sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар Холбооны улсын интеграцчлалын тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар уг зарлигт Холбооны улсын Төрийн дээд зөвлөлийн цахим хурлын үеэр гарын үсэг зурсан байна. 
 
 
 
Энэхүү зарлигаар есдүгээр сард тохиролцсон Холбооны улс байгуулах талаарх бүх 28 хөтөлбөрийг, мөн 2021-2023 онд Холбооны улс байгуулах тухай гэрээний заалтуудын үндсэн чиглэлийг баталжээ
 
 
 
Интеграцчлалын тухай зарлигт гарын үсэг зурсныг В.Путин томоохон дэвшил гэж нэрлэв.
В.Путин, А.Лукашенко нар есдүгээр сард Москвад уулзахдаа Холбооны улс байгуулах талаарх бүх 28 хөтөлбөрийг тохиролцсон билээ.
Холбооны улсын талаарх хөтөлбөрт хоёр улсын валютын тогтолцоог нэгтгэх, харилцан шууд бус татвар ногдуулах ерөнхий зарчим, тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлаарх нэгдсэн арга барил, терроризмтой тэмцэх, төрийн худалдаг авалт болон төрийн захиалгад харилцан нэвтрэх асуудлыг тусгажээ. Түүнчлэн макро эдийн засгийн бодлогыг нэг болгох, хоёр улсын төлбөрийн системийг нэгтгэж, мөнгөний бодлогыг уялдуулах, газрын тос, байгалийн хийн хамтарсан зах зээлийг бий болгох юм.
Үүнээс гадна, удирдагчид Холбооны улсын Цэргийн номлол болон хоёр улсын Цагаачлалын бодлогын үзэл баримтлалыг баталжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг