаж ялах вэ? яаж бид эрх мэдэлд хүрэх вэ? гэсэн буруу сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй юм.
 
Үүний маш тодорхой жишээ нь 2022 оны Улсын нэгдсэн төсвийн тухай хууль батлагдах үед гарч ирж байгаа асуудлууд. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын сонгогдсон Хэнтий аймагт хэд дахин өндөр төсөв ноогддог. Говьсүмбэр, Булган аймагт хусам төдий оногддог гэдэг ч юм уу? Эсвэл эм, эмнэлэг, хүний амь насны асуудал хурцаар яригдаж байгаа цаг үед Богд Зонхова гээд бурханы хөшөө барьж мөргөх тухай яриад, 5,5 тэрбумын өртөгтэй гэж байсан төсөл нь 27 тэрбумаар нэмэгдэж орж ирээд, бүр батлагдчихсан байдаг. Энэ мэтчилэн асуудлууд гарч ирж байгаа нь сонгуулийн тогтолцоо буруу байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл Засгийн газар, Сангийн яам нэн шаардлагатай дэд бүтэц гэдэг юм уу, бусад ач холбогдолтой асуудлыг шийдэхэд зориулаад төсөв боловсруулаад ороод ирэхэд нь УИХ-ын гишүүд нь онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсвөө тойрог руугаа тасдаад аваад явчихдаг. Энэ бол Монгол улсын хөгжлийн гол гацаа. Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн цэцэд хандаад явж байна.
 
Богд Зонховагийн төсөл төсөв нэгэнт батлагдчихсан хойно нийтэд ил болсон учраас хэрэгжүүлж таарах байх. Эсвэл төсвийн тодотгол хийх шаардлага үүснэ. ХҮНам УИХ-д суудалтай намын хувьд ямар арга хэмжээ авах вэ?
 
Богд Зонховын хөшөө, түүний барилга байгууламж, мөн төсөвт өртөг нь маш ихээр нэмэгдсэн явдал нь хууль тогтоомжид нийцэж байна уу? Үндсэн хуульд нийцэж байна уу? гэдэг эргэлзээ төрүүлэхүйц илт шударга бус, зүй бус хэрэг. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих боломжтой байсан хэдий ч харамсалтай нь тавьсангүй. Ингээд Монгол Улсын 2022 оны төсөв албан ёсоор хууль болчихож байгаа юм. Нэгэнт хууль болчихсон учраас үүнийг хэрэгжүүлнэ. Соёлын сайд нь би үүнд мөнгө зарахгүй гэж байгаа ч хуулийг биелүүлэхгүй байх эрхгүй. Гэхдээ эхний ээлжинд юу юугүй улсын төсвөөс хөрөнгө зараад барьчихгүй байх гэдэг хүлээлт нийгэмд үүсчихлээ. Нэгэнт улсын төсвийн хөрөнгөөр энэ төслийг үргэлжлүүлэхгүй гэдэг шийдвэрт эрх баригчид хүрсэн бол төсөвт тодотгол хийх замаар л зогсоох ёстой. Энэ тал дээр ХҮНамын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд улстөрийн болон хууль тогтоогчийнхоо хүрээнд үйл ажиллагаа явуулж таарна.
 
УИХ-ын гишүүн нь Засгийн Газрын гишүүн-сайдаар давхар ажиллахтай холбоотой асуудал бас улс төрийн хүрээнд дахин сөхөгдөж эхэллээ. Та бол хуульч хүн. Парламентын гишүүн нь сайдаар ажиллахтай холбоотой олон улсын нийтлэг жишиг ер нь ямархуу байдаг юм бэ?
 
Энэ асуудлаар бид мөн Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан.
 
