sonin.mn
АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо. Уг хэвлэлийн хуралд АН-ын дэд дарга Ц.Оюундарь, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр нар оролцов.
 
Энэ үеэр Ч.Отгочулуу: " 2022 оны улсын төсөв УИХ дээр хэлэлцэгдэж байна. Төсвийн төслөөс харахад хэмнэж болох зардлуудыг хэмнэхгүй байна. Бараг аймаг болгонд хөгжлийн хөтөлбөр, ТЭЗҮ хийнэ гэх мэтээр 40, 50-н тэрбум төгрөг суулгачихаж. Үүнийг хасах шаардлагатай. Мөн УИХ-ын гишүүдэд тойргийн мөнгө гэж 4-8 тэрбум төгрөг хуваарилсан байна. Энэ мөнгөний цаана авилга, хээл хахууль, сонгуулийн мөнгөний сүлжээ л байгаа. Мөн төсвийн тухай хуулин дээр эдийн засгийн тооцооллыг их алдаатай хийсэн байна. Инфляцийг хэт багаар тавьсан байна." гэсэн юм.
 
Харин АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр: "Монголд хүний эрхийн асуудал үнэхээр доогуур болж байна. Үүнд хууль сахиулах байгууллагууд оролцож байгаа нь харамсалтай. Уг нь ардчилсан төрд цагдаагийн байгууллага гэдэг бол иргэнийхээ эрх чөлөө, аюулгүй байдлыг л хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл өнөөдөр улс төрчдийн дарангуйллын хэрэгсэл болох хандлагатай болчихож. Мөн манай намын удирдлагууд Ерөнхий прокурорын орлогчтой уулзсан. Мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх зөрчигдөж байна уу? үгүй юу? хуулийн хүрээнд ажиллаж байна уу? үгүй гэдэгт хяналт шалгалт хийж ажиллах хүсэлт, шаардлагыг тавьсан.
 
 
Ер нь бол Эрүүгийн хуулийн 23.1-д заасан байдлаар шалгагдаж байсан хүмүүсийг өмнө нь хэзээ ч цагдан хорьж байгаагүй юм байна. Д.Монголхүү, Э.Одбаяр нар бараг анхных нь бололтой. Нөгөө талаар зохион байгуулалттай троллуудыгаа бол яадаг ч үгүй. Иргэнтэйгээ цагдааг мөргөлдүүлж байгаа нь эрх баригчдын буруу.
 
 
Мөн хоёр удаа санал хураалт яваад ирц нь нийт сонгогчдынхоо 50 хувьд хүрсэнгүй. Энэ бол үнэхээр ноцтой зүйл.Энэ янзаараа бол УИХ-ын 2024 оны сонгуулийн ирц ч хүрэхгүй юм байна. Гэтэл эндээс нэг ноцтой зүйл ажиглагдаад байгаа юм.
 
 
 
МАН УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 онд баталсан. Ингэхдээ цэвэр мөнгөний л хууль баталчихаж. 200 хүн тутамд чи ухуулагч ав, баахан шадар туслах ав гэдэг. Энэ нь маш их хүмүүсийг цалинжуулж ажиллуулах тогтолцоог л хуульчихаж. 
 
Улмаар иргэд нь мөнгө харж л сонгуульд ордог болсон бөгөөд одоо ирц нь хүрэхээ больчихлоо. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр Монгол улс цаашаа явахгүй. Мөн ирц хүрэхгүй байгаа нь намуудад тавьж буй иргэдийн дүн. Том утгаараа төр хүчгүйдэж байна. Иймээс УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Үнэндээ МАН УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш нийт сонгогчдын 25-30 хувийг л багцалж, тэднийхээ саналаар ялдаг болчихсон." гэв.
 
Х.Цэцэн