 
 
Төрийн эрх мэдлийн хувиарлалтын зарчмын дагуу эрх мэдлийн хоорондын зааг ялгаа тодорхой байх ёстой. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдаж гараад, 4 гишүүнээр хязгаарлагдаад явснаас хойш нэг зүйл маш тодорхой харагдсан нь давхар дээлгүй сайдууд УИХ-тай үйл ажиллагаагаа уялдуулж чаддаггүй, УИХ-ын гишүүд сайд нараа дарамталдаг, эсвэл  сайд нарын улстөрийн нөлөө нь хүрдэггүй гэх мэт асуудлууд гарч ирж байна. УИХ нь өөрийн байгуулсан Засгийн газрыг дэмжих олонхитой байх ёстой.
 
 
 
Тэгэхээр УИХ болон Засгийн газрын уялдаа холбоог хангадаг механизм зайлшгүй шаардлагатай байна. Давхар дээл байх ёсгүй, эсвэл 4-өөр хязгаарладаг шаардлага юунаас үүдэлтэй вэ? гэхээр 76-хан гишүүнтэй, түүний 20 орчим нь нэг байнгын хороонд харьяалагддаг. Хууль тогтоомжтой холбоотой асуудлууд ихэнхдээ байнгын хороод дээр эцэслэж шийдэгдээд, чуулганы нэгдсэн хуралдаан дээр төдийлөн өөрчлөгдөхгүй батлагдаад явдаг. Гэтэл нөгөө 20 гишүүний 10 гаруй нь сайд тул гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлээд байнгын хороон дээр орж ирээд суучихаар Засгийн газарт тавих парламентийн хяналт сулраад цаашилбал бүр алдагдчихаад байгаа юм.
Дэлхийн улс орнуудад Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүний албыг хавсран хашдаг жишээ нилээн байдаг. Гэхдээ тэдгээр улсын парламентын гишүүдийн тоо нь их. Герман улс гэхэд 600 гаруй гишүүнтэй. Түүн дотор 10 гаруй сайд орж ирээд суухад асуудлыг эргүүлэх, парламентын хяналтыг үгүйсгэх, хяналтаас гадуур болох нөхцөл байдал үүсэхгүй шүү дээ.
 
 
Монгол Улс 76 гишүүн дотроо давхар дээл огт байхгүй байсан нь дээр юм байна л гэсэн. Нэг бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Ингэж байж жинхэнэ парламентат ёс, парламентын ардчилал ажиллах юм байна.
 
 
 
Парламентын гишүүдийн тоог гаргадаг улстөрийн онолын нэг нь куб язгуурын онол юм. Улсын хүн амыг куб язгуурт оруулж, парламентын гишүүдийнх нь тоог ойролцоогоор гаргаж ирдэг. Энэ загварыг дэлхийн парламентын ардчилалтай дийлэнх улсууд баримталсан байдаг. Тэдгээр улсуудын парламентын засаглал нь бэхжээд, амжилттай явж байгаа жишээ маш их бий. Тэр аргачлалаар бодоод үзэхээр Монголын УИХ-ын гишүүдийн тоо 140 гаруй байхаар болж байгаа юм. Хамгийн багадаа 120 байж гэмээн УИХ-ын гишүүний үйл ажиллагааны ачаалал зохистой хэмжээнд очно. Улмаар хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, сайн хууль гарна. Нөгөө талдаа давхар дээлээс үүдэлтэй Засгийн газрын үйл ажиллагаа хяналтаас гардаг явдал байхгүй болно. Мөн парламент гадны лобби нөлөөнд автаж буруу шийдвэр гаргах боломж хаагдана. Өнөөдрийн 4 гээд хязгаарлачихсан нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудтай зөрчилдөж байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр кабинетаа бүрдүүлэх бүрэн эрхийг нь олгосон атлаа нөгөө талдаа сонголтыг нь хязгаарлачихаар хоорондоо зөрчилдөөд байна. Мөн 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санааг дордуулсан агуулгатай болчихоод байгаа юм. Энэ утгаараа Үндсэн хуулийн 39,1,2-т нэмэгдэж орсон заалттай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
 
Уг асуудал зөвхөн давхар дээл ч биш, парламентын гишүүдийн тоог нэмэх, үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хөндөх нь байна. Энэ санал бодит болох  магадлал хэр их байгаа бол?
 
Яг үнэн. Та зөв харж байна. Хэрэв Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн суурь үзэл санааг хамгаалаад, Монгол улс парламентын ардчилалтай, түүнийгээ хөгжүүлнэ гэдэг шийдвэрийг гаргачихвал Монголын төр тогтоход, төр төлөвшихөд маш чухал үр дүнтэй. Үндсэн хуулийн цэцэд шинэ дэвшилтэт үзэлтэй, хуульзүйн салбарын тэргүүлэх эрдэмтэд сонгогдсон учраас хүлээлт маш өндөр байгаа. Өмнө нь огцорсон улстөрчид очоод өөрсдийн намаа хамгаалдаг, улстөрийн өнгө аястай шийдвэр гаргадаг байсан шүү дээ. Энэ байдал тодорхой хэмжээнд засагдсан болов уу. Шинэ гишүүд Үндсэн хуулиа хамгаалсан суурь шийдвэр гаргах байх гэж найдаж байгаа. Хэрэв ийм байдлаар шийдвэл Үндсэн хуулиа өөрчлөх нэг шаардлага үүснэ.
 
Хэрэв нэгэнт Үндсэн хуулиа өөрчлөх бол 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр гүйцэд хийж чадаагүй парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлийн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавина. Мөн хүний эрхийн тодорхой нөхцлүүдийг дордуулсан өөрчлөлтүүдийг хийсэн. Тэр болгоноо засах хэрэгтэй. 1992 оны Үндсэн хууль, мөн цэцийн шийдвэртэй холбоотойгоор буруу тийшээ явчихсан шийдвэрүүд ч байгаа. Тэр бүхнийгээ ч засах ёстой. Яг өнөөдөр ковидын үед бид ОХУ-ын зүгээс, БНХАУ-ын зүгээс ямар дарамт авч байгаа билээ. Эдийн засаг хямарчихсан ийм үед хоёр их гүрэн нүүр царайгаа харуулж байна шүү дээ. Газрын зураг дээрээс харахад ШХАБ-ын орнуудаар хүрээлэгдчихсэн, эх газрын оршин тогтнох гэж ядаж байгаа улсын хувьд оршин тогтнох баталгаа нь ардчилсан ёс. Түүн дотроо парламентын ардчилал юм. Олуулаа ярьж шийдвэрээ гаргадаг байх ёстой юм гэдэг байр суурь дээр нийтээрээ бат зогсох хэрэгтэй. Парламентын ардчиллаа эрэг шураг нь гацаагүй, бүрэн ажилладаг механизм болгохын тулд дутуу хийсэн өөрчлөлтүүдээ өөрчилж, Үндсэн хуулиа цагийн механизм шиг алдаа мадаггүй ажилладаг болгох хэрэгтэй. Бидэнд ийм хүлээлт байна. Үндсэн хуулийн цэц, мөн олонхид ийм хүсэл зориг байх ёстой. Үндсэн хуулийн цэц шийдлээ гэхэд олонхид парламентын ардчиллаа бэхжүүлэх өөрчлөлтийг хийе гэдэг улстөрийн хүсэл эрмэлзэл нь байх ёстой. Бид сөрөг хүчний хувьд дуу хоолойгоо гаргах болно.
 
2022 он удахгүй гарах гэж байна, 4 жил яг дундаа орох гэж байна. Эрх баригч МАН-ын өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
Гадаад харилцаан дээр ч, ер нь бүх салбарт дийлэнх олонхиор засаглаж байгаа нам, УИХ, эрх баригчид маш их алдаа гаргаж байна. Ковидизм гэдгээр, өвчнөөр шалтаглаж хүний эрх, эрх чөлөө, эдийн засгаа туйлдуулчихлаа. Эрх баригчид болон тэдний ойр тойрны бизнесүүд л хагартлаа баяжиж байгаа байх. Цайны газар ажиллуулдаг, дэлгүүр ажиллуулдаг, зах дээр юм зардаг хүмүүс утга учиргүй хязгаарлалтуудаас болж хүнд байдалд орчихлоо. Гэсэн хэр нь өвчиндөө нэрвэгдчихлээ. Гадаад бодлогын хувьд үе үеийн Засгийн газар намчдаар дүүрээд, мэргэшсэн албан хаагчдаа шахаад гаргачихдаг. Эрхтэн дархтангуудын найз нөхөд, үр хүүхэд нь эмчилгээ сувилгаа хийлгээд, амралтын газар байгаа мэт дипломат албыг утгагүй болгосон шүү дээ. Үүнээс шалтгаалаад бид гадаад бодлого дээр маш их алдагдал, хоцрогдол амсаж байгаа. Энэ байдал арилахгүй байна. Хоёр хөрштэйгээ мөнхийн хөрш учраас арга ухаан сийлж, эв зүйгээ олж, харилцаагаа хөгжүүлж явах ёстой. Мөн гуравдагч хөршийн бодлого алдагдсан. Бид дандаа хуурдаг, хэлсэндээ байдаггүйгээс болоод гуравдагч хөршүүд маань бидэнд таагүй ханддаг болчихсон. Ийм хэцүү байдалд байна. Гэхдээ эрх мэдэлтнүүд алдаатай, буруу байвч Монголчууд өөрсдөө алдаатай, буруу байж болохгүй. Монголын ард түмэн хувь заяандаа эзэн болж, хэрсүү бодолтой байж энэ бүхний цаана гарах ёстой гэж боддог.
 
АН-ын цөөнгүй лидерүүд ХҮНам АН-ын саналыг хувааж, МАН-ыг ялуулаад байна. АН-д нэгдэх хэрэгтэй гэх мэтээр ярьдаг. ХҮН УИХ-ын 2024 оны сонгуульд аль нэг намтай эвсэж оролцох болов уу?
 
Би ХҮНамыг төлөөлж ярихгүй. Хувь хүнийхээ үзэл бодлыг хэлье. АН-ын зүгээс, ялангуяа “ЖАН” буюу Женкогийн АН-ын зүгээс ХҮНамыг МАН-ын туслах маягаар ажиллаж, АН-ын саналыг хувааж байна гэдэг. Чөлөөт ардчиллын нийгэмд  аливаа нам өөрсдийгөө сонгогчдод таниулаад, дүнгээ тавиулах нь зүй ёсны асуудал. Яг бодит байдал дээр бол "Женко" өөрөө Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болчихлоо. Ингэхээр тэр “ЖАН” гээд байгаа нөхдүүд жинхэнэ МАН-ын охин намын хүмүүс болж таараад байна. Хэрэв ХҮНам МАН-ын охин нам байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат гэж мундаг хүнийг МАН-ын даргын эсрэг өрсөлдөгч болгоод, 20 хувийн санал авах байсан уу? Гэтэл АН яасан билээ? С.Эрдэнийг нэр дэвшүүлээд, нөгөөх нь цагаан сонголттой нийлээд ч манай саналын хаана ч хүрээгүй шүү дээ. АН-ын хагарал, улстөрийн хуйвалдаан, энэ муухай зүйлсээс нь болоод сонгогчдын сонгуульд оролцох нь ,улстөрөөс дайжих үзэгдэл маш хүчтэй болчихлоо.
 
Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулиар нэмэлт санал хураалт буюу 2 удаа санал хураалт явуулаад байхад ирц 50 хүрсэнгүй. Э.Батшугар нийт сонгогчдын 20 гаруй хувиар буюу 80 хувь нь түүнийг эсэргүүцэж байхад УИХ-ын гишүүн болчихлоо. Энэ чинь сонгуулийн тогтолцооны алдаатай, санал гээгддэг байдал нь иргэдийг улстөрөөс дайжуулж, улмаар ардчилал эрсдэлд орж байгаа нөхцөл үүсч байна. МАН-ын зүгээс ч, АН-ын зүгээс ч тэр маш их цохилтуудыг ХҮН авч байна. Дандаа бидэн рүү дайрдаг. Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг биднийг дарж авах гэж өнгөрсөн 7,8 жилийн хугацаанд маш олон цохилт өглөө. Гэхдээ бид нэгэнт том зорилго, зөв үзэл санааны төлөө явж байгаа учраас яаж ч цохиулсан дондогмаа хүүхэлдэй шиг босож ирээд, алхам алхмаар урагшилсаар байгаа. 2024 онд ч энэ суурь зарчим, суурь үзэл санаагаа баримтлаад урагшилсаар байх болно. Тухайн үед сонгуулийн хууль, улстөрийн нөхцөл байдал ямар байх вэ? гэдгээс шалтгаалж ХҮНам улстөрийн шийдвэрээ гаргах байх.
 
 
Эрх мэдэлд хүрэхийн тулд МАН ба бусад гэж тэмцэх нь үр дүнгүй гэдгийг АН-ын жишээнээс харсан шүү дээ. 2004 онд огт өөр үзэл баримтлал, улстөрийн зорилготой намуудыг нийлүүлсэн нь өнөөдрийн АН-ын бутарсан шалтгааны нэг нь. Ийм байж болохгүй. Улстөрийн нам үзэл санаа, зарчим дээр нэгдэх ёстой болохоос өнөөдрийн ашиг хонжоо, эрх мэдэлд хүрэх зорилго дээр нэгдэж болдоггүй юм гэдэг зарчмаа бид баримтлана.
 
 
 
Тийм ч учраас 2020 оны УИХ-ын сонгуулиар зөвхөн социал демократ үзэл санаатай улстөрийн хоёр хүчинтэй эвсэж, монголд анх удаа үзэл санаан дээр тулгуурлаж эвсэл байгуулсан тохиолдол болсон шүү дээ.
 
Ярианыхаа төгсгөлд энэ сэдэвтэй холбоотой миний асуугаагүй, таны хэлье гэж бодож байсан зүйл байвал хэлэхгүй юу?
 
Ярих гэсэн зүйлээ ерөнхийд нь хэлчихлээ. Ер нь Монголчуудын хувьд үнэт зүйлийн асуудал үүсээд байна. Бид өнөөдөр мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болчихож. Ардчилал, эрх чөлөө, хүнлэг ёс, шударга байх, бусдыг энэрч хайрладаг байх, үнэнч байх гэдэг үнэт зүйлүүдээ гээчихээд зөвхөн баян байх гэдэг үнэт зүйлтэй болчихож. Баян байна гээд зөвхөн мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй яваад байсан атлаа улсынх нь эдийн засагнь ердөө 40 их наяд төгрөг. Гэтэл үүнийг нь Хятадын захын компани гаргачихаж чадна. Ийм байж зөвхөн мөнгөний төлөө яваад байвал дээдсээсээ эхлээд хүүхэд хүртлээ хаа нэг газраас хамааралтай болж хувирна. Бид өөр үнэт зүйлтэй байх ёстой. Магадгүй өнөөдрийн эрх барьж байгаа хүмүүсийг худалдаад авчихсан байж болно. Эсвэл санал худалдаж аваад өөрсдийн төлөөний хүмүүсийг гаргачихсан байж болно. Ийм нөхцөлд зөвхөн баяжигтун гэдэг уриатай биш, мөнгөнөөс өөр үнэт зүйлтэй, яаж оршин тогтнох вэ? гэдэг бодол, сэтгэлгээтэй, хэрсүү ухаантай иргэд юу юунаас илүү хэрэгтэй.
 
 
Танд баярлалаа.
 
 
Ярилцсан М.Чойжал